Монголын төрд эмэгтэйчүүдийн оролцоо хэрэгтэй байна гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Монголын төрд эмэгтэйчүүдийн оролцоо хэрэгтэй байна гэлээ

Монгол оронд ардчилал шинэчлэл үүсэн буй болж 20 жилийг ардаа үдэж, шинэ үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд сонгож, сонгогдох эрхээ эдлэн сонгуульд оролцдог билээ. Бид төлөөллийн ардчиллын зарчмын дагуу өөрсдийгөө төлөөлүүлж, УИХ болон төр түшилцэх албан тушаалд томилдог. Энэ хугацаанд төрийн өндөр албан тушаал болон хууль тогтоох байгууллага УИХ, гүйцэтгэх засаглал буюу засгийн газар болон аймаг орон нутгийн удирдлага болон өөрөө удирдах байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх буюу 80 орчим хувь нь эрчүүд зонхилж байна гэсэн судалгааг гаргасан байдаг аж. Үүнээс үндэслэн өнөөдөр “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д “Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүү Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн асан Д.Алтай, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Эрдэнэчимэг, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Ш.Батцэцэг, Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Г.Уянга, жендер судлаач Б.Тогтохбаяр, “Их үйлсийн эзэд-эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Н.Мөнхцэцэг нар оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр энэ сарын 5-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар “Жендэрийн тэгш байдлын хангах тухай” хуулийг хэлэлцэх гэж буйтай холбоотой асуудлаар өөр өөрийн байр суурийг илэрхийлж байлаа. Тус сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Гангаа “Нийгмийн аль ч хариуцлагатай салбарт дийлэнх хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэтэл улс төрд оролцох оролцооны хувьд эсрэг үзүүлэлттэй байгааг урт удаан яриагаар хүмүүсийг залхаадаг, эмэгтэй хүндээ эмэгтэйчүүд дургүй байдаг” гэсэн шүүмжлэлийг тавьж байсан бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Манай улсад хууль эрх зүйн орчин, тогтолцоо нь алдагдсан. Улс төр дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлье гэвэл Сонгуулийн тухай хууль, улс төрийн намуудын хуулинд ч анхааралтай хандах хэрэгтэй. Хамгийн гол нь улс төрийн намууд сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжиж улс төр дэх жендерийн тэгш байдлыг хооронд нь уяж өгөх нь чухал. Яагаад эмэгтэйчүүд улс төрд орж ирж чадахгүй байна вэ гэвэл санхүүгийн чадвар, сонгуулиар янз бүрийн худал амалгаа, хор найруулах аргад тэр бүр оролцдоггүйгээс болж байна гэж үзэж болох юм. УИХ-д сонгогдож байсан 18 нэр бүхий эмэгтэй улс төрчид ямар нэг авилгад өртөөгүй байдаг. Сонгогчид эмэгтэйчүүдэд хангалттай санал өгдөг ч будлиантуулах аргаар саналыг гуйвуулдаг” гэлээ. Харин УИХ-ын гишүүн асан Д.Алтай “Дэлхийн маш олон оронд хийсэн судалгаагаар сонгуулийн пропорциональ систем нь эмэгтэйчүүдийг улс төрд оролцох боломжийг илүү олгодог. Намууд аль болох найдвар багатай хэцүү тойргоо эмэгтэйчүүдэд хуваарилдаг. Тиймээс улс төрд орьё л гэж байгаа бол эртнээс тойрогтоо танигдах хэрэгтэй” гэж зөвлөж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр төрд эмэгтэйчүүдийн оролцоо үгүйлэгдэж байгааг онцлоод эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэн, шийдвэр гаргах төвшинд жендерийн асуудлаар зарим хуулийн өөрчлөлтөнд нөлөөлөх, 2012 оны сонгуульд эмэгтэйчүүдээ дэмжин оролцох зэрэг асуудлаар харилцан санал бодол солилцон дахин цуврал уулзалт зохион байгуулахаар зөвлөлдлөө. Уг хэлэлцүүлгийн үеэр “Эмэгтэй хүн аливаа асуудлыг зөөллөж байдаг онцлогтой. Эмэгтэй хүнгүй айл өрх ямар байдаг билээ. Нэг л зэвхий даачихаад гундуу л байдаг шүү дээ. Түүн шиг улс төрд дан эрчүүд байх нь яг л тийм байна. Тийм учраас тодорхой хэмжээний эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй байх шаардлагатай гэж би ойлгодог. Төрд ийм шинэчлэлийг авчрахгүй бол цус ойртсон олигархи, албан тушаалын залгамж халааг арилгах ганц зам нь энэ” гэдгийг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Ш.Батцэцэг онцоллоо.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж