Н.Түвшинбаяр: П.Ганбаяр ахын маань заасан мэх олимпийн аваргад хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр: П.Ганбаяр ахын маань заасан мэх олимпийн аваргад хүргэлээ

Зуны олимпийн XXIX их наадмаас алтан медаль авч ард түмнээ баярлуулсан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяртай уулзаж ярилцлаа. Тэрбээр "Nokia 5300" загварын гар утсаар гангарч, дэлгэцэнд нь алтан медаль авч буй зургаа тавьжээ. Мөн цагаан өнгийн "Ланд круйзер-200" маркийн машин унажээ.

-Олимпийн аварга боллоо. Сэтгэл уужраад сайхан байна уу?

-Тэгэлгүй яахав. Нэг л тайван сайхан боллоо. Гэхдээ уулзалт, баярын мэндчилгээ тасрахгүй, урилгатай газраасаа хоцорчих гээд сандруу л явна. Замын түгжрэлд цаг их алдаж байна. Хаана сийрэгхэн зам байна түүгээр хурдалж байна даа.

-Олимпийн эхний барилдаан сонин байна?

-Сугалаа татахад Японы бөхтэй таарсан байсан. Би чинь сугалаанаас хойш долоо хоногийн дараа барилдсан шүү дээ. Тэр хугацаанд жингээ сайхан тааруулаад, бэлтгэлээ хийхийн зэрэгцээ Японы бөхийн бичлэгийг л үзээд байсан. Хаашаа, яаж хөдөлж байгааг нь сайн харсан шүү. Бусад бөхчүүдээ ч судалсан, ямар мэх хийдэг, яаж барилддаг гээд бүгдийг нь л судалсан.

-Жин хэр хассан бэ?

-Гайгүй шүү. -100 кг-д олон жил барилдсан болохоор ер нь жиндээ орсон гэхэд болно. Гэхдээ ойролцоогоор таван кг  хассан юм.

-Казахстаны бөхтэй хийсэн барилдааны үеэр давхар хамах мэхийг олон хийсэн. Таны дархан мэх үү?

-Ер нь багаасаа хийдэг байсан мэх л дээ. Гэхдээ давхар хамах мэхийг даацтай хийж сургасан хүн бол манай Булган аймгийн харьяат улсын начин П.Ганбаяр ах маань. П.Ганбаяр ах анх 2006 оноос Энхбат бид хоёрыг болон нутгийнхаа залуу бөхчүүдийг удирдан өглөө бүр долоон цагаас бэлтгэл хийлгэдэг байсан. Хоёр жил орчим болсон доо. Энэ хугацаанд хөлд орох мэхийг нэг бүрчлэн зааж өгсөн. Тэгэхээр П.Ганбаяр ахын маань заасан мэх олимпийн аваргад хүргэлээ гэж бодож байна.

-Олимпод явахын өмнө баруун хөлний шөрмөс тасарсан гэж байсан. Сэдрэлгүй наадам дуусгах шиг боллоо?

-Жил гаруйн өмнөөс хөл гэмтсэн л дээ. Тэрнээс хойш олон тэмцээнд орсон. Барилдах бүртээ боогоод өвдгөндөө хамгаалалт хийж барилддаг байлаа. Бэртэл авсан эхний үед бол эзмэглээд төдийлөн амжилттай барилдаж чадаагүй юм. Харин яваандаа хөлдөө бага ачаалал өгч барилдах арга барилыг сонгосон. Энэ олимпоор хөл мэхийг төдийлөн хийхгүй байх тактик боловсруулж үр дүнд хүрлээ. Хамт явсан шигшээ багийн эмч нар хөлөнд сайн боолт хийсэнд бас баяртай байгаа.

-Медалийн тавцангаас буусныхаа дараа өөртөө илүү итгэлтэй болох шиг болсон. Нэг л догь алхаад эхэлсэн?

-Өөр болсон үгүйг мэдэхгүй л байна. Найзууд л яриад байсан, ямар сүрхий алхсан бэ гээд. Эхэндээ бол итгэмгүй байлаа. Ер нь ямар гоё юм бэ л гэж бодогдсон.

-Эхний өдрүүдэд найдлага тавьж байсан бөхчүүд тааруухан барилдаад эхлэхэд танд юу бодогдов?

-Ард түмнийхээ итгэлийг дааж, өндөр хариуцлага өвөрлөж ирсэн тамирчид маань ялагдал хүлээж, олон түмэн зэмлэж байхад их л хүнд байсан. Би ч гэсэн тэр олон хүнээс шалгарч ирчихээд ялагдвал яана даа гэж бодох өдөр байсан л даа. Бөхчүүд маань нэг нэгээрээ ялагдаад ирэхэд миний ачаа улам хүндрэх шиг болсон.

-Та аймгийн арслан цолтой байх аа. Цаашид үндэсний бөхөөрөө барилдах уу?

-Олимпийн аварга гэдэг бол жүдогоор гаргаж байгаа миний хамгийн том амжилт. Гэхдээ амжилт дөнгөж эхэлж байна. Тиймээс хойшид жүдогийн бэлтгэлээ улам эрчимжүүлж, дараагийн тэмцээнүүддээ хичээнэ ээ.

-Медалиа зүүгээд хүмүүстэй мэндчилж байхдаа юу бодож байв?

-Нутаг ус аав, ээж нүдэнд харагдаад, хөдөө хээр төрсөндөө бахархан өөрийн эрхгүй ямар сайхан байнаа гээд л хашгирмаар байсан шүү. Миний Монгол орон, төрийн дуулал ямар сайхан юм бэ гэж бодсон. Мөн манай төрийн далбаа хамгийн өнгөлөг санагдсан даа.

-Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга болсны дараа Түвшинбаяр хэр өөрчлөгдсөн бол?

-Хувь хүнд өөрчлөлт байхгүй ээ. Найдангийн Түвшинбаяр хэвээрээ л байна. Ер нь хариуцлага өндөр болсон. Бараг барилдахаас хэцүү юм биш үү. (инээв) Энэ олон элгэн садан, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж явна гэдэг ерөөсөө л хувь хүний хариуцлага.

-Олимпоос ирээд тухтай амарч чадав уу?

-Нутагтаа очиж, төрсөн гэртээ хэд ч гэсэн хоносон. Манай нутгийнхан эртнээс шүтэж ирсэн Сайхан уул гэж сайхан уул байдаг. Тэр уулан дээрээ гарч тайван гэгч нь гүнзгий амьсгаа авлаа. Хадлан авах цаг болсон учраас намрынхаа ээлжит ажлаа хийлээ. Ах, дүү нартайгаа нийлж хадлангаа  авчихаад ирсэн. Тэр л амралт болсон доо.

-Олимпийн аваргын хүүхэд насны дурсамж их үү?

-Долоон настайгаасаа эхэлж хурдан морь унаж байлаа. Том биетэй учраас удаан унаагүй л дээ. Ер нь манай үеийнхэн их хөдөлгөөнтэй, олон багш сольсон сахилгагүй хүүхдүүд байсан. Гуравдугаар ангиасаа эхлээд дугуй их унасан. Манай гэрээс сумын сургууль ортол 30 гаруй км зайтай байлаа. Тав дахь өдөр хичээлээ тараад л гэр рүүгээ давхина. Бүтэн сайнд буцаад л сургуульдаа явна. Тэр маань жүдогоор хичээллэхэд бага ч болов нэмэр болсон байх гэж бодогддог юм.

-Булганы төвд хэзээ ирсэн юм бэ?

-Наймдугаар ангиасаа аймгийн төвд ирж, сургуульд орсон юм. Тухайн үед анхны багш Ш.Эрдэнэ-Очир шавиа болгож авсан. Дунд сургууль төгссөний дараа "Авзага трейд" компанийн захирал Мэндбаяр ах хотод дагуулж ирээд "Аварга" биеийн тамирын дээд сургуулийн захирал, дархан аварга Б.Бат-Эрдэнэд мөнгөн аягатай сүү, хадагтай барьж шавь оруулж байлаа. "Аварга"-д орсны дараа дотуур байр, хоолыг гурван жил гаруй хугацаанд дааж, жүдогийн бэлтгэлийг эрчимтэй хийж эхэлсэн дээ. Үүний дараагаас Х.Болдбаатар багш бэлтгэл хийлгэсэн. Мөн Ч.Насантогтох багш маань намайг дэмжиж 2006 оноос үндэсний шигшээ багтаа авсан юм.

-Жүдодоо үнэнч байхад юу нөлөөлөв?

-"Хамтын хүч амжилт" гэж манай холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн сайхан үг байдаг. Энэ зүгээр нэг үг биш, бодитой биелэх, утга учиртай үг юм байна гэдгийг л ойлголоо. Тэгээд ч ийм сайхан спорт, ийм сайхан хамт олноос салж чадахгүй шүү дээ. Бас амжилт гаргах хүсэл эрмэлзлийг төрүүлдэг хүн бол манай холбооны ерөнхийлөгч Х.Баттулга захирал шүү дээ. УИХ-ын гишүүн, холбооны ерөнхийлөгч, тийм том хүн. Тэгтэл бидэнтэй хамт бэлтгэл хийж хөлсөө гаргаад, чихээ хугалаад л явдаг. Барилдааны дараа тамирчиндаа массаж хийж өгөөд, үнэхээр сэтгэлтэй болохоор амжилт гаргахгүй бол болохгүй гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм.

-Та нэгэнтээ том тэмцээнд түрүүлж үзсэнгүй гэж ярьж байсан. Гэтэл олимпод түрүүлэх байжээ?

-Би олон улсын тэмцээнээс дандаа л мөнгө, хүрэл медаль  авсан юм. Нэг ч алт авч үзээгүй. Ихэнхдээ хүрэл медаль дээр бууна. Зарим тохиолдолд хэсгийн аваргын барилдаанд хожигдоно. Тэгээд том тэмцээнээс алтан медаль авах юмсан гэж их боддог байлаа. Одоо бодоход олимпийн алтан медаль л анх атгаж үзэх байж дээ.

-Ард түмний хайртай хүү боллоо. Цаашид барилдахаас гадна юу хийе гэж бодож байна?

-Ямартай ч сайхан төвхнөж байгаад зөв сайхан, цагаан амьдралаар амьдарна. Зөв юм хийж, зөв байхад бүх зүйл болно. Мэдээж бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийнэ. Мөн жүдогоор хичээллэх хүсэлтэй хүүхэд багачууд олон байгаа. Тэдэнд үлгэр дуурайлал болж, жүдо гэдэг спорт ямар сайн хүмүүжил олгодог, зөв ухагдахуунтай, зөв замаар явуулдаг спорт гэдгийг харуулж, таниулахын тулд хичээх болно.

-Гэр хаана байгаа вэ?

-Намайг буусны маргааш манай нутгийн зөвлөлийн дарга Э.Мөнх-Очир ах гэртээ оч гээд шинэ байранд оруулсан.

-Таны хүлэглэсэн машин шагналынх уу?

-Манай Х.Баттулга захирал олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцвол би төр засгийн шагналтай адил хэмжээний шагнал өгнө гэж бөхчүүддээ амлаж байсан. Тэр амлалтынхаа дагуу олимпоос ирсний маргааш 120 сая төгрөгийн 70 хувь 84 сая төгрөг өгсөн л дөө. Анхны маань шагнал байсан учраас жүдог бэлгэдэж цагаан өнгийн "Ланд круйзер-200" маркийн машин авлаа.

-Найр хэзээ болох вэ?

-Намрын нэг сайн өдөр л төлөвлөсөн байх. Би сайн мэдэхгүй л байна. Ямартай ч нутагтаа очиж нутаг усныхаа ард түмнийг баярлуулна. Дараа нь эндэх ажлаа амжуулчихаад хөлний хагалгаандаа явна даа.

-Бэлтгэл сургуулилтаа хаана хийх вэ?

-Хаана бэлтгэл хийж байгаад олимпийн аварга болсон тэндээ л хийнэ. Өмнө нь яаж хийдэг байсан яг л тэр хэвэндээ бэлтгэл сургуулилтаа хийнэ. Ямартай ч монгол ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээнэ.

-Одоо хэн хэнтэйгээ амьдарч байна?

-Би чинь эхээс долуулаа шүү дээ. Дээрээ дөрвөн ах, хоёр эгчтэй. Айлын отгон хүү. Ихэр эгч, ихэр ахтай. Хотод нэг эгч, найз бүсгүйтэйгээ амьдарч байна.

Батбаярын Бадмаа /2008.09.03/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж