Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэгийн их хурал энэ сарын 27-нд Япон Монголын төвд боллоо. 1980 оноос эхлэн Японы их, дээд сургуульд суралцахаар жилд хоёр оюутан явж байсан бол, өнөөгийн байдлаар Японд их, дээд сургууль, коллеж төгссөн, JDC-ийн шугамаар хоёр жилийн сургалтанд суралцсан, магистр, докторын зэрэг хамгаалсан, аспирантурт суралцсан 700 гаруй хүмүүс Монгол орондоо ажиллаж, амьдарч байгаа аж. Одоогийн байдлаар жил бүр Японы Засгийн газар, Боловсролын яамны шугамаар 90 гаруй, хувийн их дээд сургуулиудад 50 орчим гээд нийт 140 гаруй монгол залуучууд Японд сургуульд суралцаж байгаа юм байна. Тус нийгэмлэгийнхэн хоёр орны харилцааг эдийн засагжуулах, улмаар Монгол улсаа хөгжлийн шинэ шатанд гаргахад хувь нэмрээ оруулах, Японы болон бусад орны хөгжлийн туршлага, сайн ажил хэрэг болгоныг үндэсний онцлогтоо харгалзан нутагшуулах, нэвтрүүлэхэд анхаарч хамтран ажиллахаар болсон байна. Их хурлаараа УЗ-өө өргөтгөж 11 хүн байсныг 15 болгон, нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг дахин сонгосон байна.
Д.Долгор