
2010 оны эхний гурван улирлын байдлаас харахад аж үйлдвэр, үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүний цэвэр татварын хэмжээ ДНБ-ий өсөлтөд эерэгээр нөлөөлж байгаа бол ХАА-н салбар сөргөөр нөлөөлж байна. Хэрэв ХАА-н салбар өсөлттэй байсан бол эдийн засгийн өсөлт 2010 онд 10-аас дээш хувьд хүрч өсөх боломжтой байлаа. Өвөлжилт, цаг агаарын хүндрэлээс болж ХАА-н салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 2010 оны эхний гурван улирлын байдлаар 26.5 хувиар буурсан байна. “Атрын гурав дахь аян” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 2010 онд нийтдээ 312.2 мянган га-д тариалалт хийснээс арваннэгдүгээр сарын 1-ний урьдчилсан гүйцэтгэлээр 346.1 мянган тонн үр тариа, 155.6 мянган тонн төмс, 77 мянган тонн хүнсний ногоо, 33.1 мянган тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.
Аж үйлдвэрийн салбар 2010 оны гуравдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 12.3 хувиар өссөн байна. 2010 оны эхний есөн сарын байдлаас харахад нүүрс олборлолт 88.3 хувь, газрын тос 41.1 хувь, төмрийн хүдэр 2.3 дахин өссөн нь уул уурхайн салбарыг 12.8 хувиар нэмэгдүүлж байна. Нарийн сухайт, Овоот толгой, Ухаа худаг, Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолтын хүчин чадал нэмэгдэж нүүрсний олборлолт өсч байна. Мөн Төмөртэй, Баянгол, Таяннуур зэрэг төмрийн хүдрийн уурхайнуудын олборлолт нэмэгдсэн байна.