Төсвийн тэнцэл ашигтай гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Төсвийн тэнцэл ашигтай гарчээ

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос энэ оны эдийн засгийн байдлын дүн шинжилгээ хийж танилцуулсан юм. Уг танилцуулгад нэгдсэн төсвийн байдлыг дараах байдлаар дүгнэсэн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2010 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 2348.3 тэрбум төгрөгт хүрч, 2009 оны мөн үеийнхээс 54.5 хувиар буюу 828.7 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 2301.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 24 хувиар өсч  төсвийн нийт тэнцэл 47.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.  Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ харьцангуй өсөлттэй байсан нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогыг нэмэгдүүлсэн, татварын ерөнхий газраас аж ахуйн нэгжүүдийн татварын өр барагдуулах ажлыг эрчимтэй зохион байгуулсан, татвартай барааны импорт өмнөх оныхоос өссөн, АНУ-ын санхүү, эдийн засгийн хямралтай байгаа орнуудад үзүүлж буй тусламжийн хүрээнд манай улсад 14.5 тэрбум төгрөгийн мөнгөн тусламжийг нийгмийн халамжийн санхүүжилтэд зориулан олгосон зэрэг арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давж биелэлээ.

ОУВС-тай өмнө нь байгуулсан “Стэнд бай” буюу тотворжуулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн  хангахад гол анхаарлаа хандуулж ажилласан бөгөөд уг хөтөлбөр 2010 оны 10 дугаар сарын 1 гэхэд  амжилттай хэрэгжиж төлөвлөсөн хугацаандаа дуусав. ОУВС-гийн зүгээс “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын Улсын Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласныг өндрөөр үнэлж Ази тивээс “Стэнд бай” хөтөлбөрийг хугацаанд нь анх удаа Монгол Улс хэрэгжүүллээ гэсэн өндөр үнэлгээ өгснийг Үндэсний шинэтгэлийн хорооноос онцолж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж