“Шилдэг ireporter” тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

“Шилдэг ireporter” тодорлоо

Уншигч, хэрэглэгч та бүхэнтэй хоёр сарын өмнө танилцсан www.ireport.mn сайт өнөөдөр “Шилдэг ireporter” уралдааны хоёр дахь ялагчаа тодрууллаа.

Аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хугацааг хамарсан “Шилдэг ireporter” уралдааныг шилдэг гэрэл зураг, фото мэдээллээр тодруулахаа бид зарласан байгаа. Өнөөдөр энэхүү уралдааны дүн гарч, “Францаас хулгайлагдаж ирсэн Д.Энхбатын дүү Д.Баярт хүчээр шингэн ”хор” уулгажээ” гэсэн мэдээллийг бэлтгэсэн  ireporter Getelgegch түрүүлж, нэг сая төгрөгийн шагналаа гардлаа. Ireporter Getelgegch нэрээр манай сайтад бүртгүүлсэн хүн маань “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Долзодмаа байсан юм.

Өөрт байгаа мэдээллээ дэлхийн өнцөг булан бүрт суугаа www.news.mn сайтын олон мянган уншигч, хэрэглэгчдэд түгээх боломж өгч, хувь хүн бүрт мэдээлэгч, бичигч байх эрхийг нээлтэй олгож байгаа нь  www.ireport.mn сайтын давуу тал төдийгүй Монголын хэвлэл, мэдээллийн зах зээлд нэвтрүүлсэн цоо шинэ хэлбэр юм.

Хүн бүр мэдээлэгч байх боломжийг дэмжин өдөр бүр ireport.mn сайтад цаг зав гарган зочилж байсан нийт гишүүддээ дахин талархал илэрхийлэхийг хүсч байна. Өнөөдрийн байдлаар www.ireport.mn сайтад 450 гаруй гишүүн бүртгүүлж, хэвлэл мэдээллийн салбарт шинэ урсгал нэмж байгаа бидний ам бүл өнөр олуулаа болжээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд ireporter-ууд маань мэдээний чанар, агуулга, шуурхай байдал зэрэгт өмнөхөөс илүүтэй анхаарлаа хандуулсныг онцлохыг хүсч байна.

МАХН-ын Их хурлын зургийг гар утаснаасаа шуурхай дамжуулсан хэрэглэгч та бүхний дунд байлаа. Энэ сарын уралдааны ялагч болсон “Францаас хулгайлагдаж ирсэн Д.Энхбатын дүү Д.Баярт хүчээр шингэн ”хор” уулгажээ” гэсэн мэдээлэл бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслээс хамгийн түрүүнд www.ireport.mn сайтад нийтлэгдсэн. Арваннэгдүгээр сарын 5-нд www.ireport.mn  сайтад оруулсан уг мэдээллийг өчигдрийг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 2.806.851 хүн уншсан нь ireport.mn хэр олон уншигчтай болсныг илтгэх нэг үзүүлэлт юм. Өнгөрсөн баасан гаригийн орой www.ireport.mn сайтад оруулсан “Замын хөдөлгөөнд оролцож байсан машин шатжээ” гэсэн мэдээллийг ажлаар хотод ирээд байсан орон нутгийн хэрэглэгч маань оруулжээ. Эндээс харахад IREPORT бол мэдээллийн хил хязгааргүй орчин юм.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд www.ireport.mn сайтад шилдэг мэдээ, мэдээлэл ирүүлж байсан Ireporter odko, Bayar, A-tuul, Skynet, mongolkhuu нартаа улам их амжилт хүсээд, өдөр бүр шинэ, сонирхолтой мэдээллээ илгээхийг хүсье.

Аравдугаар сарын уралдааны ялагч ireporter Ganaa энэ сард “Лю Сяобо Монголд амьдарч байсан уу?”, “Дарга нарын их хурал” зэрэг сонирхолтой сэдвээр нийтлэл бичсэн бол манай шилдэг ireporter-уудын нэг Babо “Монголчуудыг мөхөөх Монгол төрийн” бодлого”, “Монголд тавтай морил” зэрэг сэдвийг хөндсөн нь уншигчдын сонирхлыг татсаныг энд мөн онцолж байна. Спортын мэдээллийн шилдэг бичигчдийн нэг, ireporter t67 сайтын 400 гаруй гишүүний нэг болсонд бид баяртай байгаа.

“Шилдэг Ireporter” уралдааны гурав дахь шалгаруулалт өнөөдрөөс эхэлж байна. Гурав дахь шалгаруулалт видеогоор дагнана гэдгийг сануулъя. Та бүхэнд амжилт хүсье.

NEWS агентлаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж