«Төмсний 75 хувийг ус эзэлдэг бөгөөд энэ нь байгалийн асар их нөөцийн нэг. Тиймээс төмсний усыг ундны ус болгон хэрэглэх боломжтой. Бид төмсийг нимгэн хэрчин шарсан бүтээгдэхүүн болгох үед ус шүүрэн агаарт ууршдаг. Харин усыг ууршуулахын оронд хэрэглээндээ ашиглах нь зүйтэй гэж үзэн үйлдвэрлэлийн дотоод хэрэглээндээ ашиглах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна» гэж «ПепсиКо» компанийн Европ дахь тогтвортой чадварыг дэмжих газрын дарга Мартин Сил мэдэгджээ. Шинэ технологийн үр дүнд ууршиж буй усыг цуглуулан цагт 3000 литр ус гарган авна гэдэгт итгэлтэй байгаагаа тус компанийн удирдлага мэдэгдсэн байна.
«Төмсийг хуурч, шарах явцад агаарт дэгдсэн уур байдалтай ус аль хэдийн цэвэршсэн байдаг ч үүнийг дахин ашиглахын тулд нэмэлт ариутгалд оруулна» гэж Мартин Сил хэлжээ. Төмсний усыг гарган авснаар Британи дахь шарсан төмс үйлдвэрлэгч дөрвөн үйлдвэр усны гол хэрэглээгээ өөрсдөө бий болгох боломжтой болно. «Одоогоор бид их хэмжээний ус гарган авч чадаагүй ч үүнийгээ үйлдвэрийн зарим ажилд ашиглаж байгаа. Гэхдээ ойрын ирээдүйд бидний төсөл амжилттай болно. Тиймээс үйлдвэр төдийгүй орон нутгийн усны хэрэглээг ч хангах бололцоотой» гэж Мартин Сил хэлжээ.
«ПепсиКо» компани шинэ санаа бүхий хэд хэдэн ажил эхлүүлсэн бөгөөд түүнчлэн шарсан төмсний байгаль орчинд ээлтэй уут хийнэ гэдгээ мөн мэдэгджээ.