
Шинэ Зеландын нүүрсний уурхайд осол гарч, 29 хүн сураггүй алга болоод байгаа юм. Тэднийг аврах ажиллагааг эхлүүлэх гэсэн ч даваа гаригт газар доорх уурхай дахь хорт хийнээс болж саатсан байна. Баасан гаригт уурхайд дэлбэрэлт болсноос хойш уурхайчдаас ямар ч холбоо байхгүй байгаа юм. Тэд 17-62 настай иргэд байгаа аж. Уурхайчид газар доор аюулгүй газар олсон эсэх, дэлбэрэлт зөвхөн уурхайн зарим хэсгийг хамарсан үгүйг мэдэхгүй байгаа ч тэднийг амьд байгаа гэж найдаж байгаа гэнэ. Уурхайн доторх байдлыг мэдэхээр аврах багийнхан тусгай робот оруулах гэж төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ робот ямар нэг оч гаргах юм бол хий шатаж, дахин дэлбэрэлт үүсч болзошгүй байгаа тул энэ асуудалд маш болгоомжтой хандаж байгаа юм байна.
Даваа гаригт Шинэ Зеландын цагдаа нар уурхайчдын нэрсийг олон нийтэд зарласан байна. Тэдний ихэнхи нь Шинэ Зеландын иргэд бол Австрали, Шотланд болон Өмнөд Африкийн иргэд ч байгаа аж.
Уурхайд уух ус байгаа ч хүнсний хувьд томоохон асуудал гарч болзошгүй байгаа гэнэ.
Э.Очирт