
Төв аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд “Шилдэг илтгэл шалгаруулах” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал нь “Хүүхдийн хөгжил, төлөвшилд багш, сургалтын байгууллагын үүргийг дээшлүүлэх арга зам” сэдвийн хүрээнд явагдаж, 16 сумын ерөнхий боловсролын сургуулийн 18 багш, цэцэрлэгийн хоёр багш оролцсоноос Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн дэд захирал Г.Чогдонхорлоогийн илтгэл тэргүүн байр эзлэн 11.29-12.02-ны өдрүүдэд зохион байгуулагдах Улсын уралдаанд оролцохоор шалгарч, Зуунмод сумын IV сургуулийн монгол хэлний багш Д.Хунтогос, Эрдэнэсант сумын бага ангийн багш Л.Цэнд нарын илтгэлүүд удаахь байруудыг эзэллээ. Уралдаанд оролцсон багш нарын хамрах хүрээ, илтгэх чадвар, судалгааны мэдээлэл боловсруулалт, туршилт болон судалгааны үр дүнг тооцсон байдал зэрэг нь өмнөх жилүүдээс сайжирч, багш нар судалгаа шинжилгээний арга зүйд бүтээлчээр суралцаж байгааг харуулж байлаа.