Би Ардын намын залуусын итгэл үнэмшилд итгэдэггүй

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Би Ардын намын залуусын итгэл үнэмшилд итгэдэггүй

Б.Болор: Би Ардын намын залуусын итгэл үнэмжилд итгэдэггүй


Гадаад харилцааны дэд сайд, Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Болорыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Болор сайд аа, ярилц­лагынхаа сэдвийг Ардчилсан намын залуучууд хаа байна гэдэг сэдэв дээр тогтож хиймээр байна. Учир нь та Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч шүү дээ. Гэтэл таны тэргүүлж буй холбооны залуусыг идэвх, санаачилгагүй, намаа хамгаалах, намаа хөгжүүлэх чадваргүй гэсэн яриа улс төрийн тавцанд нэг гол сэдэв болчихсон байна. Харамсалтай биш үү?

-Манай залуучууд өөрсдийн итгэл үнэмшлээр нэгдэж энэ холбооны гишүүнээр элсдэг. Би Ардчилсан залуучуудын холбоог тэргүүлээд дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд бид тодорхой хэмжээний акц зохион байгуулсан. Гол анхаарлаа орон нутаг руу хандуулж байгаа. Намын залуусыг унтаа байна, идэвхгүй байна гэж дүгнэхээсээ өмнө манай онцлогийг бас харах хэрэгтэй болов уу.

-Ямар онцлогийг вэ?

-Манай залуус Ардын намын залуусыг бодоход олон түмнийг хуйлруулах гэж гүйдэггүй. Тийм хэтэрхий лоозонгийн шинжтэй ажлыг манайхан хийдэггүй.

Нэг их сүртэй том лоозон тавиад  онол практикийн хурал хийж байна гэдэггүй. Тэр үеэр гишүүд нь суудал дээрээ унтчихсан сууж байдаг. Бид ийм юм хийхгүй. Бидний үзэл бодол, итгэл үнэмшил өөр. Ардын намынхан халамжийн чанартай бод­лого дэвшүүлж, залуусыг бэ­лэнч­лэх сэтгэлгээнд сургахад бүх аж­лаа чиглүүлдэг.  Тэгвэл Ардчилсан нам залуусыг хөдөлмөрлөхөд, өөрөө өөрийнхөө төлөө шударгаар тэмцэхийг уриалдаг. Тийм ч учраас залуус маань завгүй байна. Тэдэнд лоозон дэвшүүлж, шоудаад явах зав байхгүй. Нийгэм өөрчлөгдөөд байхад залуус ч гэсэн өөрчлөгдөх ёстой. Өнөөдөр бод л доо манай намын залуучуудын холбооны чуулга уулзалт, Ардын намын НАМЗХ-ны чуулга уулзалтын төсөвт ямар их ялгаа байна. Тэр бүхнийг харьцуулаад бодоод үзээрэй. Өөр дүн гарна шүү.

-Яг бодит өртгийн ялгааг та одоо шууд хэлж чадах уу?

-Газар тэнгэр шиг л ялгаа гарна даа. Манай чуулган бол ерөөсөө л есөн сая төгрөгт л болсон. Нэг өдөртөө л багтааж хийсэн. Гэхдээ их бүтээлч болсон. Тэгэхэд тэднийх гурван өдөр болсон. Бүх гишүүнээ “Сүнжин гранд” зочид буудалд байрлуулсан. Баярын концерт хийж, орой нь тусгай шоу хийсэн. Тэгээд бодоод үз л дээ. Ямар ч байсан зардал нь манайх шиг есөн сая төгрөг биш л байх.

-Таны хэлээд байгаа тэр бүтээлч гэдэг үр дүн нь юу байсан юм бэ?

-Өнөөдрийн хувьд бид ирэх сард болох Ардчилсан залуучуудын холбооны 10 жилийн ойд бэлтгэж байна. Гэхдээ шоу, концерт, хурал энэ тэр хийхгүй. Гол нь мастер төлөвлөгөөгөө батална. Одоо саналаа нэгтгээд ерөнхийдөө дуусч байна. Бид асуудлыг бодитоор тавина. Өнөөдөр гэхэд манай холбооны гурван дэд ерөнхийлөгч оюутны байраар явж, тэдний амьдралтай танилцсан. Тэнд ямар бэрхшээл байна гэдгийг газар дээр нь олж хараад бид төрд илэрхийлэх гүүр нь болох гээд ажиллаж байна. Түүнээс бус бид тэдний асуудлыг шийдэж чадахгүй. Харин шийдүүлэхийн төлөө уламжилж, намынхаа мөрийн хөтөлбөрт оруулахын төлөө ажиллана. Бид үүнийг л амлана.

-Уучлаарай, Ардчилсан намын залуус яагаад ардчилал гэдэг намынхаа тэр үндсэн үнэт зүйл, итгэл үнэмшлийг хамгаалахгүй байна вэ гэдэг нь өөрөө асуудал болоод байгаа юм биш үү. Ардын намын залуусын тухайд “Би Ардын намын гишүүн” гэсэн тэр итгэл үнэмшлээ хэнээс ч эмээхгүй илэрхийлж, хэн ч юу ч гэж хэлж байсан түүнийхээ төлөө дуугарч, тэмцэж чаддаг нь олонд бас их хүрээд байх шиг анзаарагддаг?

-Итгэл үнэмшлийн тал дээр би ёстой бардам хэлнэ. Манай залуучууд тэднээс хамаагүй илүү итгэл үнэмшлээрээ нэгдэж чаддаг. Би ёстой харин ч нэг бардам хэлнэ шүү. Ардын намын залуусын хувьд үнэндээ итгэл үнэмшил гэхээс илүү албан тушаалын төлөө, эрх мэдлийн төлөө тэр намд орсон залуус. Би тэдний итгэл үнэмшилд итгэдэггүй. Залуучууд нь олны өмнө гараад ярихдаа ч тэр итгэл үнэмшлээ бодитоор нь хамгаалж чаддаггүй. Зүгээр л хүчээр аваачсан юм шиг л харагддаг. Энэ бол миний хувийн бодол шүү. Манай залуус бол илүү оюунлаг, итгэл үнэмшилтэй санагддаг. Ерөнхий нэг ялгаа нь өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч харагдаж байсан. Ардын намын залуус тэр үед “Number one”, “Эх оронч залуус” гэж хоёр хөдөлгөөн гаргаж, тэд нь орой болгон зурагтаар гараад л. Бөөн юм болсон биз дээ. Тэр үед үзэгчид сүүлдээ дургүй нь хүрч л байгаа байхгүй юу. Тэгэхэд манай залуус чимээгүй хийх ёстой ажлаа л хийсэн. Маш сайн ажилласан. Үр дүнг нь хар л даа. Бид ялсан биз дээ.

-Та Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн хувьд залуусыг улс төрд орооч, манай намд элсээч гэсэн урилга өгч байна уу?

-Дэмжинэ гэдэг бол итгэл үнэмшлээрээ нэгдэж, түүгээрээ бие биенээ дэмжээд ажиллахыг хэлэх болов уу. Түүнээс бус дэмжиж байна гээд л санхүүгээр ивээн тэтгэж, албан тушаалд дэвшүүлэхийг хэлэхгүй л дээ. Манай нам хэдийгээр засаг барьсан туршлага бага ч гэсэн боловсон хүчний тал дээр Ардын намаас дутахааргүй болж чадсан. Илүү гарч ч мэдэх л байх. Залуус маань өөрсдийн хүчээр тодорхой амжилтад хүрснийхээ дараа намд элссэн байдаг. Ардын намынхан шиг өв залгамжилсан хөрөнгөтнүүд их ховор шүү.

-Сая Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын өмнө танай намын залуус “унталт” арга хэмжээ зохион байгуулж, Ээлжит бус их хурлыг хуралдуулахын төлөө хөдөлгөөн байгуулсан. Энэ гэнэтийн дайралтыг та хэр оновчтой гэж үзсэн бэ. Та тэдний акцыг дэмжиж байсан уу?

-Тэднийг зөв, буруу гэхээс илүүтэй залуус дуу хоолойгоо өргөсөн нь муу зүйл биш шүү дээ. “Унталт” арга хэмжээнд манай холбооны Удирдах зөвлөлийн гишүүн явж байгаа харагдсан. Ээлжит бус их хурлыг хуралдуулах хөдөлгөөний санаачилгаар Үндэс­ний зөвлөлдөх хорооны хурлын үеэр санал хураалт явуулж, өнөөдөртөө хэрэггүй гэдэг дээр олонх нь санал нэгдсэн.

-Тэгвэл хувь хүнийхээ хувьд Ардчилсан намыг унтаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Яг унтаж байна гэж хэлэхэд хэцүү л дээ. Миний бодлоор шууд унтаж байна гэж харахгүй байна. Гэхдээ залууст унтаж байгаа харагдаж байна гэдэг чинь өөрөө үүнд анхаарал хандуулж, бас тодорхой дүгнэлт хийх хэрэг байна гэдгийг бас илэрхийлж өгсөн. Иймд тэдний саналыг үл ойшоох хэрэггүй болов уу.

-Өчигдөр намын тань гишүүнээс яриа авахад “Залуус өнөөдөр улс төрийн төлөө бус хувийнхаа амьдралын төлөө зүтгэх хэрэгтэй” гэсэн үг хэлж байсан. Та залуус руу тань хандсан тиймэрхүү шүүмжлэл эрчимжвэл холбооныхоо гишүүдийг хамгаалах уу?

-Хаана ч гэсэн залуучууд улс төрийн идэвхтэй л байдаг. Энэ дэлхийн бүхий л улс орны жишиг. Аль ч улсын улс төрийн байгууллага дэргэдээ залуучуудын холбоотой л байдаг. Би залуус улс төрд хэрэггүй гэж хэлэхгүй. Залуус нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг. Монгол Улсын нийт сонгогчдын 70 орчим хувь нь 35-аас доош насны залуус байх судалгаа харагдаж байна. Ийм байхад залуус улс төрийн идэвхгүй байвал нийгэм урагшлахад бас хэцүү. Тэрийг бодох ёстой л доо. Ер нь тэгээд залуусыг амьдралгүй, ажилгүй, боловсролгүй гэж хэлэх ямар баталгаа байгаа юм бэ. Манай намын залуус лав тийм биш шүү.

-Таныг холбооныхоо Удирдах зөвлөлд өөрийнхөө хүсэлтээр хоёр, гурван бөх оруулсан гэж нэг гишүүн тань нэлээд их бухимдаад байсан?

-Би яагаад тэгж хэлж байгааг нь ойлгохгүй байна. Бөх гэдэг чинь хүн биз дээ. Манай холбооны Удирдах зөвлөлд хоёр бөх л байгаа. Манайхан л бөх гэхээр нэг сонин хандаад байдаг болохоос бус тэднээс чинь харин ч хэрэгтэй үед их зөв, тулхтай үг гардаг юм шүү. Манай хоёроос лав тэгдэг.

-Хэн, хэн юм бэ?

-Улсын харцага Л. Пүрэвжав, улсын харцага М. Батжаргал хоёр л бий шүү дээ. Тэд улстөржинө гэхээс илүүтэй Ардчилсан намыг дэмждэг гэдэг утгаараа л манайд элссэн. Хоёулаа л боловсролтой. Манай Пүрэвжав хоёр ч дээд сургууль төгссөн. Батжаргал маань нэг дээд сургууль төгсөөд, дараа нь Цагдаагийн академид суралцсан. Хууль талаасаа бас их сайн шүү. Тэднийг бас тэгж хэлж болохгүй шүү дээ. Би лав залуучуудыг хуйлруулах гэж тэднийг элсүүлээгүй. Өөрсдөө л элсэнэ гэж элссэн. Бөх гэдэг чинь хүн шүү дээ. Өнөөдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга гэхэд л сайн л ажиллаж байгаа биз дээ. Би өнөөдөр Ардчилсан намын үзэл баримтлалыг дэмжиж байна, хамтарч ажиллая гээд ирж байгаа хүн бүртэй л хамтарна. Тэр хүн бөх, бүжигчин, малчин ч байж болно. Ардын нам яах вэ олны танил хүмүүсийг арай өөр аргаар элсүүлээд байх шиг байсан. Манайх бол тэгэхгүй ээ.

-Намын тань лидерүүд “изм” яриад л зөрчилдөөд байсан. Өөрийн тань бодлоор Ардчилсан намд үзэл баримтлалыг нь тодотгосон “изм” үнэхээр чухал уу?

-Манай намын үзэл баримтлал маш тодорхой. Тэр үзэл баримтлалын төлөө л ардчилсан хувьсгалыг хийсэн. Өнөөдрийн зөрчил цаг хугацааны л зүйл байх. Намд үзэл баримтлалаа илэрхийлэх нь Ардчилсан намд бол хэвийн л зүйл. Мэдээж “изм”-ээ барьж ажиллах ёстой. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд хамтарсан Засгийн газар байгуулж, Монгол Улс урагшлах уу, ухрах уу гэдгийг шийдэх гэж байгаа энэ торгон цаг үед ажилласан шиг ажиллаад үр дүнд хүрэх нь л чухал шүү дээ. Хоёр намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө, нэгэнт л хоёр нам гэрээ байгуулсан юм чинь бид гэрээний биелэлтийг л шахах хэрэгтэй. Энэ цаг үед бид хамтарч ажиллаад үр дүнд л хүрэх нь чухал. Тэртэй тэргүй Ардчилсан нам цаашид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж, үзэл баримтлалынхаа дагуу л ажиллана шүү дээ.

-Та өөрөө төрийн өндөр дээд алба хашиж буй хүмүүс дунд хамгийн залууд нь ордог. Энэ утгаараа Гадаад харилцааны дэд сайд гэдэг албанд ямар шалгуур давж, хэний дэмжлэгээр суув гэдгийг тань сонирхох хүн нэг бус байх нь ойлгомжтой. Та энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Ардчилсан нам залуучуудаа дэмждэггүй гэсэн нэг яриа байдаг даа. Тэгвэл тухайн үед намайг энэ албанд томилсноор хүмүүст бас арай өөр ойлголт өгсөн болов уу гэж боддог. Нөгөө талаасаа энэ бол улс төрийн томилгоо. Улс төрийн томилгоог нам шийддэг. Нам доторх фракциудын төлөөллийг оруулах ёстой гэдэг зарчмаар л шийдсэн болов уу.

-Таныг Архангайнхны дэмжлэгээр энд ирсэн гэх яриа ч байдаг?

-Би Архангайгаас сонгогдсон гурван УИХ-ын гишүүнтэйгээ ойр байдаг. Энэ үнэн. Тэд маань гэхдээ гурвуулаа нэг фракц биш байх л гэж боддог. Миний хувьд эдийн засгийн чиглэлээр Бельгид их сургууль төгссөн. Шалгуурын тухайд “Энэ ажлыг хийж чадна” гэж итгэсэн байх. Би мундагтаа энэ ажилд ирсэн гэж хэзээ ч хэлэхгүй. Ямар ч байсан даалгасан ажлыг нь сайн хийчих юмсан гэж л зүтгэж байгаа.

-Та УИХ-ын гишүүн Н.Батбаярын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан байх аа?

-Тийм ээ. Сонгуульд нь дэмжиж оролцож байсан.

-Н.Батбаяр гишүүний дэмжлэгээр Гадаад харилцааны дэд сайд болсон гэвэл үгүйсгэхгүй биз дээ?

-Тэр хүн дэмжсэн л юм чинь би юуг нь нуух вэ дээ. Бид нэг нутаг, нутгийн зөвлөлийн гишүүд учраас асууж лавлах, зөвлөгөө авах зүйл олон байдаг.

-Харин Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн тухайд Л.Гантөмөр гишүүний зүгээс таныг санал болгосон гэх юм билээ?

-Сонгуулийн зарчмаар би энэ албыг авсан. Би анх оны өмнө Л.Гантөмөр гишүүнд өөрийнхөө бодлыг хэлж байсан. Он гараад нэр дэвшинэ гэдгээ Л.Гантөмөр гишүүнийг тухайн үед АЗХ-ны ерөнхийлөгч байсан учраас би уулзаж, өөрийнхөө бодлыг хэлсэн.

-Л.Гантөмөр гишүүн ямар хариулт өгсөн бэ?

-Чи өөрөө юу хийхээ тодорхой болгоод залуучуудтайгаа уулз гээд “Миний хувьд чамайг нэр дэвшихэд татгалзах зүйл байхгүй” л гэсэн. Түүнээс бус чамайг дэмжинэ, тусална гэж ярина гэж байхгүй л дээ.

-Таны үеийн Ардчилсан намын гишүүд “Нэг ардчилал” клубт гишүүнчлэлтэй болохыг чухалчлах болсон нь нууц биш. Тэнд таны оролцоо хэр түвшинд байгаа вэ?

-“Нэг ардчилал” клуб бол бас л итгэл үнэмшлээрээ нэгдсэн залуусын нэгдэл. Би тэнд гишүүнчлэлтэй. Тэнд харж байхад маш их чадалтай, эрүүлээр сэтгэдэг залуус байгаа нь анзаарагддаг. Тэдэнд нам дотор фракцлах ямар ч сонирхол байхгүй. Нийгмийн төлөө хэрэгтэй зүйл хийнэ л гэсэн итгэл үнэмшилтэй байдаг.

-Өнөөдөр биш юм гэхэд ирээдүйд Ардчилсан намын лидерийг төрүүлөх гол зорилгын дор та бүхэн нэгдээд байгаа юм биш үү?

-Шууд тэгнэ шүү гэсэн айхтар том амбиц байхгүй ээ. Манайхан итгэл үнэмшлээрээ л нэгдэж, нийгмийг урагшлуулахын төлөө л ажилладаг.
-Ярилцсанд баярлалаа.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж