
Галдан шатаах хэрэгт сэжигтнээр татагдсан 13-15 насны таван хүүхэд мөрдөн байцаалтын эхний мэдүүлгээр өөрсдийн буруутай үйлдлийг хүлээжээ. Тэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт энэ оны есдүгээр сарын 28-аас арваннэгдүгээр сарын 5-ны хооронд 13 удаагийн үйлдлээр иргэдийн эд зүйлийг санаатайгаар галдан шатаасан хэрэгт сэжиглэгдсэн юм. Сэжигтэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэдний өгсөн мэдүүлэгт адал явдалт кино үзэж айлын эд хөрөнгийг шатаах сэдэл төрсөн гэжээ. Дээрх таван хүүхдээс мэдүүлэг, тайлбар авах болон мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгч, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн төлөөллийг оролцуулан ажиллаж байгаа аж.
Дээрх галдан шатаасан хэргүүд тодорхой давтамжтайгаар 22.00-00.00 цагийн хооронд гарч, иргэдийн хувийн өмч хөрөнгө болох гарааш, хуучин ашиглаж байсан дэлгүүр, амбаар, тээврийн хэрэгсэл, малын тэжээлийн өвс, нийтийн эзэмшил болох орц, хашааг шатаасан юм. Мөн нэг тээврийн хэрэгсэл, хоёр амбаар, гурван ширхэг портер машин өвс бүрэн шатаж, бусад эд зүйлийг шатаахыг завдсан гэмт хэрэг үйлдэгдэн иргэдэд долоон сая төгрөгийн хохирол учруулсан гэх тооцоо гарчээ.
С.Отгон