Лондонд шилдэг наймын тулаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Лондонд шилдэг наймын тулаан эхэллээ

Дэлхийд чансаагаараа тэргүүлэгч шилдэг найман теннисчний оролцож буй ATP World Tour Finals тэмцээн өчигдөр Лондон хотын алдарт О2 цэнгэлдэхэд нээлтээ хийлээ. Энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх АТР холбооны шигшээ тэмцээний эхний өдөр В хэсгийн хоёр тоглолт болж, Федерер, Муррей нар өрсөлдөгчөө буулган авснаар хэсгээ тэргүүлж эхэллээ.

Энэхүү нэр хүндтэй тэмцээний дөрвөн удаагийн аварга “Швейцарь цаг” хочит Рожер Федерер нээлтийн тоглолтоо Испанийн Дэвид Феррертэй хийсэн юм. Өмнө нь тэд 10 удаа таарч тоглоход Федерер нэг ч ялагдаж байгаагүй учир үзэгч, хөгжөөн дэмжигчид тоглолтын үр дүнг урьдаас таамаглаж байсан юм. Таамаглаж байсанчлан Федерер өрсөлдөгчөө 6-1; 6-4 харьцаатай хоёр сетэд дараалан ялалт байгуулсан байна.

Мөн өчигдөр Британийн номер нэг Энди Муррей Шведийн Робин Сёдерлингтэй тоглож, 6-2; 6-4 харьцаатай хожжээ.

Түүнчлэн хосын төрөлд А хэсэгт өрсөлдөж буй өнгөрсөн жилийн аварга Боб, Майк Брайн нар 6-3; 7-5 харьцаагаар Юрген Мельцер, Филипп Петцшнер нарыг хожсон бол Мариуш Фирстенберг, Марцин Матковский нар 6-3; 7-6-аар Лукаш Длоуги, Леандер Паес нарыг хожсон байна.

Харин өнөөдөр ганцаарчилсан төрөлд А хэсгийн хоёр тоглолт болно. Тодруулбал, дэлхийн номер нэг теннисчин Испанийн Рафаэль Надаль АНУ-ын Энди Роддиктой, Серби теннисчин Новак Жокович Чехийн Томаш Бердыхтэй тус тус өрсөлдөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж