Б.Наранбаатар гавьяатын баг шигшээд шалгарав

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар гавьяатын баг шигшээд шалгарав

Бөхийн чөлөөт барилдааны Германы Бундеслигт зодоглож буй Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар өнгөрсөн бямба гаригт ээлжит тойргийн барилдаанаа хийж, ялалт байгууллаа. Бундеслигийн өрнөд бүсийн “KSV Kollerbach” клубтэй гэрээ байгуулсны дагуу Кёльн хотын багийн бүрэлдэхүүнд багтаж, есөн тойргийн барилдаан хийхээр хилийн дээс алхсан манай тамирчин бямба гаригт долоо дахь барилдаанаа хийж, Германы бөх Тимур Сейделийг гурван үед дараалан 6:0; 6:0; 6:0 харьцаатай ялснаар Бундеслигт зургаа дахь ялалтаа авсан байна. Б.Наранбаатарын харьяалагдаж буй “KSV Kollerbach” клуб энэ тойрогт “ASV Mainz 88” клубтэй таарч барилдсан бөгөөд нийлбэр дүнгээр “Kollerbach” 21:15 харьцаатай ялалт байгуулжээ. Ингэснээр Б.Наранбаатар гавьяатын харьяалагдаж буй баг хоёр тойргийн барилдаан дутуу байхад шигшээ барилдаанд өрсөлдөх эрхтэй болоод байна.

Бундеслигийн шигшээ барилдаанууд ирэх сарын 11-нд эхлэх бөгөөд Б.Наранбаатарын тухайд арванхоёрдугаар сарын 4-нд есдүгээр тойргийн барилдаанаа хийгээд 6-нд Монголд ирэх ажээ. Тэрбээр эх орондоо цөөн хоног амраад буцаад Германд очиж, шигшээ барилдаанд зодоглох аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж