Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

“Sweetymotion“-ы эрч хүч

Долоон жилийн өмнө холын Америкийг зорьсон “Эмоушн” хамтлаг энэ зун эх орондоо шинэхэн цомогтойгоо эргэн ирсэн. “Тэнгис”, “Намираа цэнхэр бороо”, “Ингэн тэмээний дуу”, “Санан санасаар”, “Задгай цагаан”-аараа Монголын хөгжмийн урлагт тод өнгө нэмэн ид асч явах үедээ тэд Америк явцгааж, охидын хамтлагийн гэх орон зай эзгүйдэн үлдэж байв. Энэ хугацаанд эндээс дөрвүүлээ явсан тэд гурвуулаа болж, бидэнд хэдийнээ дасал болсон “Эмоушн” нэрээ “Sweetymotion“-оор сольсон. Цаг хугацааныхаа эрхээр мартагдах шахсан “Эмоушн” долоон жилийн дараа бидэнд “Санахын аялгуу” гэх шинэ дуугаа клиптэй нь хүргэснээр олон нийтийн анхаарал дахин тэдний зүг хандаж эхэлсэн гэхэд болно. Эх орноосоо дөнгөж хориодхон настайдаа явсан хонгор танхи “Эмоушн” ингээд долоон жилийн дараа дур булаам, эрч хүчтэй, халуухан “Sweetymotion“ болон эргэн ирээд байна.  

Өнгөрсөн баасан, бямба гаригт Аса циркэд болсон тэдний “Number One” нэртэй тоглолт долоон жилийн өмнөх “Эмоушн”-ныг хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харж, сонсохоор ирсэн үзэгчдээр дүүрэн байлаа. 

Шинэ, залуу хамтлагууд нэг цаг шахам тоглолтын “бие халаалт” хийсний дараа үзэгчид “Эмоушн”-ныг эмоцтойгоор дуудан алга ташиж, энд тэндгүй шүгэлдэж гарсан.

Гэрэл цацарч, хөгжим нүргэлэн тусгайлан зассан бүхээг маягийн талст хэлбэрийн хайрцаг гурван тийш онгойн бидний өмнө “Sweetymotion“-ны гурван бүсгүй мөнгөлөг чамин хувцастай дуулсаар гарч ирэв.
…Шувуудын цувааг битгий тоолоорой
Шувуудын цувааг битгий тоолоорой…
гээд л эрч хүчтэй, хэмнэлтэй, хүчтэй огт өөр сонсогдож байсан шүү. “Нээрэн ийм гоё дуу байдаг билүү” гэж бодож суулаа.  

Тоглолт ийн эхлэв. Тус хамтлагийн продюсер Б.Чинбат энэ үдэш даралтат хөгжмөө тоглож, гитарчин Өөжгий, бөмбөрчин Benjamin Jason Johnson, басс гитарчин Lamar Rodnell нар тус, тус хөгжимчнөөр ажилласан.

 “…Сэмэрсэн зүрхэнд
Чи зайгаа үлдээгээд
Дэрвээд ниссэн
Цэнхэр орчлонд
Чи сэлж яваа байлгүй
Чи хаахна явна даа
Хайр минь
Чи намайгаа санаж байгаа юу
Зүүдэлж байгаа юу, үгүй юу
Би чамайгаа л мартаж чадахгүй явна
Сэтгэлээс ниссэн нэгэн хайр минь” хэмээн дуулах “Хаахна явна даа” дуу нь үнэхээр гоё юм. Нэг сонсоод шууд л дурласан. Ая нь “Харанга”-ын Чукагийнх гэсэн. Одоогийн байдлаар “Sweetymotion“ хамгийн сүүлд энэ дуундаа клип хийлгээд байгаа юм билээ.
Яруу найрагч Ш.Гүрбазарын үг, ая зохиогч Л.Балхжав тус хамтлагийн продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат хоёрын зохиосон “Зүүдлээрэй” дуу бас сүүлийн үед хүмүүсийн сэтгэлд нэлээд хүрээд байгаа.

…Цэнхэр үд­шийн сарнаас
Гэгээ гийгүүлж зүүдлээрэй
Санасан сэт­гэлээ шивнэн байж зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй
Үүлэн цэнхэр туяанд нь үгээ нууцланхан зүүдлээрэй
Үүрийн бодлыг буцахаас өмнө
Зүүдлээрэй, чи минь зүүдлээрэй… “Sweetymotion“
энэ дуугаа агаар дээр дуулсан нь үзэгчдэд сонирхолтой, үзүүштэй тоглолт болсон. Бүсгүйчүүд холбоотой гурван цагирган дээр нэг, нэгээрээ сууж дээш аажмаар хөөрсөн бөгөөд хажуугаар нь циркчид акробатын олстой үзүүлбэрүүд үзүүлж байсан юм. Г.Сүндэрээ энэ дууны дээд өнгөтэй хэсэг дээр гайхалтай дуулж, хоолойны чадал, ур чадвараараа үзэгчдийг ёстой л уулга алдуулж байсан. Үзэгчдийн суудалд энд тэндгүй л “Тасарчихжээ”, “Аргагүй мэргэжлийн юм аа”, “Дэндүү, дэндүү” гэх мэт үгс чих дэлсэж байв. Тоглолт дээр хэд, хэдэн шинэ гоё дуунууд дуулсан.

“Өөрөө чамаас явлаа
Өөр бүсгүйтэй хөтлөлцөн алхаад явсныг чинь
Өнөөдөрхөн найзууд маань надад хэллээ
Тэвчиж чадахгүй, уучилж чадахгүй
Би өөрөө чамаас явлаа” гэх үгтэй “Өөрөө чамаас явлаа”
нэртэй dance хэлбэрийн дуун дээрээ гурван бүсгүй дөрвөн америк хар арьстай бүжигчидтэй сонирхолтой жүжигчилсэн хэлбэрээр дуулсан нь хүмүүст их таалагдсан.
Тоглолт дээр ээжийн тухай гурван ч дуу дуулагдсан нь үзэгчдийн сэтгэлийг нялхраан догдлуулж байлаа. Хамтлагийн гурван бүсгүй дууныхаа дундуур урилгын суудал дээрх ээжүүддээ очин цэцгийн баглаа барьж, тайзнаа урин гаргаад өлмийд нь сөгдөн адис авч байсан нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Үүний дараа

“…Ботго нь эндсэн ингэн тэмээ
Борхон толгодыг ганхтал буйлнаа
Борвио хөштөл алсыг харуулдсаар
Босоо салхинд горьдон уйлнаа
Эгшигт хайрцаг тавьсан ээжийн минь
Энгэрийн шилбийг нь тасартал уйлнаа
Ээрэм говьдоо өсгөсөн эзнийхээ
Эмээлийн бүүргийг хагартал буйлнаа…”
гэх үзэгчдийн хайртай дотно дуу эгшиглэсэн юм. Тайзнаа байрлуулсан том дэлгэцээр энэхүү дууны клип гарч байлаа. Дэлгэцээр хамтлагийн экс гишүүн Солонгын дүрс гарч эхлэхэд зэргэлдээ сууж байсан хоёр хүн хоорондоо “Одоо Т.Солонго нь гарч ирж хамт дуулж магадгүй” гэлцэж байлаа. Нээрээ зарим үзэгчид Т.Солонгыг тоглолтод оролцоно гэж таамаглаж байсан бололтой. Үнэндээ бол Т.Солонго тоглолтод оролцох нь битгий хэл үзэгчдийн суудалд ч харагдаагүй юм.

Төгөлдөр хуурч Б.Чинбат энэ үдэш “Жалам хар”-ыг өвөрмөц найруулгаар тоглож үзэгчдийн сэтгэл хөөрлийг бадрааж чадсан. Энэ үдшийн хамгийн том алга ташилтыг хүртэж чадсан ч гэж хэлж болно.

Бүсгүйчүүд алдарт “Beegees” хамтлагийн “Emotion” дууг жинхэнэ эмоцитой дуулж бут авсан даа. Энэ дуу тэдний хамгийн анх дуулж сурч байсан гадаад дуу гэсэн. Дэндүү гоё байсан. Арьс бэржийж, биеэр соронзон долгион тархаж байгаа юм шиг тийм мэдрэмж. Энэ чинь тийм элбэг тохиодог мэдрэмж биш шүү дээ. Үзэгчдийн алга ташилт чанга бөгөөд бахдалтай байсныг та нар мэдэрсэн биз ээ. Тоглолтын үеэр янз бүрийн л зүйл бодогдож байв. “Sweetymotion“ эргэж ирлээ гэхэд олон нийтийн зарим хандлага нэг тийм сонин байсныг бид бүгд л мэдэж байгаа. “Энэ хөгшин авгай нар юу чадах юм, залуу охидод зайгаа тавьж өг” гэх мэтийн муухай үг, өгүүлбэрүүд бишгүйдээ л харагдсан. Үнэндээ 29, 30-тай бүсгүйчүүд яагаад хөгшинд тооцогдоно гэж? Харин ч дуучдын хоолой 30-аас дээш насанд улам задарч, тэлдэг гэдэг. Эдний хамтлагийн тухай гарсан мэдээ, мэдээллийн доор тэднийг “Киви”-тэй эсвэл “Гурван охин” хамтлагтай харьцуулсан утга санаатай сэтгэгдлүүдийг хичнээн ч олныг уншив даа. Үнэндээ бол бид ийм харьцуулалт хийх нь ямар ч утгагүй зүйл гэдгийг бүгд мэддэг. Бид сайн, сайхан уран бүтээл хийсэн дуучин, хамтлаг бүхнийг хүндэтгэж, хайрладаг.

“Эмоушн” эргэж ирээд тэдэнд орон зай байна уу гэсэн мэдээг ч Монголын томоохон өдөр тутмын сонин, сайтууд дээрээс харж л байлаа. Хөгжим бол спорт биш. Бидэнд заавал хэн нэгнийг алтан медалийн тавцанд зогсоох гэж ам уралдан маргалдахын хэрэг байгаа гэж үү. Монголын хөгжмийн урлагт ямар нэгэн дугаарлалт байгаасай гэж хүсэхгүй байна. Хөгжим чинь дайн биш биз дээ. 

“Эмоушн”, юутай ч бид та нараар бахархсан шүү. Үзэгчдийн мэлмий, сонорыг гийгүүлсэн сайхан ч, сайн ч тоглолт байлаа. Монголын орчин үеийн хөгжмийн урлагт “Number One” хэмээн бардам нэрлэсэн тоглолт чинь бас нэгэн өндөр босго тавьж, өөр өнгө нэмж өглөө. “Эмоушн“ одоо өмнөхөөсөө илүү амттай, эрчтэй “Sweetymotion“ болж, Хүмүүс ээ.

Ж.Нандиа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж