Бичил санхүүг хөгжүүлье

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Бичил санхүүг хөгжүүлье

Багавтар хүүтэй, боломжийн нөхцөлтэй зээл, эргэлтийн хөрөнгө хайсан хүмүүсээс их юм гадуур алга. Тэдний олонх нь жижиг, дунд  зэрэглэлд багтах үйлдвэр аж ахуйн нэгж байхын дээр худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн хувьд ч хөрөнгө мөнгө байнга дутагдалтай байдаг. Тиймээс ч сиймхийг ашиглан хувь хүмүүс өндөр хүү, богино хугацаатай зээл олгож, мөнгө хүүлэх хэлбэрийн үйлчилгээ үзүүлэх болсоор удаж байна. Гэтэл арилжааны банкууд илүүдэл мөнгөө Монголбанкинд хадгалуулж байна гэсэн хачирхалтай мэдээлэл сүүлийн хэдэн сар дараалан сонсогдох боллоо. Эрэлт байгаа газар руу  нийлүүлэлт тэмүүлдэг зах зээлийн хууль яагаад энд үйлчлэхгүй байна вэ. Эрэлт нийлүүлэлтийн заагт юу саад болоод байна вэ гэдгийг энэ удаа хөндөхийг хүслээ. Өнөөдөр бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллагынханд зээл олгодог, амь тариагаар тусалдаг ганц газар нь арилжааны банкууд. Гэтэл тэрхүү амь тариа нь хэт өндөр үнэтэй, нөхцөл шаардлага өндөртэй ч амьд үлдэхийн тулд авахаас аргагүйд хүрдэг. Урьдчилгаа нөхцөлөө өөрийн эрх ашгийн үүднээс тулгадаг, бизнесийн байгууллагуудын онцлог нөхцөл байдлыг харж үздэггүй, зээл төлөлтийн график нь бизнесийн орох урсгалын хэв шинжид тохирдоггүй, барьцаа хөрөнгийг хэт багаар үнэлдэг, зээлийн хүү өндөр гэхчилэн зээлдэгчийн зовлон мундахгүй. Хатуу гэхэд дэндүү энэ бүх шаардлагаас болж эргэлтийн хөрөнгөгүйдэн үүд хаалгаа барихад хүрч буй  аж ахуй нэгж цөөнгүй. Арилжааны банкуудын хатуу шаардлагыг хаяад өөр арга бодъё гэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан уян хатан зээл олгодог газар нэгээхэн ч алга. Хадгаламж зээлийн хоршоо, хоршоологчдын клубын “буян”-аар орох оронгүй болсон хүний тоо мянга даваад байгаа ийм нөхцөлд хатуу гартай, хахир зантай ч банкуудаа л бараадах нь хамгийн зөв шийдэл болчихоод байгаа юм.

Улсын хэмжээнд 14 арилжааны банк ажиллаж байгаагийн нэгээс бусад нь хувийн хэвшлийнх. Хувийн болоод төрийн мэдлийнх байх нь арилжааны банкны хүүгээр ашиг олох үндсэн зарчимд огтхон ч ялгаагүй бөгөөд тэд хадгаламжийн болон зээлийн хүүнээс ашиг олж ажилладаг. Тиймээс ч хадгаламжийн хүү хэд байх, зээлийн хүүгээ хэдээр тогтоох нь тухайн банкны шийдэх асуудал юм. Үүнд төв банк болоод төр засгийн зүгээс оролцох, ямар нэгэн хязгаар хийж, зохицуулах аргагүй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хөндлөнгөөс зохицуулж, захиргаадалтын арга хэрэглэж гэмээнэ нийгмийн нэгээхэн хэсэгт үйлчилсэн хэрэг болох төдийгүй банкны системийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж, зах зээлийн гажуудлыг дагуулах аюултайг тэд онцолсон юм. Зээл аваад бултагч, зугтагчдын булхайгаар арилжааны банкууд бага биш алдагдал хүлээдгийг зээлдэгчид болоод хадгаламж эзэмшигчдийн хэн нь ч мэддэггүй. Ямар ч банк зээлдэгч мөнгөө өгөөгүй учир таны хадгаламжийн хүүг түр хойшлуулъя, эсвэл хүүг нь анх тохирсноосоо бууруулъя гэдэггүй учир банкуудын бэрхшээлийг хэн ч анзаардаггүй ажээ. Банкны салбар гэдэг итгэлцэл дээр тогтдог гэдгийг үл ойшоосон муу зээлдэгчдийн балгаар банкууд шаардлага өндөр, гар чанга байдаг байна. Чухам тиймээс л өнөөдрийн эрэлт нийлүүлэлтийн гажуудал үүсээд байгаа ажээ.  Дэлхий дээр үүсэн бий болсон санхүүгийн системийн 600 жилийн түүхийг сөхөн харахад зах зээл дээрх бизнес санхүүгийн хэрэгцээг  арилжааны банк дангаараа хангаж чадахгүй гэдгийг нотолжээ. Өөрөөр хэлбэл, ихэнх жижиг бизнес банкны үйлчилгээг хүлээж авах хэмжээнд өсөж томорч чадаагүй байна. Тиймээс жижиг дунд бизнес эрхлэгчдийн хэрэгцээг хангадаг санхүүгийн үйлчилгээний орон зай онгойж харлан эзнээ хүлээх болжээ. Жижиг бизнесийг эхлүүлэх сан, жижиг бизнесийг дэмжих тогтолцоо ч өнөөдөр алга байгаагаас ийн нэг талдаа их хэмжээний эрэлт үүсчихээд байгаа юм. Бичил санхүүгийн үйлчилгээг эхлүүлэх, өсгөж торниулах нь төрийн тусгай бодлогоор хэрэгжих учиртайг ч мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байгаа юм. Жижиг хэмжээний үйлдвэрлэгч нарыг дунд хэмжээнд хүргэх, бизнес эрхлэгчдийг торниулан томруулсны дараа арилжааны банкуудтай харьцах хэмжээнд хүрдэг байтал манай улсад зээлдэгч бүхэн банктай харьцах болдгоос арилжааны банкуудын нөхцөл шаардлага нь хатуудаж, зээлдэгчид нь жулдахад хүрээд байгаа юм. Судалгаанаас харахад сүүлийн 10 жилийн хугацаанд зээлийн хүү нэлээд буурсан боловч хадгаламжийн хүү дорвитой буураагүй аж. Хадгаламжийн хүү буурах боломж нь инфляциар хязгаарлагдаж байдаг. Инфляци энэ онд харьцангуй тогвортой байсан ч ирэх оны төсвийн төсөлд халамжид зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлснээс 12-20 хувьд хүрэх төлөвтэй байгааг төв банкныхан нуугаагүй юм.

Тиймээс ойрын нэг хоёр жилдээ зээлийн хүү буурах гэрэл гэгээ ажиглагдахгүй гэсэн үг. Гагцхүү банктай өрсөлдөн мөнгө босгох боломжуудыг бий болгох нь чухал байна. Өнөөдөр манай санхүүгийн зах зээлд зөвхөн банкууд ажиллаж байгаа учраас зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангахгүйд хүрчээ.  Банкны салбарын нийт зээлийн 74 хувь нь хоёр жил хүртэлх хугацаатай, нийт эх үүсвэрийн 60 хувь нь хугацаагүй хадгаламжаас бүрдэж байдаг. Дэлхийн банкны судалгаанаас харахад Монгол Улсын санхүүгийн захын хөгжил 139 орноос 129-р байранд оржээ. Түүвэр судалгаанд хамрагдсан нийт ААН-ийн 40 хувь нь банкны зээлтэй байсан бөгөөд тэн хагас нь зээл авах өргөдөл гаргаагүй, харин 7.4 хувь нь татгалзсан хариу авсан байв. Эндээс санхүүгийн зуучлал хангалттай хөгжөөгүй, өндөр хүүтэй зээл нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд дэмжлэг бус дарамт болсоор байгаа нь харагдана. Чухам тиймээс үйлдвэрлэлийг нэмэгдүүлье, эх орондоо нэмүү өртөг шингээе, ажлын байрыг нэмэгдүүлье гэж байгаа бол юун түрүүн бизнес эрхлэгчдээ бодитойгоор дэмжих бичил санхүүг хөгжүүлэх хэрэгтэй болжээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж