Сайдууд сайн ажиллах үүрэг авлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Сайдууд сайн ажиллах үүрэг авлаа

Удтал хүлээлгэж зарласан Ардчилсан намын Үндэсний зөвлөл­дөх хорооны ээлжит ХХХII хуралдаан Төрийн ордноо өнгөрсөн баасан гаригт болж, өндөрлөлөө. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд энэ удаад 228 гишүүнээс 90 орчим хувь нь оролцож, Ардчилсан намын өнөөгийн байдал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хийсэн ажил, хамтарсан Засгийн газрын гэрээний биелэлт зэргийг авч хэлэлцлээ. Намын дарга Н.Алтанхуяг хэлэхдээ “Ардчилсан нам нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд иргэддээ иргэний эрх чөлөөг олгож чадсан байтлаа эдийн засгийн эрх чөлөөг бий болгож чадсангүй. Иргэн бүр ажилтай, иргэн бүр орлоготой, иргэн бүр баялагийн эзэн байх тэр нийгмийг бүрдүүлэхийн төлөө Ард­чилсан нам ирэх 10 жилийн бод­­логодоо “Монгол хүн 2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавилаа” гэсэн юм.

Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар илтгэл тавьсан нь Үндэсний зөвлөлдөх хорооны цөөнгүй гишүүдийн уурыг “асаав”. УИХ-ын гишүүн, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн С.Эрдэнэ тус хуралдааныг “Хөгийн хурал болж байна” гэж дүгнэсний зэрэгцээ бүлгийн даргын илтгэлийг ч доош хийж амжлаа.

Эрүүл мэндийн сайдын тавьсан илтгэлд хамтарсан Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлын тухай дурдсан нь УИХ-ын гишүүн Н.Батбаярын аазгайг хөдөлгөж, Оюу­толгойн хөрөнгө оруулалтын гэрээ­тэй холбогдуулан Сангийн сайд С.Баярцогттой мэтгэлцэхэд хүрэв. Эрхэм гишүүн “Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашиггүй гэрээ болсон” гэж шүүмжилсэн бол Сангийн сайд “Ашигтай гэрээ болсон” хэмээн Засгийн газрын бодлогоо хамгаалан “үзэлцэж” , үүндээ бүр Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын нэрийг оролцуулсан нь “хов” болон хувирч, олны өмнө шившгээ хутгав. Намын дарга Н.Алтанхуяг “Манай намын бүлгийн хурал, нээлттэй үргэлжилж, улс орны томоохон бодлогыг хэлэлцэж байна” хэмээн хаацайлсан ч, хуралдаанд оролцогчид “Юуных нь бүлгийн хурал вэ, Сангийн сайд шившгээ хутгалаа” гэж шуугиж байв. Намын дотоод амьдралаас илүүтэй сенсаци тарьсан энэхүү Оюутолгойн мэтгэлцээн Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар арай гэж нэг юм намжсан юм.

Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Б.Мөнхтуяа намын даргад хандан Тавантолгойн ордод оператор компанийг шалгаруулахдаа яагаад үндэсний консерциум оролцох боломжгүй тендер зарласан тухай  лавлалаа. Мөн “Монгол-999” нэгт­гэлийг тус ордод оператор ком­па­ниар оруулаад Засгийн газрын шаардаад байгаа 300 тэрбум гаруй төгрөгийг гаргуулчих бололцоо байхгүй юу гэдэгт хариулт хүсэв.

Н.Алтанхуяг:-Тавантолгойн орд бол зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Жилд 10 сая тонн нүүрс олборлолоо гэхэд 600 жилийн нөөц, 60 сая тонноор олборлоход 100 жилийн нөөц. УИХ-аас баталсан тогтоолын дагуу Монгол Улсын нийт иргэдэд 10 хувийн хувьцааг үнэгүй эзэмшүүлнэ. Энэ нь нэг иргэнд 500 ширхэг хувьцаа ногдоно гэсэн үг. Мөн үндэсний аж ахуйн нэгжүүддээ тус ордын 10 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр арилжаална. 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан аж ахуйн нэгжүүдэд хувьцааг арилжаална. Энэ бол үндэсний аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа том боломж. Тийм том ордод оператораар оролцох компанийг сайн дурын компаниар шалгаруулчихаж болдоггүй  юм байна.  Хөрөнгөтэй, туршлагатай ком­пани байх ёстой. Нөгөөтэйгүүр, тэр том ордын бүх хувьцааг ард түмэндээ, аж ахуйн нэгжүүддээ хуваарилчихвал хүрз хөдөлгөх газар олдохгүй болчихно. Тийм учраас Засгийн газар Тавантолгойн ордын оператор компанийн шалгаруулалтад том “цензур” тавихаас аргагүй байсан” гэлээ.
Томоохон орд газруудтай хол­боо­­­тойгоор өрнөсөн асуулт, ха­риулт аажимдаа намын дотоод амьд­­­­­рал руу шилжив. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн зарим нь “Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан намын гишүүд орсноор намын бодлого алдагдаж, нам дотор хурцадмал байдал үүсгэсэн төдийгүй, ирэх 2012 оны сонгуульд ялагдал хүлээж, нэр ч үгүй болох замыг засч байна” гэв. УИХ-ын гишүүн, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Д.Одхүү бүр Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон үеэс амьгүй албат болж хувирсан тул Н.Алтанхуяг дарга аа, та нэг бол намын даргаараа үлд, эс бөгөөс Хамтарсан Засгийн газартаа Тэргүүн Шадраараа үлд. Энэ хоёрын сонголтыг хий” гэж шаардав.

Харин нийтлэлч Б.Баабар Ардчил­сан намд эв нэгдэл чухал болохыг онцолж, “Сөрөг хүчин байхаар бүх юм гоё болчихдоггүй” гэсэн бол УИХ-ын гишүүн, Үндэсний зөвлөлдөх хо­роо­ны гишүүн Батж.Батбаяр өнгөр­сөн хугацаанд Ардчилсан нам эвдрэлцсэн үедээ ямагт ялагдал хүлээж, эвлэлдсэн үелдээ ялж ирсэн түүхийг сөхлөө. Тэрбээр “1992, 1996, 2000 оны сонгуулийг дурсав. 2000 оны сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл задарч, 5-6 нам болж бутарсан. Салж бутарсан намууд хоорондоо үзэлцээд УИХ-д 50 гишүүнтэй байсан Ардчилсан нам нэгхэн гишүүнтэй болж, парламентад Ж.Наранцацралт маань сууж байв. Бид жоохон эрх мэдэлтэй болохоороо түүнийхээ төлөө эвдрэлцдэг. Одоо ингэж суух цаг биш. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухайд энд мэтгэлцээд учрыг нь олчихдог эд биш. Хагас жил хуралдаж байж учрыг нь олох байх. Ардчилал 20 нас хүрлээ, Ардчилсан нам эрийн цээнд хүрсэн. Одоо эе эвийг хичээх цаг ирсэн” гэв.

Гэвч Үндэсний зөвлөлдөх хороо­ны гишүүдийн дунд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэт­гэл дундуур байгаагийн зэрэгцээ, Ард­чилсан нам бусад улстөрийн намаас бодлогын хувьд ялгарах зүйлгүй болж, үнэт зүйлээ алдаж дууслаа гэдгийг шүүмжилсэн уур амьсгал өрнөсөөр хуралдааныг 19.00 цагийн орчимд хаалттай горимд шилжүүлсэн юм.

Удирдлагууд мэдээлэл хийв
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хаалттай горимд шилжсэн даруйд УИХ-ын гишүүн, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн З.Энхболд саналаа хэлсэн юм. Түүний хувьд Ардчилсан намын өнөөгийн удирдлагад шүүмжлэлтэй хандсаар ирсэн төдийгүй, өнгөрсөн хугацаанд өөрийгөө энэ албан тушаалд сойсоор буй. Түүнийг хурал­даанд хурц дайчин үг хэлэх болов уу гэтэл, тэгсэнгүй. Харин Ард­чилсан нам Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахгүй гэж байгаа бол ажлаа улам сайжруулах ёстой. Үндэсний зөвлөлдөх хорооны энэ удаагийн хуралдаанаар улс орны хөгжлийн томоохон бодлогыг ярилцаж, зөв шийдлийг гаргах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Харин үүнээс хойш болж өнгөрсөн үйл явдлын талаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж нар маргааш өдөр нь буюу бямба гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Хурлыг хаалттай горимд шилжүүлсний дараагаар нэг гишүүн Ээлжит бус их хурлыг зарлан хурал­дуулах шаардлагатай байгаа талаарх саналаа мэдүүлжээ. Энэ саналын дагуу Үндэсний зөвлөлдөх хорооны 202 гишүүнээс санал хураахад 15 хувь нь буюу 30 гишүүн “Ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулах шаардлагатай” гэж үзсэн бол үлдсэн 70 гаруй хувь “Ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулах шаардлага байх­гүй” гэжээ. Тиймээс дээрх шийд­­­­­вэрийг хүндэтгэн ажлын хэсэг бай­гуу­лан, ажиллахаар болсон байна. Уг ажлын хэсэг нь “Монгол хүн 2020 хөтөлбөрийг боловсруулна, мөн намынхаа дүрэм, журмыг боловс­ронгуй болгох ажлыг хийнэ. Аж­лын хэсгийг намын ерөнхий на­рийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ахалж, УИХ-ын гишүүн З.Энхболд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Оюунгэрэл нар бүрэлдэхүүнд нь багтжээ.

Мөн Үндэсний зөвлөлдөх хо­рооны хуралдаанаас Оюутолгой, Таван­­­­толгойн ордын гэрээний заал­тад үнэлэлт дүгнэлт өгөх. Энэ асуудлыг дараа товлогдох Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд танилцуулах ёстой гэж үзжээ. Бас хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүн дэх Ардчилсан намын сайд нарыг одоогийнхоос илүү сайн эрчтэй ажиллах үүргийг хүлээлгэжээ. Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Засгийн газрын сайд нар ажлынхаа уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэсэн үүргийг ч давхар хүлээлгэсэн юм байна.
Энэ талаар намын удирдлагуудаас дараах асуултад хариулт авлаа.

-Анхан шатны байгууллагууд намын дүрмийг шинэчлэх шаард­лага байна гэсэн байр суурийг хүчтэй тавьж байсан. Энэ асуудлыг Үндэсний зөвлөлдөх хороо яагаад хүлээж авсангүй вэ?

Д.Эрдэнэбат:-Ардчилсан нам,  намынхаа дүрмийг шинэчлэх шаард­­­лага байхгүй, харин тодотгох шаард­лага бол бий.

-Ээлжит бус Их хурлыг зар­лан хуралдуулна гэж байсан ч хуралдуулахгүйгээр шийдвэрлэж. Энэ нь нөгөө талдаа “Ардчилсан намаа сэрээх” клуб, бусад хөдөлгөө­нүүдийг тэмцэл рүү уриалах юм биш биз?

-Нам бүхэн зорилтот чиглэлээр Их хурлаа хийх юм бол зөв. Түүнээс намын даргаа, намын удирдлагуудаа үргэлж шүүмжлээд “Тэднийг сольчих­вол амьдрал сайжирна” гэдэг ийм жижигхэн улстөрийн хэмжээнд асуудлыг шийдэх бол энэ өвчнөө илаар­шуулж, эдгээж чадахгүй, улмаар нам байхын утга учраа алдана. Манай нам ийм агуулга руу явж байгаа.

Н.Алтанхуяг:-Бид дүрмэндээ на­мын их хурлыг дөрвөн жилд нэг удаа хийхээр заасан. 1.7 жилийн өмнө Их хурлыг хуралдуулж байсан. Тийм учраас дүрмээ барина.

-Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан дээр С.Эрдэнэ ги­шүүн “Таныг сонголтоо хий” гэхэд та өмнөөс нь “Эрдэнээ чи Н.Энх­баяртай есөн удаа уулзсан шүү” гэдэг үгийг хэлсэн. Энэ үг олон ний­тэд “С.Эрдэнэ Н.Энхбаяр гэдэг хү­ний даалгавраар Ардчилсан намыг хагалган бутаргах явуулгыг хийгээд байна уу” гэж хардахад хүргэлээ. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Н.Алтанхуяг:- Хэсэг хүмүүсийн уулзалтын тухай ярьсан. Энэ тухай ярих шаардлага нөхцөл үүссэн учраас хэлсэн.

Өөр намын зүгээс юм уу, өөр на­мын нэг хэсгийнхний зүгээс ярьдаг юмыг , бодлогыг  манай нам руу оруулах гэсэн бодлоготой хатуу тэмцэх шаардлагатай гэж намын даргыг хоёр жил гаруйн хугацаанд хийхдээ тун их тэвчээртэй, тун их дуугүй явдаг хүний хувьд ихээхэн тэвчиж, явж ирсэн, энэ удаад нэг удаа хэлэх шаардлагатай юм байна гэж бодсон. Тэгээд хэлсэн.

-МАХН нэрээ өөрчлөн, МАН болсон. Энэ нь МАН-ын хувьд хамтар­сан Засгийн газрыг бай­гуулахдаа зурсан, хамтарсан гэрээнд хариуцлага хүлээхгүй болчих вий гэсэн шүүмжлэлийг Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд олонтаа хөндсөн. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-АН, МАН хоёр байгуулсан гэрээ­нийхээ дагуу хариуцлага хүлээнэ. Тэр гэрээг хоёр жилийн өмнө байгуулсан, нийт 65 зүйлийг хийхээр төлөвлөсөн. Хамтран хийнэ гэсэн, тийм болохоор хамтдаа хариуцлага хүлээнэ.

Удтал хүлээлгэж байж хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөл­дөх хорооны ХХХII хуралдаанаас энэ удаад ээлжит бус Их хурлыг хурал­дуулахгүй, намын даргыг өөрч­лөхгүй, хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа сайдуудаа танхимд нь хэвээр үлдэж, сайн ажиллах үүрэг хүлээлгэлээ. Нэг үгээр хэлбэл, дараагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болоход сайдууд бүх чиглэлээр ажлаа сайжруулсан байх чиглэл авлаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж