
-Иргэний нийгмийн 30 байгууллага нэгдэж санамж бичиг гаргасан гэсэн. Үүнийхээ тухай ярихгүй юу?
-“Иргэдийн Альянс” төв, “Үндэсний Соёмбо” хөдөлгөөн, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн хамтраад зөвхөн эд нар ч гэлтгүй иргэний нийгэмийн байгууллагууд нэг талдаа гарч тэмцье гэж шийдсэн. Ингэж иргэний нийгмийн байгууллагууд нь нэгдсэнээр хариуцлагатай уул уурхай, сайн бизнесийг, хариуцлагатай тунгалаг төр цэцэглэнэ гэж үзэн уриалга гаргасан юм. Энэ уриалгыг дэмжиж иргэний нийгмийн 30 байгууллага бидэнтэй нэгдсэн. Дараа нь бид санамж бичигт гарын үсэг зурсан. Эдгээр байгууллагууд бүгд Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдаж, ард түмний мэдэлд байх баялаг төрийн хяналтаас гарч, байгалийн тэнцэл алдагдаж байна гэдэг дээр санал нэгдсэн. Зөвхөн иргэний нийгмийн байгууллагууд ч биш үндэсний зарим нэг компаниуд бидэнтэй нэгдсэн байгаа. Тэдний хүсэл нь зөв, шударга хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй бизнесийг л монголд цэцэглүүлэх явдал. Эдгээр нэгдсэн байгууллагууд энэ сарын 17-нд гарын үсэг зурсан юм. Бидний эцсийн зорилго бол иргэний нийгмийн байгууллага, бизнесийн бүлэглэл, төр нь бие, биенээ сонсож, хэлэлцээрийн ширээний ард сууж маргалдаж, мэтгэлцдэг эрүүл тогтолцоог л бий болгох явдал. Яваандаа төр, бизнесийн байгууллага, иргэний нийгэм гурван талын гэрээ байгуулж болох байх.
-Монгол 999 нэгдэл танайхтай нэгдсэн компаниудтай адилхан л зорилготой гэж харагдаад байгаа?
-Монгол 999 бол цэвэр бизнесээр нэгдсэн компаниуд. Яахав, санааг нь бол дэмжиж байгаа. Бидэнтэй нэгдсэн компаниуд хяналт тавих статусаар явах юм. Тэгэхээр чиглэл нь өөр.
-Өмнө нь та бүхэнтэй адилхан санамж бичиг гаргаад, тэмцээд явж байсан хүмүүс аль нэгэн намд орчихлоо. Та бүхний тэмцэл эдэн шиг замхрахгүй гэсэн баталгаа байгаа юу?
-Харин бид ийм байдалд хүрэхгүйн тулд хууль, эрх зүйн хүрээнд баталгаажуулах сонирхол байгаа. Гурван талт гэрээ хийлээ гэж үзэхэд Засгийн газрын тогтоол гаргана. Засгийн газрын тогтоол гарна гэдэг нь албан ёсны болно гэсэн үг. Албан ёсны болохоор аймаг, сум орон нутагт ч адил хэрэгжинэ. Жишээлбэл, Хэнтийд ч юм уу, Увсад ч юм уу ашигт малтмалын маргаан гарлаа гэхэд Засгийн газрын тогтоол байгаа учраас иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн захиргаа, тухайн компани нэг ширээний ард сууна гэсэн үг. Ийм учраас заавал шүүх гэлгүйгээр өмнө нь асуудлаа шийдэх боломжтой болох юм л даа.
-Оюутолгойн гэрээ батлагдчихлаа. Энэ нөхцөлд гурван талд яриад нэмэр гарах болов уу, галт тэрэг хөдөлчихсөн гэж яриад байгаа биз дээ?
-Галт тэргийг зогсоож болдог юм шүү дээ. Галт тэрэг явж байгаад замдаа эвдэрвэл зогсоод засвар хийдэг биз дээ. Оюутолгойн гэрээ бол галт тэрэгтэй зүйрлэвэл маш их эвдрэлтэй хөдөлсөн “галт тэрэг”. Замдаа тоормос нь гэмтээд, хөдөлгүүрт нь эвдрэл гараад зогсчихож ч магадгүй. УИХ-ын судалгааны төвийн гаргасан мэдээллээр бол гучин жилийн дараа монгол улс 300 сая долларын өрөнд орно гэсэн судалгаа гарсан байгаа.Тиймээс энэ гэрээг засах ёстой. Юуг нь засах ёстой вэ гэвэл УИХ-ын 40, 50 дугаар тогтоолыг засах ёстой. Мөн дээр нь үндсэн хуулийн үзэл баримтлал, байгаль орчны эвдрэлээс хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Энэ бүхэн гурван талт хэлэлцээрээс л харагдана шүү дээ. Удахгүй 2012 оны сонгууль болно. Сонгуулиас өмнө оюутолгойн гэрээгээ засахгүй бол энэ хоёр нам дахин сонгуульд ялах магадлал нь багасана гэдэгт итгэлтэй байгаа.
-Та бүхэн Оюутолгойн гэрээ батлагдахаас өмнө энэ тухай ярьж, хэлж байсан. Гэтэл гэрээ батлагдчихсан. Та бүхнийг тэмцэх гэж оролдох болгонд галт тэрэг явахгүй зогсчихвол яах вэ?
-Бид зогсооно гэж яриагүй. Сайжруулаад цааш нь явуулъя л гэж ярьж байгаа шүү дээ. Оюутолгойн гэрээ сайжрах ёстой. Монгол Улсын хуулиас дээгүүр үйлчилдэг гэрээ яавч байж таарахгүй. Биднийх шиг ийм байдалд орсон улс гүрэн олон улсын аль ч шүүхээр орсон гэрээ тэгш биш гэдэг нь батлагдана. Арбитрын шүүх гэж биднийг айлгаад байгаа биз дээ. Уг нь арбитрын шүүхээс бид айх учиргүй юм. Энэ чинь өөрөө хоёр тал ярилцаж шийддэг олон улсын сайн дурын үйл ажиллагаа шүү дээ.
-Засгийн газрын урилгаар болон хувиараа ирсэн гадны эрдэмтэд танай ирээдүй гэрэлтэй байна. Оюутолгойн гэрээ сайн гэрээ гээд байгаа?
-Уул уурхай, ашигт малтмалтай холбоо бүхий магнатуудын сүлжээ бол тухайн улсын Засгийн газарт нь байгаа хүмүүсийг худалдаад авчихдаг. Ялангуяа хүнд суртал, авлига, хээл хахууль давамгайлсан төртэй газарт бол бүр илүү. Гадныхан олон нийтийн тархийг угаах аргаа сайн мэднэ. Олон улсын хамтийн нийгэмлэгийн байгууллагуудын нэг хэсэг нь хөгжил буурай орныг хөл дээр нь босгоё гэдэг санаатай байдаг бол нэг хэсэг нь ардчилал гэдэг сайхан үгээр хуурч байгаад баялагыг нь муу хууль дээр суурилсан гэрээ хийж байгаад аваад гарах санаатай байдаг. Гадныханы ярьж байгаа бүх зүйл бодит байдалтай нийцэх албагүй. Танай ирээдүй гэрэл, гэгээтэй сайхан байна гэж байгаа хүн өөрөө ямар зорилготой хүн бэ, гэдэг нь танигдчихаж байна л даа.
-Тэгвэл бид яах ёстой вэ. Манайх шиг хөгжиж буй орон ямар ч туслалцаагүй ганцаараа хүчрэх үү?
-Ганцаараа гэдгийг их олон талаас нь тайлбарлаж болно шүү дээ. Монгол улс ганцаараа, Фрийдланд ч бас ганцаараа. Гэхдээ энэ нөхөр ямар аргаар Оюутолгойн гэрээг эзэмших, ашиглах болчихоод, ямар аргаар мөнгө босгоод байна вэ, гэдэг бол өөр асуудал шүү дээ. Монгол улс өөрийнхөө төсвийн хөрөнгөөр хайж олсон эд баялагыг үнэлээд, үнэлсэн эд баялагаа дэлхийн зах зээл дээр хувьцаа гаргадаг ч юм уу, ийм байдлаар ажилласан бол Монголын ард түмэн 100 хувь Тавантолгойгоос ашиг олж чадах л байсан. Харамсалтай нь Тавантолгойгоос хүртэх хувь нь ийм биш. Эрдэнэт ч одоо ийм байдалд байгаа. Оюунтолгойн бараг 93 хувь нь “Айвенхоу Майнз”-ын гарт оччих л үр дүнтэй байгаа шүү дээ. Ийм байдалд хүргэсэн нь манай төрд ажиллаж байгаа хүмүүсийн арчаагүй байдал, хээл хахуульд өртсөн байгааг харуулж байна. Энэ нөхдүүдийн хийсэн ажил нь л үүнийг нотлоод байна шүү дээ.
-Нэгэнт авилагад иддэгдчихсэн юм бол ярьж хэлэлцэж, та бүхний санамж бичгийг хүлээж авах болов уу?
-Тэд нар хүлээж авахгүй байх гэж бодож байна. Тэд хүлээж авсан ч цаг хугацаа хожих байдлаар л ажиллах болов уу гэж би хувьдаа сэжиглэж байгаа. Гэхдээ яахав үзье. Хэрвээ эд нар хүлээж авахгүй бол 2012 оны сонгуулийн өмнө ард түмэнд мэдээлэл өгнө. Тэгээд л иргэд өөрсдийнхөө сонголтыг хийг.
-Яагаад заавал сонгуулиар гэж, өмнө нь байж болохгүй гэж үү?
-Тэгэхээр бид өнөөдөр ард түмний өмнөөс хар бор ажлыг нь хийж, эцсийн үр дүнг ард түмэн л гаргах ёстой. Ардчилсан нийгэмд ард түмэн шууд оролцож болох зүйл нь сонгууль юм шүү дээ. Тиймээс ард түмэн зөв сонголт хийх байх.
-Засгийн газарт санамж бичгээ өгсөн үү?
-Үгүй. Бид нар гэрээний төслийг сайжруулах тал дээр ажиллаж байна. Сайн ярилцаж байж өгөх нь зүйтэй.
-Өөр хөндлөгийн ямар нэгэн байгууллага танайхтай хамтарч ажиллаж байгаа юу?
-Зуучлагчийн үүргээр Үйлдвэрчний эвлэлийг урьж ажиллуулна. Үйлдвэрчний эвлэл бол олон улсын гэрээ болон хууль эрх зүйн хүрээнд ажилладаг, эрхтэй байгууллага шүү дээ. Тэр журмын дагуу л ажиллана. Гэхдээ шийдвэр гарах төвшинд ажиллахгүй зөвхөн зуучлагчийн үүргийг л гүйцэтгэнэ.
-Тэгээд энэ нь… өмнөх тэмцэлүүдээс илүү гэж ойлгож болох уу?
-Зүгээр гудамжинд тэмцээд, өлсөөд, жагсаад, санамж бичиг хаячихаад явах биш нэг үгээр хэлбэл зууралдсан байдалтайгаар л ажиллана гэсэн үг. Их ч бай, бага ч бай ямар нэгэн үр дүн заавал гарах ёстой. Бүр стратегийн ач холбогдолтой үр дүн ч гарч магадгүй.