805 тэрбумын үнэтэй буруу жишиг

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

805 тэрбумын үнэтэй буруу жишиг

Ирэх оны нэгдүгээр сараас эхлээд төсвөөс буюу “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт сар тутам 21 мянган төгрөг өгнө. Нийтдээ жилийн хугацаанд 805 тэрбум төгрөгийг энэ байдлаар зарцуулах гэж байгаагаа эрх баригчид маань сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд хэмээн тайлбарлаж буй юм.

Төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед дээрх мэдээлэл уншигчдад шинэ зүйл биш болжээ. Энэ талаар бид өмнө ч нийтлэлдээ хөндөж, нийгэмд хуримтлагдсан тун олон асуудлыг 805 тэрбум төгрөгөөр шийдэж болохыг сануулсан. Гэхдээ иргэдэд сар бүр хорин мянган төгрөг тараах байдлаар орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулна гэдэг нь оновчтой, зөв арга биш болохыг хэлэхийг чухалчилсан юм.

Түүнчлэн тэр хэмжээний бэлэн мөнгийг иргэдийн гар дээр тараах нь эрэлтийг нэмэгдүүлж, инфляцийг хөөрөгдөх эдийн засгийн сөрөг үр дагавартайг ч сануулахыг зорьсон. Харин энэ бүхэнд эрх баригчид эмзэглэхгүй байна. Тэдний өмнөөс харин “төсвөө тэлэх тохиолдолд инфляциас сэргийлж, бодлогын хүүгээ нэмнэ” гэж сануулсан Монголбанкныхан л шүүмжлэлийн бай болов. Эцэстээ Монголбанкныхан бодлогын хүүг өнөөдрийн 11 хувиас нэмэхгүй гэсэн буулт хийж, гал намжаахаар шийдлээ. Угаасаа ч бодлогын хүүгээр инфляцийг барина гэдэг нь учир дутагдалтай алхам юм. Учир нь мах, гурилын үнийн өсөлтийг агуулсан Монголын инфляци нь бодлогын хүүгээр удирдагддаг инфляци биш. Гэтэл энэхүү өвөрмөц онцлогийг үл харгалзан Монголбанк барууны моделиор шинжилгээ хийж, бодлогын хүүгээр инфляцийг зохицуулах гээд байгаа нь угаасаа үр дүн муутай арга. Харин сөрөг нөлөө нь түүнээсээ илүү байх.

Төсвөөс иргэдэд бэлэн мөнгө тараах улстөрчдийн дээрх шийдвэрээс улбаалан банк, санхүүгийн салбарт чичиргээ, эдийн засагт доргио үүсэх гээд байхад тэдэнд санаа зовсон шинж алга. Тэдэнд 2012 оны сонгуулиар амласнаа биелүүлснийхээ төлөө сайн санал авах нь л чухал байгаа бололтой. Ер нь улс орны хэтийн хөгжил, эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангахад чиглэсэн төрийн бодлого эрх баригчдад хамаагүй мэт. Харин дөрвөн жилийг аргацааж, энэ хооронд сонгогчдын саналыг авахад чиглэсэн богино зайн тоглолтуудыг л чухалчилж ирсэн нь одоо ч хэвээрээ. 805 тэрбум төгрөгийг зомгол шиг жиргэж хаях гээд байгаа нь ч үүний л илрэл юм. Гэхдээ өмнөх нөхдүүд ч ингэдэг байсан гээд 805 тэрбум төгрөгийг нүдээ аниад тарааж болохгүй. Учир нь уул уурхайн орлогоос орж ирэх мөнгө ойрын ирээдүйд огцом өсөхөөр төлөвтэй байгаа төдийгүй үүнийг хөгжлийн хөшүүрэг болгож чадах эсэхийг тогтоох жишиг нь энэхүү 805 тэрбум төгрөг болох юм.

2008 онд алт, зэсийн үнийн өсөлт, Гэнэтийн ашгийн татвартай холбоотойгоор төсвийн орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хүмүүс санаж байгаа байх. Тэр үед ямар ч тогтворжуулалтын бодлого хэрэгжээгүй, шууд л орлогынхоо хэмжээгээр зарлагаа төлөвлөж орхисон. Тэр жилийн төсвийн төсөлд нэг тонн зэсийн үнийг 7500 ам.доллар байхаар тусгасан хэдий ч эхний гурван улиралд 8000 ам.долларт хүрч, тэгснээ дөрөвүгээр улиралд нь хоёр дахин буурч, 4000 ам.доллларт хүрсэн юм. Нэгэнт тэлчихсэн байсан төсвийг эргээд хумихаас өөр аргагүй байдалд хүрч, хямралын үеийн эдийн засгийг бүр ч хүнд байдалд оруулсан туршлага бидэнд бий.

Харин ирэх онд хөдөө аж ахуйн уналтыг тооцохгүй бол эдийн засгийн өсөлт 12 гаруй хувьтай байхаар байна. Энэ бол хүмүүсийн орлого нэмэгдэж, худалдан авах чадвар өсч байгаа бодит өсөлт биш уул уурхай голлосон өсөлт байх гэнэ. Нэг үгээр бол үүний үр ашгийг хүртэгчид нь цөөхөн, уул уурхайнхан л байх болно. Энэчлэн уул уурхайгаас орж ирэх мөнгөний хэмжээ цаашид огцом өснө. Гол нь энэ орлогыг эдийн засаг руу зөв голдрилоор оруулж, эдийн засгийн уул уурхайн бус массыг тэтгэх зөв жишгийг олох цаг болжээ. Үүний тулд өнөөгийн эрх баригчид сонгуулийн амлалтынхаа төлөө уучлал гуйгаад бэлэн мөнгө тараахаасаа татгалзлаа гэхэд нийгмийн эрүүл саруул хэсэг нь талархан хүлээж авна. Харин зүгээр суудаг, ядрахгүйгээр амьдрана гэж боддог хөдөөний голдуу хэсгийнхэн бухимдах л байх. Үүнээс айх юм юу байна? Тэртэй, тэргүй энэ хэсгийнхний сэтгэлгээнд нийцүүлж, эрүүл ухаалаг хэсгээ доош нь татаж унагах бодлогыг төр хангалттай хэрэгжүүлсэн.

Харин 805 тэрбум төгрөгөөр 130 сая төгрөгийн өртөгтэй ноос угаах найман үйлдвэр байгуулаад ажил хийж амьдралаа өөд татахар бэлэн байгаа нийгмийг хэсгээ өөд нь тат. Нэг хэсэг нь тэдгээр үйлдвэрт ажилд орно, нөгөө хэсэг нь ноос, түүхий эдээ нийлүүлнэ. Ингээд бодохоор хэдэн хүн ажлын байртай, хэчнээн өрх орлоготой болохыг тооцоолоход хэцүү биш шүү дээ.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж