
Эгнээсээ Монгол Улсын 10 баатар төрүүлсэн тус ангид энэ удаагийн ээлжинд алба хаахаар Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Дундговь, Улаанбаатар зэрэг аймаг хотуудаас 86 шинэ цэрэг татагдан ирсэн байна. Тэдний дунд дээд боловсролтой, гэр бүлтэй цэрэг цөөнгүй байгаа аж. Тэд тангараг өргөх гэж байгаадаа ихэд баяртай харагдаж байв. Зочид төлөөлөгчид тангарагийн баярын нээлтийн үг хэлсний дараа тус ангийн жанжин тугийг талбайн голд байршуулав. Ярайтал эгнэн жагссан цэргүүд нэрсийн дарааллаар ээлжлэн гарч ирэн тангарагаа уншиж, батламжинд гарын үсгээ зурцгааж, “Монгол улсын төлөө зүтгэе” хэмээн тангараглаж, жанжин тугандаа хүндэтгэл үзүүлээд эгнээндээ орон зогсож байв. Тангараг өргөж буй цэргийн ар гэрийнхэн энэ үеэр “Миний хүү, манай найз, ах тэнд байна” гэж ам уралдан хэлцгээж, зургийг нь авах, уулзах гэж урагш тэмүүлэх зэргээр багахан үймээн дэгдээж байлаа. Энэ үеэр тангараг өргөсөн цэргүүд болон тэдний ар гэрийнхнээс сэтгэгдлийг нь сонссон юм.
Сургууль, мотобуудлагын I салааны байлдагч М.Даваадорж: Тангараг өргөхөд өөрийгөө эр хүн боллоо гэж мэдрээд сайхан санагдаж байна. Уг гарал Завхан аймаг, гэхдээ Улаанбаатар хотоос ирсэн.
Улаанбаатар хотын иргэн н.Туяа: Дүү маань сургуулиа төгсөөд өөрөө саналаараа шууд цэрэгт явахыг хүссэн. Цэрэгт явна гэхэд нь дургүй л байсан. Гэхдээ одоо харахад сайхан байна. Эр хүн цэрэгт явж байж жинхэнэ эр хүн болдог юм байна.
Сэлэнгэ аймгийн малчин н.Ганболд: Бид хол гэлгүй хүүгийнхээ тангарагийн баярт оролцохоор Сэлэнгээс 16- уулаа ирсэн. Сарын дотор хүү маань сайхан болжээ. Цэргээс халагдахдаа жинхэнэ эр хүн болоод ирэх байх.
Байлдагч Г.Давааням: Эх орны хүү болно л гэж ирсэн. Гэтэл жинхэнэ буу зэвсэг барьж үзэх, цэргийн сургууль хийх нь огт өөр байсан. Одоо жинхэнэ эр хүн болон төлөвшиж,их юм сурч байна даа.
Тангарагийн ёслолын дараа тус ангийн захирагч Д.Батбаатар болон БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатар нар цэрэг дайчдад хандан “Цэргийн жинхэнэ албан татагдан ирээд тангараг өргөсөнд баяр хүргэе. Та бүхэн одоо эх орны цэрэг боллоо. Бүтэн нэг жилийн хугацаанд цэргийн эрдмийн суралцаад, хэрэв хүсвэл үргэжлүүлэн гэрээт цэргэр үлдэх боломж бий. Түүнээс гадна гэрээт цэргийн албан хаагч болсноор гадаадад эх орны нэрийн өмнөс “Энхийг сахиулах ажиллагаа”-нд оролцох боломж нээлттэй” гээд цэргийн албаа нэр төртэйгээр хаахыг ерөөв.
Удалгүй шинэ цэргүүд ирсэн зочид төлөөлөгчдөд сар гаруйн хугацаанд цэргийн эрдэм хэр сурсанаа харуулахаар салаа салаагаараа зэвсэгт тулаан, гардан байлдаан зэрэг жагсаалын бэлтгэлийн үзүүлэх тоглолтыг сонирхуулав. Энэ үеэр цэргүүд хоорондоо тулааны үзүүлбэр болох цохилт, өшиглөлт газар хүчтэй унах зэргийг хараад зарим эцэг эхчүүд “Яанаа, хүүг минь” хэмээн уулга алдах нь дуулдаж байв. Үзүүлэх тоглолтын дараа ангийн Соёлын төвд “Тусгай салаа” киноны уран бүтээлчид цэрэг эх орны сэдэвт уг кинонд тоглосон тухайгаа цэргүүд болон тэдний ар гэрийнхэнд харилцан ярилцсан юм. Учир нь ЗХЖШ-ны дүгнэж байгаагаар “ Тусгай салаа” кино гарсанаар энэ намар цэрэгт татагдсан залуус нилээдгүй нэмэгдсэн гэнэ. Тиймээс ЗХЖШ-ын удирдлагууд энэхүү киног хийх болсон учир шалтгааныг танилцуулав. Сүлдийн дүрийг бүтээсэн жүжигчин А.Алтанхуяг энэ үеэр дайчдад хандан “Гуравхан сарын хугацаанд цэргийн ангид байсан ч жинхэнэ эр хүн болохын тулд цэргийн алба хаах хэрэгтэй гэдгийг маш ойлгосон. Эх орныхоо төлөө, хайртай бүхнийхээ төлөө эр цэргийн албанд ирсэн та бүхэн албаа сайн хаагаарай” гэв. Дараа нь “Тусгай салаа” киноны “Хайрын зарлан” дууг дуулж, сүүлийн үед Дэндэвийн дуу хэмээн хит болсон “Ааваа зорино” нэртэй дууг дуулж сонирхуулав. Энэ дууг дуулахад зааланд байсан бүх хүн даган дуулж, цөөнгүй аав, ээжийн нүднээс нулимс унаж байгаа харагдсан. Хэдхэн хормын өмнө эх орныхоо төлөө зүтгэхээ тангараглаж байсан цэрэг эр тэрхэн зуурт ээждээ эрхлэн томоогүй жаал шиг өвөр дээр нь суугаад, энэхүү дууг дуулж байхыг харах сонирхолтой санагдсаныг нуух юун. Уулзалтын дараа шинэ цэргүүд өөрсдийн бэлтгэсэн концертоо эцэг эх, найз нөхөддөө толилуулж, төгсгөлд нь 32 бөхийн барилдаанаар “Тангарагийн баяр” сайхан болж өндөрлөв. Бөхийн барилдааны үзүүрт түрүүнд үлдсэн хоёр бөх чөлөөний хуудсаар шагнагдав. Дашрамд дуулгахад, ЗХЖШ-ын удирдах албаныхан энэ үеэр “Хуучин цагт цэргийн ангиас ирээдүйн аймаг, улсын цолтой бөхчүүд төрөн гардаг байв. Одоо ч дахиж цэргээс сайн бөх төрөх нь өнгөрсөн бололтой. Учир нь бөх барилдахаар сайхан бие хаатай залус цэрэгт татагдахаа байж, нөгөө талаар цэргийн хугацаа бага тул тэдний бие хааг тэгш болгоод бөх болгочих боломжгүй байна.” гэж хоорондоо ярилцаж байсан даа.