Хятад инфляцийн эсрэг удаах алхмаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.21-нд нийтлэгдсэн

Хятад инфляцийн эсрэг удаах алхмаа хийлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хурдацтай өсч буй инфляциа тогтоон барихаар БНХАУ-ын төв банкны зүгээс хүүгийн төвшинг дахин нэмэх шийдвэр гаргажээ. Тус улсын Ардын банкны зүгээс арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн хадгаламжийн хүүгийн хэмжэг 0,5 хувиар өсгөх болж байгаа нь энэ жилийн хугацаанд тав дахь, харин сарын хэмжээнд хоёр дахь нь болж байна.

    Өнгөрсөн сард гарсан статистик баримтад дурдсанаар Хятадын инфляцийн төвшин  4,4 хувь болж, 25 сарын өндөрлөгт хүрсэн юм. Үүний гол шалтгаан нь хүнсний үнийн өсөлт байв. Хүнсний худалдаа нь хэрэглээний үнийн индексийн гуравны нэгийг эзэлдэг ба аравдугаар сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүний үнэ жилийн өмнөхөөс 10,1 хувиар өссөн байгаа нь мөн хүнсний хямралаас хойшхи хамгийн өндөр хэмжээ болсон юм. Харин хүнсийг тооцохгүйгээр бусад бүтээгдэхүүний хэрэглээний индекс 1,6 хувь байсан аж.

    Гэхдээ тус улсын зүгээс мөнгөний бодлогодоо өөрчлөлт хийж, юанийн ханшийг өсгөх арга хэмжээ авах шинж одоогоор илрээгүй байна. Хятадын эдийн засаг харьцангуй тогтвортой хөгжлийн бодлого баримталж эхэлж буйгийн ачаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2010 онд 10 хувь, 2011 онд 9,5 хувь байж, 2012 онд есөн хувьд барих зорилготой байгаа юм.

    Бодлогын хүүгийн төвшнийг нэмэгдүүлснээр нэг жилийн хугацаатай зээлийн хүү 5,31 хувиас 5,56 хувь, харин нэг жилийн хадгаламжийн хүү 2,25 хувиас 2,5 хувь болж байгаа юм.

    Хүүгийн төвшинг нэмж байгаа нь 2008 оны арваннэгдүгээр сард боловсруулсан дөрвөн триллион юанийн хөгжлийн хөтөлбөрийн дуусгавар болж буйтай давхцаж байгаа ч инфляцийн өсөлт, өмчийн зах зээл, банкны кредитийн хувьд харьцангуй асуудалтай байгаа. Инфляцийн төвшин өссөнөөс дунд болон урт хугацааны зээл авалт багасч, өмчийн үнэ өссөн байна. 

    Гэхдээ тус улсын бодлого боловсруулагчид зээл олголтыг хязгаарлах арга хэмжээ авсан билээ. Гурав дахь орон сууцаа авах гэж байгаа иргэдэд зээл олгохыг түр зогсоож, олгох зээлийн нийт хэмжээг хязгаарласан юм. Орон нутгийн засаг захиргааг зээл олгохыг хориглож, мөнгөн хуримтлалаа нэмэгдүүлэх даалгавартай байгаа аж. Үүний үр дүнд жилийн өмнө 34 хувь байсан шинээр зээл авалтын хэмжээ аравдугаар сард 18 хувьд ч хүрээгүй байна.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж