
Дээрх хуулийн дагуу гол, мөрөн, усны болон ойн эх сан газар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудыг хөөв. Нэг ёсондоо ийм газарт үйл ажиллагаа эрхлэх лицензийг цуцлав. Үүнийгээ нөхөх олговор олгоно гэдгээр хаажээ. 254 компанид олгох нөхөн олговор гэдэг нэлээдгүй мөнгө болно. Тэрбум тэрбумаар зогсохгүй. Ийм хэмжээний мөнгө төсвөөс гарна гэсэн үг. Тэгвэл улсаас нэг удаа ийм хэмжээний мөнгө гаргахын оронд /100 мянгаад хүн ажилгүй, амьдралгүй болж байгааг тооцохоо байя гэхэд/ байнга орж ирэх татвараа бодоод уул уурхайн компаниудад ялгавартай хандалгүй, дэндүү хавтгайруулчихлаа гэсэн гомдол бизнес эрхлэгчдийн зүгээс гарч эхлэв. Учир нь “шинэ” хуулийн хүрээн дэх газруудад байгаль, орчноо бохирдуулаад байгаа нь бий ч бас ашигласан газар нутгаа нөхөн сэргээгээд жам ёсоороо яваа нь бас байгаа аж. Үүнийг ялгаж тогтоолгүй нийтэд нь авч үзэн хавтгайруулсанд үндэсний уул уурхайн компаниуд гомдолтой байна.