“Хүү минь эмээ, өвөө дээрээ өссөн болоод тэр үү их нялхамсаг. Эхнэр аваагүй байхдаа аав, ээж хоёрын дунд унтчихъя гээд л өвөрт унтчихдаг байсан. Эхнэр авснаас нь хойш муу хүүгээ өвөртөлсөнгүй. Өвөртөлж унтах нь бүү хэл тавтай ч хэдэн үг сольсонгүй. Энхбатын өмчний хүү биш ард түмний хүү болсон хүн юу хэлэх вэ” хэмээн пийшингийнхээ хажууд суугаад хаа нэг тамхи соронгоо хууч дэлгэж суугаа эрхэм бол Бээжингийн ХХIХ зуны олимпийн алтан медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, боксчин Э.Бадар-Ууганы аав Ж.Энхбат гуай. Аваргын төрж өссөн голомтод зочилж, хүүгийнх нь талаар ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Та сайхан намаржиж байна уу?. Ёстой нэг өгөөжөө өгсөн намар боллоо шүү. Танай гэр бүлийн хувьд төдийгүй монгол түмэн өнөөдөр ч олимпийн тухай хуучилсаар байна?
-Сайхан намаржиж байна. Хүү минь дэлхийн дэвжээнээ Монголын нэрийг дуурсгаж, Монгол төрийн дуулал Бээжингийн тэнгэр дор хоёронтоо эгшиглэсэн сайхан намар боллоо. Өнөөдөр ч хөөрсөн сэтгэл минь намжаагүй, монгол түмэн баяраас минь хуваалцсан хэвээр байна. Ирэх гурав дахь өдөр Төв аймгийн нутгийн зөвлөл дэлхийн аварга хүүгээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэх гэнэ. Дараа нь 10-нд миний төрж өссөн Баяндэлгэр сумынхан маань хүлээж авна гэсэн. Хөгшин бид хоёр хүүдээ болон өөрсдөддөө дээл,гутал бэлтгээд баахан гадуур харайлгаж яваад сая орж ирлээ. Багаас орос хувцаст дассан учраас монгол дээлтэй болъё гэж огт санаж байсангүй. Гэтэл иймэрхүү үед орос хувцас тийм ч зохимжтой биш юм байна. Бид чинь тэгж байгаад дандаа л залуу сайхан явах юм шиг санаж байж. Нас ахихын цагт гаргаад өмсчих хэдэн сайхан дээлтэй байж л хүний нүдэнд дулаан харагдах бололтой. Орос хувцас ч дэгийгээд л.
-Орос хувцас гэснээс та чинь цэргийн хүн юм аа даа. Хананд өлгөөстэй зургаас тань харахад цэргийн хувцас маш сайхан зохидог юм байна?
-Би чинь хамаг л залуу сайхан насаа зам дээр зогсоож өнгөрөөсөн хүн. Жирийн цагдаагаас ахмад цол хүртэтлээ, замын цагдаад ажилласан. Цэргийнхэн эрт тэтгэвэрт гардаг болохоор дөч дөнгөж гараад л гэртээ суусан. Одоо бол үгүй л дээ. Дүүгийнхээ барилгын компанид менежер хийдэг.
-Аваргын угсаа гарвалыг ард түмэн ихэд сонирхож, сонин сэтгүүлийн хуудас эргүүлж суугаа нь дамжиггүй?
-Хөгшин бид хоёр энэ л хонхорт насыг барж явна. Угсаа гарвалын тухайд Төв аймгийн Баяндэлгэр сумынх. Би тэнд сумын найман жилийн сургуулийг дүүргэсэн. Бидний угсаа гарвалын тухайд миний эцэг Л.Жигжид нь Зүүн хүрээнд шавилж байгаад хэлмэгдүүлэлтийн үеэр хар болсон хүн. Их хожуу гэрлэж, зургаан хүүхэд төрүүлсний багын дээд тал нь бий. Аав, ээж хоёр маань насаараа сумын ахуйн үйлчилгээнд ажилласан ажилчин улс байлаа.
-Тэгвэл танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Эхнэр бид хоёр намайг Орост сургуульд явахын өмнөх жил гэрлэсэн. Манайх эдүгээ хоёр хүү, ганц охинтой. Бадараа маань миний том хүү. Намайг оюутан байхад төрсөн. Хүүтэй болчихлоо гэж дуулаад хөл газар хүрэхгүй харайлгаж явсан нь саяхан мэт боловч хөгшин бид хоёр одоо эмээ, өвөө болчихоод сууж байна. Том хүү маань хадмын гал дээр гарсан галын зээ хүү гэх утгаараа нэлээд эрх өссөн.
-Э.Бадар-Ууган гэх нэрийг танай хадам хөгшид хайрласан уу?
-Тийм ээ. Тэдний хайрласан нэр. Бадраагийн дараах нь охин. Эрдэнэчимэг гэдэг. Би нэрийг өгсөн. Бага хүүдээ нэр хайрлахдаа ах, эгч хоёрынх нэрийг хуваагаад Бадар-Эрдэнэ хэмээсэн. Миний үеийнхэн одоогийн залуус шиг ламдаж, өдөр судар харж нэр өгдөггүй байсан юм. Бадар-Эрдэнэ маань ах шигээ спортын хүн болох санаатай жү-до бөхөөр хичээллэдэг. Жү-до гэснээс Бадараа чинь багадаа үндэсний бөхөөр хөөрхөн барилдчихдаг байсан юм. Дархан мэх нь хөл авах.
-Боксоор хичээллээд алдсангүй шүү дээ, олимпийн аварга болчихлоо?
-Тийм шүү. Монголын эрэгтэй хүүхэд бүр багадаа хөдсөн дээлийн захаа урагдтал барилддаг. Тэр хэрээр бие нь задарч хөгждөг л дөө. Бадараа багадаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хөдөлгөөн нь нүд гүйцэхийн аргагүй тийм хурдан. Түүнийг нь манай эхнэрийн эгчийн нөхөр Дамдинбазар анх олж харсан. Тэрбээр залуудаа шаггүй боксчин явсан юм. Бас өөрөө хүүгүй, гурван охинтой учраас Бадараад их сайн. Тэгээд нэг өдөр надад “Хоёулаа Бадарааг боксчин болгоё” гэдэг юм байна. Тэр саналыг эхнэртээ хэлтэл “Бокс хэрэггүй спорт, толгой руугаа нүдүүлсээр байгаад “сёзотой” болчихдог юм гэнэ лээ” гээд халгаадаггүй. Миний тухайд мэргэжлийн хүн зөв харсан байж таараа гэж бодоод зөвшөөрсөн. Тэгээд л бид хоёр Бадарааг дагуулаад “Алдар” спорт хороон дээр очиж байлаа. Хүү бид хоёр тэндээс гараад Сүхбаатарын талбайд хамтдаа зургаа татуулж байсан. Одоо зургийн цомогт бий. Бадараад боксын анхны цагаан толгой зааж, эдүгээ ч түүний төлөө зүтгэж яваа хүн бол Ганзориг багш шүү дээ.
-Бокс заримдаа их хүнд спорт мэт санагддаг л даа. Үнэндээ ч хүүгээ “зодуулж” буйг харах ямар ч эх хүнд сайхан харагдахгүй. Тэр утгаар нь хүлээж авсан байх. Харин танд хүүгээ боксын дэвжээнд хүчээ үзэж байхыг харах ямар санагддаг вэ. Ялах ч яахав сайхан. Харин ялагдахыг нь харах хэцүү биз?
-Хүү минь боксоор хичээлээд нэг их удалгүй улсын чанартай тэмцээнд орсон. Тэндээс анхныхаа хүрэл медалийг авч байлаа. Тэр ялалт хүүд маань төдийгүй манай гэр бүлд тамирчин хүний ар гэрт ялалт ямар үнэ цэнэтэй ирдгийг ойлгуулсан гэж би хувьдаа бодож явдаг. Би хүүгийнхээ оролцсон тэмцээн бүрийг бүр эхний эгнээнд сууж байгаад үздэг. Анхандаа жаахан эвгүй санагддаг байсныг нуугаад яахав. Одоо бол жирийн үзэгч биш шүүгчийн байр сууринаас хандана шүү дээ. Алдаа оноог нь дэнслээд.
-Та хүүгийнхээ анхны ялагдлыг эдүгээ санадаг уу?
-Саналгүй яахав. Зургадугаар ангид байхдаа “Олимпийн гараа” тэмцээнд орж, тоглолтын явцад хамартаа цохиулаад хасагдаж байлаа. Тэмцээнд орохын өмнө шингэн зүйл их уухаар тэгдэг юм билээ. Түүнийг нь бид яаж мэдэхэв. Анхныхаа алтан медалийг хэрхэн авсан нь миний санаанд тод үлдэж. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангачихаад байхад нь яг өнөөдрийн олимпийн аварга болчихсон юм шиг нь баярлаж байлаа. Тэгтэл мөнгөн медалийн төлөө, нөгөөдөр нь алтын төлөө тоглож, ялалт байгуулсан. Айл хотлоороо, ахан дүүсээрээ цуглаад анхны алтан медалийг нь угаасан. Хүүгээ тэмцээнд орох бүрт энэ тухай боддог.
-Өнөөдөр та хүүгээрээ, хүүгээр чинь эх орон нь гоёж байна. Тэр хэрээр танд эрхэлж, тантай аминчхан яриа дэлгэх завгүй болж байгаа байх даа?
-Тэгдэг юм байна. Олимпоос ирснээс хойш бид хоёр тавтай гурван үг солиогүй л явна. Утсаар яриад л. Хүү маань их ядарч байгаа. Урьсан заллага бүрт очоод л. Очихгүй байж болохгүй юм чинь, яая гэхэв. Өчигдөр орой ээж рүүгээ яриад гарынх нь банштай, будаатай цайг захиалж байна лээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа гэр хороололд зочилсон нь Сэрдамба танай хоёрынх байлаа. Ерөнхийлөгчийн гэнэтийн айлчлал олон хүнд аятай сэтгэгдэл төрүүлэх шиг болсон. Таны хувьд хэр сандарч тэвдэв?
-Бид их амны хишигтэй улс. Монгол Улсын Ерөнхийлөгч манай хойморт хөгшин бид хоёртой зэрэгцэж суугаад ярилцах юм гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Алтын төлөө барилдах тэр өдөр гэв гэнэт Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан ирээд гэнэтийн айлчлалын тухай дуулгасан. Бид ч ёстой бажиг харайсан даа. Яах учиртайгаа мэддэггүй. Тэгтэл ашгүй ёслолын албаных нь заагаад өгдөг юм билээ. Тоглолт ч дууссан, гэр дүүрэн хамгаалалтын улс. Хамар хашааны маань улс хүртэл орж ирж чадаагүй. Хашааны орой дээгүүр хүртэл Шар хадныхан шаваад л. Сүртэй юм билээ. Тэр үед Ерөнхийлөгчтэй юу ярьсанаа одоо би бодоод бодоод санадаггүй юм. Ямар ч байсан Бадарааг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж ярьж байснаа там тум мэддэг. Хүний сэтгэл их хөөрөхөөр өөрийгөө хянах чадваргүй болох юм гээч. Хөөрөөд л, яриад л байсан.
-Тэр үед бичлэг хийж чадаагүй юу?
-Юун бичлэг. Тэр тухай санасан хүн манай хэд дотор нэг ч байгаагүй. Харин одоо зав гарахаараа телевиз, сонины газруудаар явж бичлэг, зурагнуудаа цуглуулах санаа байна. Хожим үр ач маань үзэг дээ.
-Аварга өөрийнхөө тоглолтын талаар юу гэж байх юм?
-Тэр талаар юу ч яриагүй. Харин хөгшин бид хоёр алт авахын тоглолтын урьд шөнө унтаж чадаагүй. Хөгшин байсхийж байгаад сүү өргөнө. Бас телевизээр дэндүү магтаад байна, цагаан хэл ам хүрчихнэ гээд лам хараар зөндөө явсан. Телевизийнхэн ч хэдийнэ гар утасны дугаар мэдчихсэн, ярилцлага авъя, хамтдаа тоглолтыг нь үзье гээд нэлээд юм болсон.
-Тоглолтыг нь хамтдаа үзье гэснээс та Бээжин явж чадаагүй юм уу?
-Уул нь би явах гэж байсан юм. Гэтэл гэрээсээ гарах гэж байгаад шатнаас хий гишгэж буугаад хөлөө хугалчихсан. Одоо бодох нь ээ, би барцадыг нь авсан юм шиг байна лээ. Хүмүүс ч тэгж байсан.
-Та бэр, зээ хоёрынхоо тухай яриач?
-Манай бэр их сайн охин. Манай арын гудамж. Энэ хоёр чинь наймдугаар ангиасаа л үерхсэн. Эцэг, эхийг нь дэндүү сайн мэддэг улс учраас гэрлэж барихад нь хөгшин бид хоёр баяртайгаар хүлээж авсан. Бадараагийн хоол, унд, хувцас хунарыг нь тэр хүн л мэднэ. Харин зээгээ хэрхэн эрхлүүлэх нь бид хоёрын хэрэг.
-Хүү чинь өрх тусгаарласан уу. Олон хүн байр амалж байсан учраас л асуучихлаа?
-ШШБЕГ-ын хамт олны өгсөн хоёр өрөө байранд одоо түр амьдарч байгаа. Тэндээ цаашид амьдрах эсэх нь одоогоор шийдгүй байгаа. Тэр гурав маань шөнийн бор хоногт л гэрийн бараа хардаг юм. Бадараа бэлтгэл сургууль, тэмцээн гээд эзгүй голдуу байдаг болохоор бэр, зээ хоёр маань хоёр гэрийн дунд л явцгаадаг. Өөрийн гэсэн орон сууцтай болоод ч тэндээ төдийлөн дасахгүй байгаа бололтой. Дэндүү бидэнтэй дассан учраас тэр биз.
-Тэгвэл танайх тэр гуравтаа хань болох гээд эндээсээ нүүх нь ээ дээ?
-Манайх энэ намартаа багтаж шинэ байранд орно. Цугтаа юу, салж нүүх үү гэдгийг хүү шийднэ.
-Аварга яг одоо ямар машин унаж байгаа вэ?
-Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа авсан хар машинаа унаж байгаа. Харин манай сумынхан Ланд-200 өгөхөөр бэлдээд байгаа гэсэн. Уржигдар номер авах гээд бичиг баримтыг нь аваад явна лээ.
-Нутгийн зөвлөлөөс гадна аж ахуйн нэгж, албан байгууллагууд байр машин өгнө гэж байсан. Тэр бүх амлалт биеллээ хэр олж байх юм?
-ШШБЕГ л манайхаас холгүй, цэргийн 72 дугаар хотхонд баригдсан шинэ байрнаасаа өгсөн. Бусад нь тэгж байгаа өгөх байх аа.
-Би аваргыг “Алдар” спорт хорооноос тамирчны гараагаа эхэлсэн гэж мэддэггүй юм байна. Сүүлд “Сүлд” спорт хороогоор овоглох болсон байх нь ээ?
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд орохын өмнө “Сүлд” спорт хороо өөрийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцож байхыг санал болгосон. Энэ бол хүүгийн өөрийнх нь шийдвэр. ШШБЕГ чинь мундаг зохион байгуулалттай хамт олон. Тамирчдынхаа төлөө чадах бүхнээ хийж байгаа. Манай гурав чинь гурвуулаа эндхийнх.
-П.Сэрдамбын аавтай та хэр дотно вэ. Бие биенийхээрээ орж гарна биз?
-Бид эртний танилууд. Хүүхдүүдийнхээ бэлтгэл сургуулилт дээр дандаа тааралдаж, амар мэндээ мэдэлцэж, хүүхдүүдийнхээ талаар санал бодлоо солилцдог улс.
-МИАТ Бадарааг нисэхийн сургуульд оруулна. Зардлыг нь даана гэж байсан. Та дуртай байгаа юу?
-Хүү маань бэлтгэл сургуулилт гээд номын мөр хөөж чадаагүй юм. Хэдэн жилийн өмнөөс Цагдаагийн дээд сургуульд эчнээгээр суралцаж байгаа авч мөнөөх л тэмцээн уралдаан гээд хичээлдээ сууж чадахгүй байгаа. Сурч чадвал нисгэгч шиг сайхан мэргэжил хаа байхав. Нас нь залуу юм хойно чадах байх аа. Би сайн нисгэгч болно гэдэгт итгэлтэй байгаа.
-Ингэхэд та хүүдээ хамгийн сүүлд алган боов хүртээснээ санадаг уу?
-Би гурван хүүхэддээ ерөөсөө гар хүрч үзээгүй. Харин хатуу шаардлага тавьдаг. Бага байхад нь цагаан гэгээ тасрахаас өмнө гэртээ орж ирэхийг шаарддаг байлаа. Түүнээс хойш орж ирвэл хэрэг тарьсан гэж ойлгоно шүү гэнэ. Нэг удаа ажлаа тараад иртэл Бадараа гэртээ байдаггүй. Бүрий тасарч харанхуй боллоо. Хашааны хаалга чагнаад байж байтал гадаа хүн дуудах нь тэр. Эвгүй л юм бодогдлоо. Тэгтэл харин, Бадраа манай хавийн цэргээс ирсэн томчуудыг дагаад бааранд орж. Баарны эзэн ч тэднийг танидаг учраас гаднаас нь түгжээд явчихсан байхгүй юу. Шөнө орой болсон хойно ирж онгойлгохоор нь “ааваас айгаад байна, хүргээд өг” гэснээр нь тэд нар хүргэж ирж байгаа нь тэр юмсанж.
-Аваргын цайллага хэдийд болох бол хэмээн чих тавин суугаа хүмүүс олон байгаа байх даа?
-Хүү бид хоёр уулзаагүй учраас тэр талаар надад мэдэх зүйл алга. Ямар ч байсан хүүгийнхээ цаг завыг харж байгаад нэг юм бодно.
-Та хүүгийнхээ багш нарт баярлаж, талархсанаа илэрхийлж амжсан уу?
-Хүү маань хамгийн түрүүнд гараас нь хөтөлж, их спортод хөл тавиулсан Ганзориг багшдаа очиж үнсүүлсэн. Тэр хүний гавьяа зүтгэлийн үр дүнд хүү минь өдий зэрэгтэй яваа юм. Бас боксыг шинэ өнгө төрхтэй болгосон Д.Банди багшийн хөдөлмөрийн бид энд онцгойлон дурдах учиртай. Мөн боксын төлөө сэтгэл оюунаа зориулсан бүх хүмүүст талархаж явааг минь дамжуулж өгөөрэй. Ард түмэн эв нэгдэлтэй байвал ямар амжилтад хүрдгийг бид харлаа шүү дээ. Төр, засаг ч чадлынхаа хэрээр эднийг дэмжиж байгаа. Энэ бүхний үр дүнд монголчууд бид олимпийн аваргатай болж чадсан.
-Би дээр асуух гэж байгаад мартчихаж. Танай удам сударт Бадар-Ууган шиг баатар болсон хүн бий юу?
-Байхгүй ээ, ойн медаль, “Алтан гадас” одонгоор шагнуулсан улс мэр сэр бий.
-Сүүлийн асуулт. Бокс хэн бүхний хичээллэж болох, тэр хэрээр амжилтад хүрэх спорт мөн үү. Эсвэл эр зоригийн спорт уу. Яагаад ингэж асуух болов гэвэл, олимпийн аваргууд маань дандаа гэр хороололд ус зөөж, түлээ хөрөөдөж өссөн залуус. Эрх танхи, байрны хүүхдүүд тэсвэр тэвчээрийн хувьд тэдний энд хүрдэггүй юм шиг ээ?
-Үнэн шүү. Эрх танхи, нялцгай зантай хүн бол бэлтгэл сургуулилтийн хатуу, бэрхийг давж чадахгүй, дундаас нь няцаж мэднэ. Т.Үйтүмэн нэгэнтээ “Ус зөөж, мод хагалж, хатуу хүтүү амьдралыг туулсан хүн л боксоор хичээллэж чадна” гэж хэлж байсан нь оргүй зүйл биш байх.
Ч.Чулуунцэцэг, Н.Бурмаа /2008.09.04/