С.Эрдэнэ: Н.Алтанхуяг дарга аа сонголтоо хий

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Н.Алтанхуяг дарга аа сонголтоо хий

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын уур амьсгал нэгэн үе ширүүслээ. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санал хэлэх үеэрээ уг хуралдааныг хөгийн хурал болж байна гэж дүгнэв. Тэрбээр “Хамтарсан Засгийн газрын гэрээнд зааснаар нэг жилд 60 мянгаас доошгүй иргэнийг ажилтай болгоно гэж заасан. Гэтэл өнөөдөр 3300 хүнийг ч ажилтай болгож чадаагүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Үндэсний аюулгүй байдалд нөлөөлчихөөд байхад, сайд С.Баярцогт юуг нь цэцэрхээд гайхуулаад байгаа юм. Эхлээд Оюутолгойг луйвардсан, одоо Тавантолгойг луйвардах гэж байна. Та нар битгий хоноцын сэтгэлээр ханд. Ардчилсан нам ард түмний өмнө хариуцлага хүлээдэг нам. Бүлгийн дарга Ч.Сайханбилэг бүлгийг төлөөлж, илтгэл тавилаа. Илтгэлээ яагаад бүлгээр хэлэлцүүлж болоогүй юм, би наад илтгэлийг чинь олж хараагүй. Шөнөжин өөрөө нэг юм сарааччихаад түүнийгээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн илтгэл болгох.

    Ардчилсан нам үзэл баримтлалаа хулгайд алдаж дууслаа. Одоо энэ хурал болж байгаа танхимын тайз засалт яг МАХН-ын ХХVI их хурлынх шиг ихэр харагдаж байна. Өнгө нь ихэр, нэр нь ихэр, юугаараа ялгарч байгаа юм бэ. Үмх мах, зүсэм талхгүй иргэн олон байна. Өнөөдрийн энэ нийгмийн үнэнийг Ардчилсан нам хэлдэггүй юм бол өөр хэлэх улстөрийн хүчин байхгүй. Хамтарсан нэрийн дор биедээ найр тавьж, хуйвалдах эрх байх ёсгүй.

    Ардчилсан намын ялалтыг хулгайлахын тулд С.Баяр стандарт бус Засгийн газрыг байгуулах шийдвэр гаргаж та бүхэн баяр ёслолын байдалтай хүлээн авсан. Тавантолгой, Оюутолгойн хөрөнгөнд шунаж, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлыг зохион байгуулсан. Монголын зуун зуун залууг хоморголон шоронд хийсэн. Шатсан байрандаа МАХН төсвөөс 11 тэрбум төгрөг гаргаж, 10 давхар байшин бариад одоо ашиглалтад оруулах гэж байна. Яахаараа МАН-ын дарга Ардчилсан намын даргыг дуудаж, үүрэг өгөх ёстой юм бэ.

    Энэ үед Н.Алтанхуяг дарга тэвчээр барагдаж буйгаа илэрхийлээд, “үүрэг өгдөггүй юм С.Эрдэнэ гишүүн ээ. Та ёс зүйтэй байна шүү” гэв. Улмаар тэрбээр “Тэгж ярих юм бол өөрийг чинь Н.Энхбаяртай есөн удаа уулзсаныг чинь мэдэж байна шүү” гэлээ.

    С.Эрдэнэ гишүүн үгээ үргэлжлүүлж, “Та тагнуулын ажлаа сайн хийдэг юм байна. Та нэг бол намын даргаараа үлд, эс бөгөөс стандарт бус Засгийн газартаа Тэргүүн шадар сайдаараа үлд. Сонголтоо хий. Та авгай, хүүхнүүдийн хов ярьдгаа боль” гэснээр үг хэлэх хугацаа нь дуусав.

    Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд саналаа хэлж байгаа гишүүдийн хувьд өнөөгийн Ардчилсан намын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах нэг хэсэг байгаа ч бас хамтарсан Засгийн газарт орсон явдал нь том том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түлхэц өгч, түүхэн үүрэг хүлээсэн гэж эерэг талаас үнэлэлт өгөх хэсэг ч бас байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Батбаяр, нийтлэлч Баабар нар Ардчилсан нам эвлэлдэн нэгдсэн цагтаа ялалт байгуулж чаддаг бол эвдрэлцсэн үедээ бие биентэйгээ тулалдсаар ялагдал хүлээдэг урьдын гашуун туршлага байгаа тул аль болох эе эвээ хичээх ёстой гэсэн үгийг энэ хуралдаанд оролцож байгаа Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдэд хандан уриалсан юм.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж