Цахим гарын үсэг хэрэглэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Цахим гарын үсэг хэрэглэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу санаачлан боловсруулсан “Дээд боловсролын санхүүжилт, сурагцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. 

         Одоогоор манай улсын дээд боловсролын салбар бүхэлдээ суралцагчдын сургалтын төлбөрөөс хараат, суралцагчид нь ч төрөөс санхүүгийн дэмжлэг авах, шаардлагатай үйлчилгээг хүртэх бололцоо хязгаарлагдмал байгаа ийм нөхцөлд сургалтын төлбөрийн хэмжээнд хяналт тогтоож, төлбөрийн зарим хэсэгт дэмжлэг үзүүлэх нь хуримтлагдсан асудлыг шийдвэрлэж чадахгүй гэж Ерөнхийлөгч үзэж байгаа аж. Иймээс тэрбээр боловсролын санхүүгийн механизмыг бүхэлд нь авч үзэхийн хамт суралцах үедээ орлогогүй байгаа иргэддээ үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн болон нийгмийн хамгааллын цогц зохицуулалт бүрдүүлэх бодит хэрэгцээ, шаардлагын үндэслэн энэхүү хуулийн төслийг санаачилсныг Тамгын газрын дарга дурдлаа.

         Нийт зургаан бүлэг, 20 зүйл, 160 заалт бүхий энэ хуулийн төсөлд дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын сургалтын төлбөр, суралцах, судалгаа хийхтэй холбогдсон зардал, суралцах хугацааны амьжиргааны зардлыг санхүүжүүлэх зориулалтаар төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, энэхүү дэмжлэг нь цалин, тэтгэлэг, тэтгэмж, мөнгөн урамшуулал, хөнгөлөлттэй зээл зэрэг төрөл хэлбэртэй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Тухайлахад дээд боловсролын сургалтын байгууллагад зохих шалгуурыг нь ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдад цалин олгох бөгөөд хичээлийн нэг жилд олгох цалингийн хэмжээ нь 10 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тал хувьтай тэнцүү байхаар тусгаж, үүнийг Хүний хөгжил сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлж байхыг санал болгосон байна. Түүнчлэн сурлагын өндөр амжилт гаргасан, тодорхой шаардлага хангасан сургууль болон улс оронд нэн чухал хэрэгцээтэй мэргэжлээр суралцагчдад урамшууллын тэтгэлэг олгож байхаар тусгажээ.

         Хуулийн хэрэгжүүлэхэд улсын төсвөөс жилд дунджаар 43.6 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангаас 88.8 тэрбум төгрөг шаардагдах тооцоо хийж, хуулийн төсөлд хавсаргасан байна.      

          Мөн Засгийн газраас санаачлан боловсруулсан Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар энэ өдөр өргөн барив. Манай улсад өргөнөөр ашиглагдаж байгаа цахим гарын үсгийг энгийн гарын үсгийн нэгэн адил хүчинтэйд тооцож баталгаажуулдаг болох, түүнийг ашиглах журмыг тодорхой болгох, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг бүрдүүлэх чиглэлээр цахим гарын үсгийн хэрэглээтэй  холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагыг харгалзан  энэхүү хуулийн төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  
         

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж