
-Төрийн банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар Төрийн банк болоод бусад арилжааны банкуудын алинд нь ч дампуурах, үйл ажиллагаа нь доголдох үзэгдэл гараагүй гэдгийг баттай хэлье. Тус банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар хэвийн байна, өөрийн хөрөнгө хангалттай байгаагийн дээр зээлийн эргэн төлөлт ч сайн байгаа. Төрийн банкны нийт актив 180 тэрбум төгрөг, зээлийн хэмжээ 48 тэрбум, чөлөөт эргэлтийн мөнгө 100 орчим тэрбум төгрөгт хүрээд байна. Зоос банкнаас шилжүүлсэн 70 тэрбум төгрөгийн зээл ч эхнээсээ хэвийн төлөгдөж байгаа. Харин уг банкыг хувьчлах эсэх нь Засгийн газрын шийдэх асуудал. Бидний зүгээс бол аль болох богино хугацаанд хувьчлах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа. Төрийн банкыг төрийн мэдэлд удаах хэрэггүй гэдгийг хэлэх байна гэлээ.