-Говийн ноён Хутагт Данзанравжаагийн эргэл мөргөлөө хийж, номын айлтгалаа үйлдсэн энэхүү хийдийг дээрээс харахад вааранд суулгасан цэцгийн хэлбэртэй байгуулсан байдаг. Хийдийн ар талд байрлах бэлэг хадыг ноён хутагт өдрийн турш аравнайлан арц, хүж уугиулан, рашааны дээжээ өргөн өнжсөн гэдэг. Ноён хутагтаас энэ ямар гээч ид шидтэй хад хайрхан байна вэ гэхэд хутагт “Энэ хад цохио нь эр хүнд чадал чансаа, аз жаргалыг бэлэглэх, эм хүнд сайн хань сайхан үр заяах, хүний амьдралын болж бүтэхгүй бүхнийг тэгшлэх заяатай хад юм. Үүнийг бадамлянхуа цэцгээр тахих учиртай” хэмээн айлдсан байдаг. Энэ дагуу 1836 онд Дэмчогийн хийдийг байгуулсан. Цэцгийн найман дэлбээнд найман суварга байгуулсан гэж тайлбарлав. Дэмчогийн хийдэд улааны шашны зан үйлийг илэрхийлэх олон зүйлс байдгийн нэг нь нар буруу тойрох учиртай нэгэн суварга юм. Диваажингийн орны авидын суварга гэх тэрхүү суваргыг нар буруу тойрох тусам ариусдаг нигуртай гэнэ. Хийдийн дотоод засал шүншиг равнайг бурханч лам Г.Пүрэвбат өөрийн шавь нарын хамт бүтээсэн юм байна. Уг хийдийн зүүн өмнөд талд энергийн хад байрлах бөгөөд уг суудалд ноён хутагт сууж номын ширээгээ залж, баясалгал үйлддэг байсан түүхтэй юм. Тэрхүү энергийн суудалд суун туурвисан олон арван бүтээлийн нэг нь “Үлэмжийн чанар” дуу ажээ. Хийдийг энергийн төв хэмээн нэрлэх болсны учрыг тогтоохоор олон эрдэмтэн мэргэд зорин очиж байжээ. 2007 онд ШУА-ийн физикийн хүрээлэнгийн доктор Дашням уг хийдэд очиж энергийн төв цэг болон бүсийг тогтоожээ. Тийн тогтооход хутагтын номын ширээгээ залсан хад энергийн гол төв цэг нь байсан гэнэ. Гол цэгээс 15 км-ийн радиуст энергийн бүс байгааг эрдэмтэд тогтоожээ. Харин сансрын зурагт Дэмчогийн хийдээс тал бүрт 30 км-т хүний биед эерэг нөлөөтэй агаарын хуйлрал байгааг баталжээ. Тиймээс Дэмчогийн хийдийг энергийн төв цэг болгосон байна.
Д.Цээпил