
Ирэх зун Их Британийн бага хэмжээний тоглолтууд, хөгжмийн наадмууд гэмт хэргийн бүлэглэлийнхний халдлагад өртөх магадлал өндөр байгаа гэж цагдаа нар сануулжээ. Томоохон арга хэмжээнд харуул хамгаалалт өндөр байгаа нь бүлэглэлүүд эдгээр бага хэмжээний наадмууд руу анхаарлаа хандуулах гэнэ. Майхнуудаас хулгай хийх, халаас суйлах зэрэг нь хөгжмийн фестивалиудын үеэр элбэг тохиолддог юм. Цагдаа нар болон томоохон наадам зохион байгуулагчид сайн ажиллаж, хоорондоо мэдээлэл солилцож буйгийн ачаар зарим нэг бүлэглэлийг илрүүлсэн байна. Ингэснээр гэмт хэрэгтнүүдийг наадмын газар руу оруулахгүй, эсвэл баривчлах арга хэмжээ авч болзошгүй аюулаас сэргийлж чадаж байгаа аж.
Бүлэглэлийн гишүүд хоног өнжиж болдог хөгжмийн наадмуудын үеэр хүмүүсийн майханд орж, эд зүйлсийг нь хулгайлдаг байна. Тасалбараа худалдан авч ордог тул энгийн иргэдээс ялгахад хэцүү байдаг гэж цагдаа нар хэлдэг юм. Ийм төрлийн гэмт хэргээс сэргийлэхийн тулд цагдаа нар үнэт зүйлсийг хадгалах үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь үр дүнгээ авч байгаа аж.
Э.Очирт