
Намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газрын өнгөрсөн хоёр жилийн үйл ажиллагаанаас товч танилцуулж, дэлгэрэнгүйг гишүүдийн гар дээр тараав. Дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямралыг итгэлтэй давсан, ардчилсан хувьсгалын хоёр дахь шат болох үйлдвэржүүлэлтийг эхлүүлэх гараан дээр ирснийг намын дарга хэлсэн юм. Одоо 1853 км төмөр замтай Монгол Улс 5683 км төмөр замгы шинээр байгуулахаар болсныг, эдийн засгийн өсөлтийг тун удахгүй 15,8 хувьд хүргэхийг тэрбээр тэмдэглэлээ.
ҮЗХ-ны энэ удаагийн хуралдаанаар “Монгол хүн -2020” хөтөлбөрийг хэлэлцэх ажээ. Үүгээр 2020 он гэхэд монгол хүнийг ямар хэмжээнд хөгжүүлсэн байхыг томъёолох ажээ.
Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат АН-ын үйл ажиллагааг илүү шуурхай болгох зорилгоор намын Гүйцэтгэх зөвлөлд УИХ, гүйцэтгэх засаглалын төлөөллөөс нэмж оруулах талаар төлөвлөж буйг танилцуулсан юм. Намын хяналтын хороог илүү хариуцлагатай болгох үүднээс 55-аас дээш насны гишүүдээс бүрдүүлэхээр намын дүрэмд өөрчлөлт оруулах гэж буй ажээ.
АН-ын дунд шатанд ротацийн сонгууль зэргийг мөнгөөр явуулдаг гэсэн шүүмжлэл гишүүдээс ирж байгаа тул энэ мэт алдааг засахаар ажиллах болно гэдгийг ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ. Мөн иргэний эрх чөлөөг иргэний эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгаажуулна гэж байлаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус бүлгийн гишүүдийн хийсэн ажлыг тайлагнасан юм. Хамгийн гол нь ардчилсан Ерөнхийлөгчтэй болсноор түүний хоригийг АН-ын бүлгийн гишүүд дэмжин хүлээж авах сайхан бололцоо бүрдсэн хэмээн тэрбээр хэллээ.