Хилийг гэрээт хилчдээр мануулна

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Хилийг гэрээт хилчдээр мануулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд ч мэргэжлийн байгууллага ч цагдаагийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж байв. Өнөөгийн цагдаагийн байгууллагыг зэвсэг хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн шинэчлэхэд  88 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа аж. Гэтэл тийм хөрөнгө байхгүй. Тиймд эхний ээлжинд цагдаагийн байгууллагыг шинэчлэхэд 3,2 тэрбум төгрөг хэрэгтэй хэмээн оруулж иржээ. Хэрэв 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал шиг зүйл болж Сүхбаатарын талбай дээр 10 мянга, 100 мянган хүн цугларч, эмх замбараагаа алдвал өнөөгийн цагдаагийн байгууллагын хүч хүрэхгүй гэж ЦЕГ-ын дэд дарга Н.Энх-Амгалан хэлж байлаа.

Гишүүн Х.Тэмүүжин нэлээд олон зүйлийг шүүмжлэв. “Цагдаагийн төв байгууллагын дарга Хууль зүй, дотоод хэргийн сайдын өмнө ажлаа тайлагнадаг. Гэтэл түүнийг Ерөнхий сайд ажилд томилж, чөлөөлдөг. Яагаад түүнийг сайд нь томилж, чөлөөлж болдоггүй вэ. Цагдаад хариуцлага тооцоход Засгийн газар бүхэлдээ хариуцлага хүлээх үү. Бүх юм дээшээ явахаараа хариуцлага тооцож болдоггүй. Удирдлагын томилгоон дээр анхаарвал ямар вэ. Цагдаа гэдэг том нэрээр холион бантан болж байна. Хэв журам сахиулах, хэрэг мөрдөх ажлыг салгамаар байна. Үл ойлгогдох бүтэцтэй байж таарахгүй. Долдугаар сарын 1-ний дараа цагдаа галт зэвсэг хэрэглэсэн үү, үгүй юү гэсэн асуудал гарч ирсэн. Гэтэл цагдаагийн дотоод хяналт ажиллахгүй байна. Гаднаас хамаагүй хянаж болохгүй. Ингээд ямар ч хяналтгүй цагдаатай боллоо” гэж тэрбээр хэлж байсан юм. Тэрбээр мөн хилийн цэргийн асуудлыг хөндлөө. “Хилийн цэргийг яах вэ. Хилийн цагдаа юм уу, эсвэл зэвсэгт хүчин үү. Хилийн цагдаа болгох гэж байгаа бол хуульд оруулах ёстой. Хилчид бие биеэ бууддаг. БХЯ-ныхан манай бүтцэд байсан бол ингэхгүй байсан” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хариулснаар бол Цагдаагийн удирдлагыг томилохдоо яамнаас Засгийн газарт санал оруулдаг аж. Ингээд Засгийн газар томилж чөлөөлдөг байна. Сайдын хэлснээр хил хамгаалах байгууллагыг аажмаар гэрээт хил хамгаалах чиглэл рүү шилжүүлж буй юм байна. Хилийн талаар төрөөс баримтлах бодлогод ингэж тусгажээ. Ингэснээр хугацаат цэргийн албан хаагч биш гэрээт цэрэг хил хамгаалдаг болох ажээ. Үүнийг бүрэн хэмжээгээр шийдэхэд асар их хөрөнгө хэрэгтэй гэдгийг ч сайд хэлж байлаа. Харин хилийн цагдаа болгох гэхээр гадна, дотно аль ч талдаа ойлгодоггүй гэнэ. Цагдаа гэдэг үгийг гэмт хэрэг гэдэг ойлголттой хамтатгаж ойлгодгоос тэр аж.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж