Гишүүн Х.Тэмүүжин нэлээд олон зүйлийг шүүмжлэв. “Цагдаагийн төв байгууллагын дарга Хууль зүй, дотоод хэргийн сайдын өмнө ажлаа тайлагнадаг. Гэтэл түүнийг Ерөнхий сайд ажилд томилж, чөлөөлдөг. Яагаад түүнийг сайд нь томилж, чөлөөлж болдоггүй вэ. Цагдаад хариуцлага тооцоход Засгийн газар бүхэлдээ хариуцлага хүлээх үү. Бүх юм дээшээ явахаараа хариуцлага тооцож болдоггүй. Удирдлагын томилгоон дээр анхаарвал ямар вэ. Цагдаа гэдэг том нэрээр холион бантан болж байна. Хэв журам сахиулах, хэрэг мөрдөх ажлыг салгамаар байна. Үл ойлгогдох бүтэцтэй байж таарахгүй. Долдугаар сарын 1-ний дараа цагдаа галт зэвсэг хэрэглэсэн үү, үгүй юү гэсэн асуудал гарч ирсэн. Гэтэл цагдаагийн дотоод хяналт ажиллахгүй байна. Гаднаас хамаагүй хянаж болохгүй. Ингээд ямар ч хяналтгүй цагдаатай боллоо” гэж тэрбээр хэлж байсан юм. Тэрбээр мөн хилийн цэргийн асуудлыг хөндлөө. “Хилийн цэргийг яах вэ. Хилийн цагдаа юм уу, эсвэл зэвсэгт хүчин үү. Хилийн цагдаа болгох гэж байгаа бол хуульд оруулах ёстой. Хилчид бие биеэ бууддаг. БХЯ-ныхан манай бүтцэд байсан бол ингэхгүй байсан” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хариулснаар бол Цагдаагийн удирдлагыг томилохдоо яамнаас Засгийн газарт санал оруулдаг аж. Ингээд Засгийн газар томилж чөлөөлдөг байна. Сайдын хэлснээр хил хамгаалах байгууллагыг аажмаар гэрээт хил хамгаалах чиглэл рүү шилжүүлж буй юм байна. Хилийн талаар төрөөс баримтлах бодлогод ингэж тусгажээ. Ингэснээр хугацаат цэргийн албан хаагч биш гэрээт цэрэг хил хамгаалдаг болох ажээ. Үүнийг бүрэн хэмжээгээр шийдэхэд асар их хөрөнгө хэрэгтэй гэдгийг ч сайд хэлж байлаа. Харин хилийн цагдаа болгох гэхээр гадна, дотно аль ч талдаа ойлгодоггүй гэнэ. Цагдаа гэдэг үгийг гэмт хэрэг гэдэг ойлголттой хамтатгаж ойлгодгоос тэр аж.