Газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх ямар ч боломжгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх ямар ч боломжгүй гэв

“Өнөөдөр орон нутгийн цагаар 15.20 цагийн үед Улаанбаатар хотод 5-6 баллын хүчтэй газар хөдлөлт болохыг анхааруулж байна. Энэ үед бүгд гадаа гарч зогсоно уу. Газар хөдлөл судлалын үндэсний төв. Ар гэрийнхэндээ дамжуулж анхааруулаарай!” гэсэн мэдээлэл мессэнжерээр “нисч” бас ч үгүй түгшүүр төрүүлээд байна. Тиймээс үнэхээр газар хөдлөх эсэх, ер нь газар хөдлөлтийг урьдчилан мэдээлж болох эсэх талаар ШУА-ийн Одон орон геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөлт судлалын секторын эрхлэгч М.Өлзийбатаас тодрууллаа.

-Өнөөдөр газар хөдлөх талаар сэрэмжлүүлгийг танай байгууллагаас гаргасан юм уу. Тэрхүү мэдээлэл үнэн бол хэдэн балл, магнитуттай газар хөдлөлт болох нь вэ?

-Мессэнжерээр түгээд байгаа мэдээллийг баттай бус гэдгийг хүмүүст урьдчилан сануулах нь зүйтэй юм. Уг мэдээлэлд “Газар хөдлөлтийг судлах хүрээлэнгээс анхааруулж байна” гэсэн байгаа. Одоогоор ийм нэртэй байгууллага ч байхгүй. Энэ мэт төөрөгдүүлсэн мэдээлэлд итгэж хямрахгүй байхыг хүмүүст сануулмаар байна. Учир нь хэзээ, хаана, хэдий хэмжээгээр газар хөдлөх вэ гэдгийг урьдчилан мэдэх ямар ч боломжгүй. Хүмүүс үүнийг мэддэггүйгээс болж худал мэдээлэлд төөрөгдсөөр байна. Саяхан даа, бас нэг ид шидтэй бөө удган хүн хэвлэлийн бага хурал зарлаж, газар хөдөлнө гэсэн мэдээлэл цацсан. Тэр үед нь газар хөдлөөгүй. Яагаад газар хөдөлсөнгүй вэ гэсэн асуултад “Би ном уншаад болиулчихлаа” гэж хэмээн дахиад л хэвлэлийн хурал хийж байх жишээтэй. Энэ мэт мэдээлэл олон гарах бололтой. Тэгэхээр хүмүүс хэнд юунд итгэх вэ гэдгээ бодох л хэрэгтэй дээ.

-Нийслэл хот орчимд бага хэмжээний газар хөдлөлт байнга болж байдаг гэсэн. Тэгэхээр тэдгээрийн хүч нэмэгдэх эсэхийг урьдчилан тааварлах аргагүй юу?

-2009 онд л гэхэд нийслэл хот орчимд 508 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Эдгээрийг манай мэргэжилтнүүд анхааралтай ажиглаж байдаг. Одоогийн байдлаар нийслэл хот орчимд газар хөдлөлтийн тоо олширч, хүч нь нэмэгдсэн зэрэг аюул осолтой зүйл ажиглагдаагүй. Газар хөдлөлт гэдэг гэнэтийн гамшиг байдгаас урьдчилж мэдэх боломжгүй бэрх зүйл л дээ.

-Тэгэхээр гэнэтийн аюул тохиолдлоо гэхэд манайхан ямар ч мэдлэг, дадалгүй байгаа. Мессэнжерээр анхааруулаад байгаа шиг байнга гадаа зогсолтой биш дээ. Хүмүүст газар хөдлөлтийн үед хэрхэх талаар мэдээлэл, анхааруулга өгөхөд илүүдэхгүй мэт санагддаг юм?

-Бид энэ талаар бас бодож, багагүй зүйл хийж байгаа. Анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий хэвлэлийн хуудас хийсэн. Бас МУЗН-тэй хамтран баримтат кино хийгээд байгаа. Анхааруулга илүүдэхгүй учир урьдчилан сэргийлэх талаар эртнээс бодох нь зөв л дөө.
Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж