”МАХН-аа санаж байна…”

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

”МАХН-аа санаж байна…”

Монголын төрд зуун дам­нан оршин
тогтносон ууган хүчний нэрийг нэг л өдөр өөрчилсөн. Намдаа хэт хайртай
зарим хүний хувьд энэ үйл явц тун хүнд цохилт болов. Энхрий хайрт намаа
ингэж элдэвлэнэ гэж тэд төсөөлөө ч үгүй биз, хөөрхий. Хэдийгээр МАХН
гэдэг нэрийг өөрчлөх тухай яриа нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн ч яг
цагаа тулахад сольж чадахгүй гэдэгт нь тэд итгэж байжээ. За яах вэ,
заавал өөрчлөх гээд байвал Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санал болгож
асан Монголын Ардчилсан Хөгжлийн Нам буюу МАХН гэсэн товчлолоо
алдахгүйгээр өөрчилж болно хэмээн тэд үзэж байв. Гэтэл байдаггүй шүү.
“Х” үсгийг нь хусч хаяад МАН болгож орхисон. Ингэлээ гээд МАХН-ын улаан
фэнүүд шинээр төрсөн намынханд бууж өгөхийг хүссэнгүй. Тэд МАХН гэсэн
нэрээ хадгалж, эцсээ хүртэл тэмцэхээр шийдээд байгаа. УИХ-ын гишүүн
Ц.Шинэбаяр, “Шу­дарга ёс, эв нэгдэл, эрх чөлөө” хөдөлгөөний гишүүн
Н.Удвал, улс төр судлаач С.Молор-Эрдэнэ нар “МАХН-ын улаан фэнүүдийн
клуб” буюу МАХН-ын түр штаб гээчийг уржигдархан байгуулсан. Тэд
“Хувьсгалт гэдэг үгнээс бид хэзээ ч ичихгүй” хэмээн мэдэгдэж байна.
Жинхэнэ улаан фэн гэдэг чинь ийм л байдаг даа. Ер нь тэгээд МАХН-ыг
санахгүй, үгүйлэхгүй байхын аргагүй шүү дээ. Сүүлийн үед МАХН үе үе
сүрхий бодогдоод байх боллоо. Яагаад гэвэл, МАХН хэзээд хүмүүсийн
анхаарлын төвд байдаг байсан. Сайн, муу аль ч талаараа тэр шүү дээ.
Харин МАХН нүд аньснаас хойш үнэхээр уйтгартай болчихлоо шүү. МАХН
байхад Монголын улс төрийн амьдралд дандаа шинэ содон үйл явц өрнөдөг
байсан. Одоо ч дахин сэргээх тухай яригдаж эхлэнгүүт тэр чанар нь шууд
ханхалж байна. Жишээ нь, АН хэмээх сөрөг хүчнийг анх өвөртөө оруулсан
“шидтэн” бол яах аргагүй МАХН. Мөн өдгөө МАХН-ыг дахин амилуулах гээд
байгаа С.Молор-Эрдэнэ гэх залуу Ногоон намын хүн гэж байгаа. Шал өөр
үзэл бодолтой хүмүүсийг хүртэл татаж чаддаг ийм л агуу нам даа, МАХН
гэдэг чинь. Ийм намд амиа өгөхөөс буцахгүй улаан фэн олон байх нь
аргагүй л дээ.

Ч.ДАШДЭЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж