
Өнгөрсөн долоо хоногт манай аймгийн Их хэт суманд 12 айлын орон сууц шатсан эмгэнэлт хэрэг гарсан. Гал гарсан шалтгааныг аймгийн Онцгой байдлын хэлтэс, сум орон нутгийн холбогдох албаныхан газар дээр очин шалгаж үзэхэд цахилгаан шугамны холболтоос үүдсэн болох нь тогтоогджээ. 1980-аад оны дундуур баригдсан энэ барилгад өдий болтол ямар нэгэн засвар хийгээгүй, галын аюулаас сэргийлэх байдал тааруу байгаа аж. Аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрахаар ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллаж аймгаас орон гэргүй болсон хүн тус бүрт 50 мянга, нийтдээ 500.000 төгрөгийн мөнгөн тусламж олгосныг гардууллаа. Мөн тэдэнд дулаан хувцас, хоол хүнс, ойр зуурын хэрэглээний зүйлс зэрэг нийт 920.000 төгрөгийн бараа үйлчилгээ үзүүлснээс гадна цаашид тэдгээр хүмүүст аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гэрийн өртөг болох 500.00 төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон юм. Түүнчлэн сум орон нутгийн удирдлагатай уулзан өвөлжилт, малын шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон тодорхой үүрэг даалгавар өгөв. Эцэст нь иргэддээ анхааруулж хэлэхэд амьдарч буй орон байрныхаа галын аюулгүй байдал, цахилгаан шугамны гэмтэл зэргийг мэргэжилтнүүдийн заавраар хийж, тухай бүрт нь хяналт тавьж байхыг холбогдох албаныхан сануулж байна.
Х.Булган