АНУ Японтой адил болсон учраас бид тэднийг ойлгож байна

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

АНУ Японтой адил болсон учраас бид тэднийг ойлгож байна

Японы Ерөнхий сайд Наото Каны ярилцлагыг хүргэе. Тэрбээр Японы газар тариалангийн салбарын шинэчлэл, иений ханшийн өсөлт болон Хятад, Японы хурцадмал харилцаа зэрэг олон зүйлийн талаар ярьжээ.

-Япон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Энэ бүс нутагт Япон ямар ач холбогдол өгч байна вэ?

-Ази, Номхон далайн бүс нутаг бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүрийн нэг гэдгийг бид бүгд мэднэ. Ази, Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтыг тэргүүлснийхээ хувьд би чөлөөт худалдааг хөгжүүлэх, зөрчилдөөнийг арилгахын тулд хариуцлага үүрч байгаа. Харин Японы Ерөнхий сайдын хувьд гэвэл миний хамгийн гол зорилго бол газар тариалангийн салбартаа шинэчлэл авчрах явдал юм.

-Газар тариалангийн салбар аа?

-Японд энэ салбарт ажиллагсдын дундаж наслалт 65.8 байна. Хүн амын наслалт ерөнхийдөө нэмэгдэж байгаа нь шинэчлэлийн асуудал бага зэрэг саатахад хүргэсэн. Тиймээс Засгийн газраас залуусыг фермийн аж ахуй эрхлэхийг дэмжих хэрэгтэй.

-Таныхаар Японы эдийн засаг өнөөдөр ямархуу байна вэ?

-Японы эдийн засаг ерөнхийдөө зогсонги байдалд орсон. Хүч чадлаа алдаж байна. Одоо бидний хийх ёстой хэд хэдэн зүйл байгаа.

-Тухайлбал?

-Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлтөө хурдасгах хэрэгтэй. Хоёрдугаарт, санхүүгийн тогтолцоогоо тогтворжуулах ёстой. Гуравдугаарт, нийгмийн халамжийн тогтолцоон дахь шинэчлэл юм. Дөрөвдүгээрт, бүс нутагтаа Японы эзлэх байр суурийг дээшлүүлэх. Тавдугаарт, япончуудыг идэвхжүүлэх явдал.

-Та улс орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Би  10 жилийн дараах сайхан ирээдүйг төсөөлдөг. Японы эдийн засаг, нийгмийн байдал гэх мэт олон зүйл улам хүчирхэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Тэр үед хүмүүс манай Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого хэр оновчтой эсэхийг дүгнэх биз.

-Валют арилжааны тухай асуухгүй өнгөрч болохгүй нь. Та олон улсын валютын зах зээлийг ямар байна гэж дүгнэх вэ?

-Юун түрүүнд иений ам.доллартай харьцах ханш маш их чангарсан гэдгийг онцлох хэрэгтэй. Үүнд Америкийн эдийн засгийн бодлогын нөлөө ч бас бий. Бид нөхцөл байдлын цаад шалтгааныг ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр цаад шалтгаан нь чухам юу вэ?

-Өсөн нэмэгдэж буй зах зээлтэй орнуудын валютын ханш өсч байгаа. Тэгэхээр цаашдын төлөв байдлыг нь энэ хэвээр ойлгомжгүй орхиж болохгүй. Харин өндөр ханштай иений хувьд нэг давуу тал байгаа гэдгийг бид ойлгож байгаа.

-Ямар давуу тал?

-Чанга иен түүхий эдийн зах зээл дэх хөрөнгө оруулалтаа дээшлүүлэх боломж олгож байна. Их 20-ийн орнууд валют арилжааны хувьд тохиролцоонд  хүрэхээр болсон нь сайн хэрэг.

-Иен ам.долларын эсрэг чангарч байгаа энэ үед танай Засгийн газар юу хийж чадах вэ?

-Иений ханш чанга байгаа энэ үед бидний хийж чадах хэд хэдэн зүйл байна. Юун түрүүнд бид гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Түүнчлэн дотоодын эрэлтээ нэмэгдүүлэх нь чухал. Энэ талаар Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр онцолж ярьсан.

-АНУ-ын Засгийн газар мөнгөний бодлогоо тэлэхээр болсон. Энэ нь ам.долларын ханшийг улам сулруулна хэмээн эдийн засагчид нотолж байгаа. Хятад, Герман тэргүүтэй орнууд үүнд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Японы Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улс орныхоо эдийн засгийг дотоодын хэрэглээнд түшиглэхээс илүү экспортоо нэмэгдүүлэх замаар тогтворжуулахыг зорьж байна. Бид цаад гол бодлогыг нь ойлгох ёстой. Гэхдээ энэ бол Японы хэрэгжүүлж буй бодлоготой зарим талаараа адилхан байна.

-Юугаараа адилхан гэж?

-Японы эдийн засаг тогтворгүй байна. Хятад зэрэг оронтой харьцуулахад өсөлт нь удааширсан. Нөгөө талаас хөрөнгө оруулагчид иен худалдаж авах нь их байгаа. Учир нь бусад хөгжингүй орнуудын валюттай харьцуулахад иений ханш хамгийн тогтвортой байна. Бидний хувьд өөрсдийн нөхцөл байдалтайгаа харьцуулж үзэж байгаа учраас АНУ-г ойлгож байна.

-Тэгэхээр АНУ валют арилжааны зах зээлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгааг Япон дэмжиж байна гэсэн үг үү?

-Би үүнийг бүрэн утгаараа дэмжиж байна гэж хэлэхгүй.

-Тэгээд?

-Гэхдээ тэр шүүмжлээд байгаа Хятад, Бразиль тэргүүтэн бол өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнууд. Тэдний нөхцөл байдал биднийхээс огт өөр. Тэнд дотоодын нийт бүтээгдэхүүн, экспорт хурдтай нэмэгдэж байгаа. Тиймээс бидний зовлонг ойлгох ёстой.

-Улс орон бүр худалдааны алдагдлаа дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөөс дээшгүй хувьтай байлгах тухай яригдаж байгаа. Япон энэ тал дээр ямар байр суурь  илэрхийлэх вэ?

-Гадаад худалдаа, дотоодын нийт бүтээгдэхүүний тэнцвэрт харьцаа гэдэг чухал. Гэхдээ энэ тал дээр ямар нэг тодорхой байр суурь илэрхийлэхэд хэцүү байна.

-Хятад, Япон хоёрын харилцаа сүүлийн үед нэлээд хурцадсан. Энэ талаар?

-Хятад бол эдийн засгийн хувьд хүчирхэг, нөлөө бүхий улс болсон. Энэ утгаараа бид тэднээс олон улсын тавцанд хариуцлагатай байхыг шаардаж, хүсч байна. Гэхдээ үүний цаана манай хоёр орны хамтын ажиллагаа, гол суурь нь өөрчлөгдөхгүй гэдгийг баттай хэлэх байна.

-Тэгэхээр гол зөрчилдөөнтэй байгаа асуудлыг юу гэх болж байна?

-Хятад, Япон хоёрын хооронд гол зөрчил үүсгээд байгаа нь Сенкаку арал. Манай улс газар нутгийн харъяаллын хувьд энэ арлыг шууд эзэмшдэггүй. Гэхдээ Сенкаку арал нь угаасаа л манай эзэмшил байсан. Үүнийг олон улсын хуулийн дагуу зохицуулах хэрэгтэй.

-Тэгж зохицуулж болохгүй байгаа юм биш үү?

-Хятад дэлхийн ихэнх улс орны хэрэгт оролцож эхэлсэн. Ялангуяа Ази тивийн хөрш зэргэлдээ орнуудад нь энэ их хамааралтай. Тиймээс Японтой ижил нөхцөл байдалтай Азийн бусад улс Хятадтай аль болох найрсаг харилцахыг хичээж байгаа. Гэтэл Хятад олон улсын хууль, дүрмийг зөрчөөд байж болохгүй биз дээ.

-АНУ, Япон хоёрын харилцаа бүх салбарт өргөжиж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Би Японы Ерөнхий сайд болсноосоо хойш Б.Обаматай хоёр ч удаа уулзсан. Хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад энэ нь Номхон далайн бүс нутагт бүхэлд нь ашигтай.

-Таны хувийн амьдралтай холбоотой нэг асуулт асуух гэсэн юм. Хуучин эхнэр тань “Чи Ерөнхий сайд болсноор дэлхий ертөнц яаж өөрчлөгдөх вэ?” нэртэй ном гаргасан. Энд таны амьдралын тухай нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тэр бол миний хувьд хамгийн анхны сонгогч. Энэ юу гэсэн үг болохыг тайлбарлая. Би сонгогчдынхоо талаар юу гэж бодож байгаагаа ярихад тэр үргэлж ингэж хэлдэг байсан. “Хэрэв чи надад итгэл үнэмшил төрүүлж чадахгүй бол өөр ямар ч сонгогч чамд итгэхгүй” гэж. Тиймээс миний санаа бодлыг хамгийн түрүүнд сонсч, өөрт нь итгүүлэхийг хүсдэг. Миний хувьд тэр хамгийн хэцүү, шаардлага өндөртэй сонгогч.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж