Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу гуравдугаар сарын 26-нд Москва, Вашингтон хоёр стратегийн довтолгооны зэвсэглэлийг (СДЗ) хорогдуулах шинэ гэрээнийхээ параметрыг шинэчиллээ. Хоёр улсын Ерөнхийлөгч нар Дмитрий Медведев, Барак Обама хоёрын ирэх сарын 8-нд Прага хотноо гарын үсэг зурах гэрээнд цөмийн цэнэгийн хэмжээг СДЗ-2 гэрээнийхээс 30 хувиар доогуур тавьсан гэж хоёр тал онцолж байна. Мөн өөрсдийнхөө сонирхлыг гэрээнд тусгаж чадлаа гэж талууд хэлцгээж байна.
Хоёр орны лидерүүд утсаар ярилцсаны дараа 10 жилийн турш үйлчлэх СДЗ-ийн шинэ гэрээний параметрыг танилцуулсан байна. Тэр хэмжээ нь 2002 онд Ерөнхийлөгч Владимир Путин ба Жорж Бушийн үзэглэж байгаад батлагдаагүй СДЗ-2 гэрээнийхээс 30 хувиар дор байна.
Шинэчилсэн баримтаар цөмийн зэвсэгтэй хоёр гүрэн 10 жилийн дараа тус бүртээ цөмийн цэнэг зөөгч 800 пуужин ба 1500 цөмийн цэнэг үлдээнэ.
Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн уялдааны оронд хамгаалах зэвсэглэлийн уялдааг хийнэ
Оросуудын урт хугацаагаар шахан тулгаж байсан Пуужингийн довтолгооны системийг (ПДХС) СДЗ-тэй хамтруулахгүйгээр болсон тухай Барак Обамагийн хэвлэлийн албаны мэдээнд дурьдсан байна. Тэр талаар шинэ гэрээнд тусгагдахгүй байх бололтой. “Гэрээнд одоо байгаа болон төлөвлөж буй пуужингийн довтолгооны системийг байрлуулах, шинэчлэх мөн түүнчлэн цөмийн бус довтолгооны алсын зайн өнөөгийн ба төлөвлөж буй зэвсэглэлийн туршилтад ямар нэгэн хязгаарлалт тавиагүй“ хэмээн АНУ-ын Засгийн газрын мэдэгдэлд онцолжээ.
Харин шинэ гэрээний талаар Дмитрий Медведевийн хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд СДЗ-ийн гэрээ нь хамгаалалтын зэвсэглэлтэй хуулиар уялдсан байна гэж өгүүлжээ. “Хуулиар үүрэг болгосон хэлбэрээр стратегийн довтолгоо болон хамгаалалтын зэвсэглэл харилцан үйлчилгээтэй байхыг зааж өгсөн байна” гэж Кремлийн сайтад өгүүлсэн байлаа. Мөн тэнд энэ харилцан уялдаа нь зэвсэглэлийг хорогдуулах явцад улам чухал болно гэдгийг хэлжээ. “Гэрээнд пуужингийн хамгаалалтын системийн талаар яригдаагүй ч нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүй. Пуужингийн довтолгооноос хамгаалах систем бол хамгаалалтын цорын ганц төрөл биш. Харин СДЗ ба хамгаалалтын зэвсэглэлийн уялдаа тэнд орж байгаа” хэмээн Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова хэлсэн байна.
Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, армийн генерал Николай Макаров мэдэгдэхдээ “Тохиролцоо зовиурыг арилгаж, Оросын аюулгүй байдлын сонирхолд бүрэн хэмжээгээр нийцэж байна. Гэрээнд цөмийн хэрэгслийн амьдралын цувралд тавих хяналтын механизмыг нарийн зааж өгсөн. СДЗ ба хамгаалалтын зэвсэглэлийн харилцан уялдааг тогтоосон” гэж хэллээ.
СДЗ-ийг хорогдуулах гэрээнд гарын үсэг зурангуут тэр даруйд нь хоёр тал зэрэг парламентдаа батлуулахаар өргөн барина гэдгийг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров амлав. Энэ нь дөрөвдүгээр сард хийгдэнэ гэсэн үг юм.
Гарын үсэг зурахдаа гол нь биш, харин түүнийг батлах нь чухал
Баасан гаригт гэрээнд гарыг үсэг зурагдах гэж байгаад дэлхийн олон лидерүүд баяр хүргэлээ. Тэр баяр хөөр цагаа олоогүй байж болох талтай. Шинэ баримт бичиг өмнөх шигээ хоёр орны парламентаар батлагдах ёстой. Гэвч АНУ-ын Сенатын бүгд найрамдахчуудын хэсэг гэрээнд довтолгооны зэвсэглэлийг (хөнөөх хэрэгсэл) хорогдуулах нь хамгаалалтын (пуужингийн эсрэг пуужин ба радар) зэвсэглэлээс хамааралтай гэж зааж өгсөнгүй гээд гэрээг батлахаас татгалзаж болохыг Херитеж сангийн америк шинжээч Ариэль Коэн сануулж байна. “Хэрэв хоёр тал ПДХС-ийг СДЗ-тэй хамаатай болгоогүй бол тэр нь гэрээг батлуулах боломжийг өгнө. Ийм нөхцөлд найрамдал яллаа гэхээс өөр үг байхгүй. Учир нь хоёр орон, хоёр Ерөнхийлөгч гэрээтэй болохын төлөө чармайж байгаа. Обамагийн хувьд цөмийн зэвсэггүй болох замын алхмаа хийхэд нь, Орос орон Зөвлөлтийнх шиг тийм их зэвсэглэлийг авч явах ачааллыг үүрч чадахгүй учраас Дмитрий Медведевд энэ гэрээ хэрэгтэй юм” гэж Коэн тэмдэглэсэн байна.
Шинэ гэрээг батлахад асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа саяхан Москвад айлчилсан Хиллари Клинтон хэлж байна. “Үндэсний аюулгүй байдлын асуудал хоёр намын олонхийг үргэлж нэгтгэж ирсэн юм. Тэгээд ч би энэ удаа асуудал өөрөөр эргэнэ гэж бодохгүй” хэмээн Төрийн нарийн бичгийн дарга хэлэв. Түүнтэй АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс санал нэгдлээ.
“Улиангарын чандар”
Үүний зэрэгцээ Оросын парламентчид гэрээнд СДЗ ба ПДХЗ хоёрын сайтар уялдуулж өгөхгүй бол батлахгүй гэдгээ хэлээд байна. Гэлээ ч Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах хорооны дарга Виктор Озерев хэлэхдээ гэрээнд АНУ ПДХС-ийн гурав дахь байрлалыг байгуулах төлөвлөгөөнөөсөө татгалзах үүрэг авсан гэх заалтгүй гэлээ. “Батлагдах үйл ажиллагааг тайван гатлахын тулд баримт бичигт сонирхлын тэнцвэр сахигдсан байх ёстой. Америкчууд хаана бидний зүг явж, бид хаана тэдний зүг явсан нь бидэнд тодорхой харагдах нь чухал. Тэр цагт л бид эцсийн үр дүнг харж, энэ нь гэрээ юу эсвэл зарлиг уу гэдгийг үзнэ” хэмээн Озеров хэлсэн юм. Ингэж ярьж байхдаа тэр орос дипломатууд ерөнхийдөө амжилттай ажилласныг тэмдэглэв. Жишээлбэл, Воткинскт (“Тополь М“ (“Улиангар”) баллистик пуужингийн үйлдвэр) Америкийн ажиглагчид очихгүйгээс гадна Москва туршилтын таван харвалтаас өөрийн хүссэн нэгийн телеметрийг мэдээлж байх болно гэж гэрээнд оруулсныг тэр амжилт гэж үзэж байна. “Энэ бол том амжилт эхлээд америкчууд бүх туршилтаас мэдээлэл шаардаж байсан юм. Хэрэв бид тэдэнд телеметрээ дэлгэсэн бол тэд өөрсдийн пуужин довтолгооны системээ өөр байрлалын район байгуулахгүйгээр манай пуужингуудын үзүүлэлтийн дагуу өөрчлөн зохион байгуулж чадах байлаа” гэж тэр хэлэв.
Гэрээний хэм хэмжээ нь зөвшилцөл байв
Вашингтонд дуулгасан тоонууд зөвшилцлийн үр дүн гэж Оросын стратегийн пуужинт цэргийн штабын дарга асан хурандаа генерал Виктор Есин дүгнэж байна. Хэрэв Медведев, Обама хоёрын зун бичсэн “Стратегийн довтолгооны зэвсэглэлийг цаашид хорогдуулан хязгаарлах асуудлаарх хамтын ойлголт” гэсэн баримтыг санаж байвал тэнд цэнэг зөөгчийн тоог оросууд 500, америкчууд 1100 хүртэл хорогдуулах гэж эрмэлзсэн ерөнхий хэмжээ байсан юм. Үр дүнд нь хоёр тооны дундын 800 зөөгчтэй байх заалт гарч ирэв. Цөмийн цэнэгийн хувьд бид 1675, америкчууд 1500 гэсэн тооны төлөө байсан ба одоо 1550 цэнэгтэй байна гэж заажээ” хэмээн хурандаа генерал тоолов.
Есиний мэдээгээр шинэ гэрээнд далавчит пуужин, стратегийн бөмбөгдөгч нарыг оролцуулаад пуужин зөөгчийн бүх төрөл хамрагдах болж байна. Харин тэнгисийн цэргийн далавчит пуужингууд гэрээнд хамрахгүй. “Тэр нь тодорхой хэмжээний гарзыг учруулж байгаа ч зарчмынх биш. Хоёр тал эдгээр зөөгчөөр цөөн. АНУ ийм зөөгч 320-той бөгөөд тэд бүгд агуулахад хадгалагдаж байгаа. Манайх үүнээс арай цөөн тоотой, бас л агуулахад хураалгаастай. Цаашид түүнийг хөгжүүлж өргөжүүлэх төлөвлөгөө байхгүй” гэж Есин ярьж байна.
Эхлэл юунаас вэ?
Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах Зөвлөлт-Америкийн анхны гэрээнд (Стратегийн зэвсэглэлийг хязгаарлах буюу СЗХ-1 гэрээ) 1972 онд гарын үсэг зурцгаажээ. Тэнд пуужин ба цэнэгийн тоо байгаагүй харин цөмийн зэвсгийг сансарт байрлуулахыг хязгаарласан байв. Үүний дараа Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байгуулахаас татгалзсан гэрээ (2002 онд АНУ энэ гэрээнээсээ гарсан билээ), Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах (СДЗ-1) гэрээг тус, тус байгуулав. Хамгийн сүүлчийн баримтаар ЗХУ ба АНУ хоёр 1998 он гэхэд цөмийн цэнэгээ 6000 хүргэн хорогдуулах ёстой байлаа.
1993 оны нэгдүгээр сард СДЗ-2 гэсэн адил төстэй гэрээнд АНУ-ын Ерөнхийлөгч том Жорж Бушийг Москвад айлчлах үеэр Ельцин, Буш хоёр гарын үсгээ зурсан юм. 2002 онд Владимир Путин, бага Жорж Буш хоёр Москвад Стратегийн довтолгооны боломжийг (СДБ) хорогдуулах гэрээнд гарын үсэг зуран жижүүрийн зогсолтод байгаа цөмийн цэнэгийг 1,7-2,2 мянга хүртэл хорогдуулахаар шийдсэн юм. Өнгөрсөн жилийн долдугаар сарын 6-нд Барак Обама, Дмитрий Медведев хоёр Москвагийн мэдэгдэлд гарын үсгээ зурцгаан СДЗ-2 гэрээний зарчмыг цөмийн цэнэгийг 1500-1675, зөөгчийг нь 500-1100 болтол хорогдуулах шинэ гэрээ байгуултлаа мөрдөж байхаар болсон билээ.