-Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал дахиад маргаантай дэгдээлээ. УИХ-ын 12 гишүүн УИХ-ын даргад шаардлага гардуулсан. Гэрээг эсэргүүцэж байгаа нэг шалтгаан нь “Айвенхоу майнз”-ынхан Оюутолгойн ордыг барьцаалж анх бирж дээр хөрөнгө босгохдоо нэрлэсэн нөөц, Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд дурдсан 45 сая тоннын нөөцийг бууруулж, техник эдийн засгийн үндэслэлийг батлахдаа 24 сая тоннооор болголоо. Үүнээс болж Монголын талд ноогдох ашиг буурна гэж шүүмжилж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Хүмүүсийн мэдээлэлгүй байдлыг л ашиглаж байгаа хэрэг л дээ. Оюутолгойн ордын нөөцийг анх тооцохдоо хүдрээр тооцсон. Үүн дотроо зэсээр, алтаар, молебдиноор гээд задалсан байгаа. Ордын геологийн нөөцийг анх 2009 оны долдугаар сарын 1-нд одоо шүүмжлээд яваа С.Авирмэд гуай эд нар бүгдээрээ оролцоод баталсан. Хүдрээр 6,45 тэрбум тонн, зэсээр 45 сая тонн, алтаар 1838 тонн, молебдиноор 157 мянган тонн, мөнгөөр 12049 тонн байна гэж баталсан. Үүнийгээ үр ашигтай нөөц, тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц гэж хоёр хувааж байгаа. Үр ашигтай нөөц нь хүдрээрээ 2,6 тэрбум тонн, зэсээрээ болохоор 25,3 сая тонн, алтаар 1028 тонн, молебдиноор 81600 мянган тонн, мөнгөөр 6145 тонн болж байгаа. Багасч байгаа биз дээ. Тодорхой нөхцөлд үр ашигтай гэдэг нь энэ хоёрын зөрүү. Хүдрээр 3,7 тэрбум тонн, зэсээр 19,6 сая тонн, алтаар 810 тонн, молебдиноор 75500 тонн, мөнгөөр 5905 тонн байна гээд долдугаар сарын 1-нд ордын нөөцийг баталчихсан. Энэ бол нөөц батлах тухай асуудал.
-Үр ашигтай нөөцийн хэмжээ ингэж буурч байгаа нь уг ордоос эзэмшиж байгаа 34 хувийн агууламжид нөлөөлөх юм уу?
-Нөлөөлөхгүй. Газар дор байгаа баялаг чинь ямар хэмжээтэй юм бэ гэдгийг л баталж байгаа хэрэг шүү дээ. Үүний дараа ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулдаг. Сая гуравдугаар сарын 25-нд хуралдсан Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар үр ашигтай нөөцийг нь харин ч нэмэгдүүлсэн. Тодорхой нөхцөлд үр ашигтай гэж байсан 19,6 сая тонн зэсийн нөөцөөс 5,7 саяыг нь үр ашигтай нөөц рүүгээ шилжүүлж 31,1 сая тонн, хүдрийнхээ нөөцийг 3,3 тэрбум тонн болгож нэмэгдүүлсэн. Цаана нь 14 сая тонн зэс тодорхой нөхцөлд ашигтай гэж үлдсэн. Тодорхой нөхцөлд гэдэг нь техник технологийн шинэчлэл хийж одоо олборлож чадахгүй байгаагаа олборлодог болох, металын үнэ өссөн тохиолдолд ашиглана гэсэн үг л дээ. Гишүүд болохоор анх тодорхой нөхцөлд ашигтай гэж үнэлсэн 19,6 сая тонныг “ордын нөөцийн 44 хувь нь үлдчихлээ” гэж бичээд байгаа. Тийм биш. Ордын бүх нөөцийг хуулийн дагуу 100 хувь баталгаажуулсан. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нөөцийн ангиллын шаардлага хангасан, геологи хайгуулын ажил дууссан гэж үзэж, 100 хувь бүртгэж авсан.
-Тэгвэл бүргээгүй гэдэг асуудал яагаад босч ирээд байгаа юм бэ?
-Мэдэж байгаа хүмүүс нь л гуйвуулж байгаа асуудал шүү дээ. Худлаа ярьж байгаа байхгүй юу. ТЭЗҮ-д “Ашигтай нөөцийн хэмжээг 31,3 сая тонн зэс бүхий 3,38 тэрбум тонн хүдрээр тооцон нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Тодорхой нөхцөлд ашигтай үлдэж байгаа 14 сая тонныг техник технологийн шинэчлэл, металын зах зээлийн үнэ өссөн, байгууллагын өөрийн үйл ажиллагааны зардал багассан тохиолдол тус бүрд нь эдийн засгийн үр ашгийн тооцоог хийж, ТЭЗҮ-нд тодотгол хийж байхыг “Оюутолгой” ХК-д үүрэг болголоо” гэж байгаа. Надад итгэхгүй бол ТЭЗҮ-ийг харж болно шүү дээ. Би бол энэ үгнийхээ төлөө хариуцлага хүлээх учраас худлаа ярихгүй.
-ТЭЗҮ-д тодотгол хийж болдог юм уу?
-Бололгүй яах юм бэ. Компани болгон л тодотгол хийдэг. Үүнийг гишүүд ч мэдэж байгаа. Гэхдээ тавьсан зургаан асуудал нь бол яг үнэндээ тавихын тулд л тавьсан гэж ойлгогдож байгаа. Тийм учраас би тайлбар хийж байгаа юм. Аль ч компанийн ТЭЗҮ-д үр ашигтай нөөц, тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц гэж байдаг. Манай “Эрдэнэт” үйлдвэрийнх ч тийм байгаа. Гишүүдийн яриад байгаа “тодорхой нөхцөлд үр ашигтай” байх 19,6 сая тонныг ТЭЗҮ-д оруулаагүй. Яагаад гэвэл гэрээг ярихдаа бид үр ашигтай нөөц дээрээ л тулгуурлаж ярьсан. ҮЯагаад гэвэл үйлдвэрлэл явуулах зах зээлийн тухай ярьж байна шүү дээ. Тэгэхээр 19,6 сая тонныг нь хаячихлаа гэж яриад байгаа.
-Хаячихсан юм биш үү?
-Хаяагүй ээ. Тодорхойлоод гаргачихсан. Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. 2009 оны долдугаар сарын 1-нд ордын нөөцийг баталсан. 2010 оны гуравдугаар сарын 25 хүртэл ТЭЗҮ-ийг хийх явцдаа тодорхой нөхцөлд үр ашигтай нөөцаас 5,7 саяыг нь үр ашигтай нөөц рүү шилжүүлэхэээр тодорхой нөхцөлд ашигтай нөөц нь 14 сая тонн болж үлдэж байна. Ийм процесс бол байнга хийгддэг. Энд хууль зөрчсөн зүйл ерөөсөө байхгүй. Ганцхан хүмүүсийн мэдэх, мэдэхгүйгээр далимдуулж, цэвэр улс төрийн зорилгоор тавьж байгаа асуудал.
-Хоёр дахь асуулт. Оюутолгойн ордын урьдчилгаа татвараас 250 сая ам.долларыг таван хувийн хүүтэй зээлсэн. Урьдчилгаа төлбөр яагаад 5 хувийн хүүтэй зээл болчихсон юм бэ гэдэг асуултыг гишүүд тавьсан?
-Нэгдүгээрт мэдээлэл нь худлаа байна, тав биш гурван хувийн хүүтэй. Урьдчилгаа төлбөр чинь өөрөө олон янз. Оролцооны урьдчилгаа төлбөр, бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр, татвар хураамжийн урьдчилгаа төлбөр гээд. Бүгдийг нь бид урьдчилгаа төлбөр гэж ярьдаг. Оюутолгой дээр зөвхөн татвар хураамжийн урьдчилгаа төлбөрийг ашигласан. Тавантолгой дээр бол бид оролцооны төлбөр, бүтээгдэхүүний төлбөр, татвар хураамжийн төлбөрийг бүгдийг нь ашиглах бололцоотой. Яагаад гэвэл Тавантолгой улсад 100 хувь байгаа. Гэтэл Оюутолгойн орд чинь хувь хүнд, “Айвенхоу майнз”-ад 100 хувь байсан зүйлээс бид 34 хувийг нь авч байгаа. Тийм учраас бид зөвхөн татварын урьдчилгаа төлбөрийг авсан. Бид 2009 оны аравдугаар сарын 6-нд гэрээгээ зурсан. Аравдугаар сарын 20-нд мөнгө нь орж ирсэн. Гэтэл үйлдвэрлэл 2013 онд эхэлнэ. Тэгэхээр бид 2013 оноос төлж эхлэх ёстой 250 сая ам.доллараа одоо урьдчилаад төлж байгаа хэрэг. Мөнгө чинь өөрөө үнэ цэнэтэй. Өнөөдрийн бодит үнэ цэнэ, тухайн үеийн бодит үнэ цэнэ хоёр өөр. Бүх газарт “net present value” гэдэг ойлголт байдаг. Чи надаас гурван жилийн дараа сая төгрөг авах уу, эсвэл өнөөдөр 800 мянган төгрөг авах уу. Аль нь үнэ цэнэтэй вэ. Зээл худалдаж авна гэдэг чинь яг л энэ ойлголт байхгүй юу. Гурван жилийн дараа 250 сая ам.доллар авах, өнөөдөр 250 сая ам.доллар авах хоёр чинь ялгаатай. Зүгээр банкныхаа хүүг бодоод үз. Оролцооны төлбөр бол хүүгүй байдаг. Нөгөө талаас байгуулсан гэрээ маань 2010 оны дөрөвдүгээр сарын 6-ны дотор гэрээ хүчин төгөлдөр болно. Энэ зургаан сарын хугацаанд “Айвенхоу майнз”-ад эрсдэл байгаа биз. Хэрвээ гэрээ цуцлагдчихвал энэ хүмүүс өгсөн мөнгөө буцааж авах боломжтой байх ёстой. Үүнийг нь эдийн засгийн утгаар нь баталгаажуулахын тулд би бонд бичиж өгч байгаа юм. Зургаан сараас хойш бол гэрээ цуцлагдах боломжгүй. Тийм учраас одоо урьдчилгаа 50 саяа авахад бол бонд гаргаад байх шаардлагагүй.
Анх намайг энх энэ гэрээн дээр ороход хүүгүй 25 сая, 9,9 хувийн хүүтэй 100 сая ам.долларыг урьдчилгаа болгож авахаар тохирчихсон байсныг би нийтэд нь гурван хувийн хүүтэй 250 сая ам.доллар болгосон. Үүнийг одоо миний гавьяа энэ тэр гээд ч яах вэ, тэгсэн тэгээгүй хэзээ ч хүн үнэлэхгүй юм чинь. Хөгширсөн хойно л магадгүй. Харин одоо Тавантолгойн асуудал ороод ирэхэд бол хүмүүс ойлгоно. Оролцооны төлбөр авахад хүүгүй байдаг юм байна, бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр авбал хүүтэй байдаг юм байна, татварын урьдчилгаа төлбөрт бас хүү тооцдог юм байна гэдгийг ойлгоно. “Net present value” гэдгээрээ явчихаж байгаа учраас.
-Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн оролцооны 34 хувийг 51 хувьд хүргэх заалтыг гэрээнд тусгасангүй гэдэг тухайд. Энэ талаар УИХ-аас тогтоол гарсан шүү дээ?
-Энэ заалт Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д байгаа. Монголын талын оролцоог 50 хувьд хүргэх асуудлыг хэлэлцэж, 30 ижлийн дараа энэхүү гэрээг сургах үед 16 хувийг нэмнэ гэж байгаа. Тогтоолд бол анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа гэж байгаа биз дээ. Хугацаа заасан уу, заагаагүй. Тэгж яривал анхны хөрөнгө оруулалтыг 100 жилийн дараа ч нөхөж магадгүй шүү дээ. Хугацаа байхгүй учраас дахиад хэлэлцээр явах болчихож байгаа биз. Харин ч 30 жил гэж хийж өгснөөрөө давуу болсон. Эхний 30 жил бид татвараа аваад, 34 хувийнхаа ноогдол ашгийг аваад явна. Дараагийн 20 жилд бид 50 хувьтай байх бололцоотой гэсэн үг.
-Гэрээнд “Төсөлтэй холбогдсон зарим урсгал зардал, менежмэнтийн үйлчилгээний төлбөрийг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно” гэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчжээ гэсэн бас нэг үндэслэл гаргасан байгаа?
-Харин ч өөрсдөө хуулиа мэдэхгүй байна гэж хэлье. Албан татвар ногдох орлогоос хасах зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд тодорхой заачихсан байгаа. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал ч тэнд ордог. Менежмэнт хийлгэнэ гэдэг чинь бусдаар ажил үйлчилгээ хийлгэж байгаа хэлбэр мөн биз дээ. Манайхан болгохоор эзэн өөрөө менежмэнт хийдэг гэж ойлгоод байдаг. Эзэн хэн ч байж болно. Чи жишээ нь “Ардын эрх”-ийн эзэн биш биз дээ, эзэнтэй гэрээ байгуулаад менежмэнт хийж байгаа хүн, түүнийхээ төлөө цалин, орлого авдаг. Тэр орлогоос чинь 20 хувийн татвар суутгадаг, манай хуулиар. Тэгэхээр үүнийг ярьж байгаа хүмүүс өөрсдөө хуулиа мэдэхгүй байна.
-“Эрдэнэт” үйлдвэр одоо 68 хувийн татварыг төлж байгаа. Энэ хуулийн үйлчлэлийг 2011 оноос хүчингүй болгох бас нэг хууль батлагдчихсан байгаа. Тиймээс хүчин төгөлдөр бус хуулиар гэрээ байгуулсан гэдэг бас нэг зүйл яваад байдаг…
-2006 онд баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль, 2009 оны наймдугаар сард баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг хүчингүй болсонд тооцох тухай хууль бүх аж ахуйн нэгжид үйлчилнэ. Хоёулаа үйлчилнэ. Хэрвээ Оюутолгой өнөөдөр зэс гаргаж байгаа бол 68 хувийн татвараа төлнө, 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс төлөхөө болино. Тийм учраас Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд байгуулсан. Энэ хоёр хууль хоёулаа батлагдсан, хүчин төгөлдөр хуулиуд.
-Сүүлийн асуулт. Гэрээг хүчин төгөлдөр болохоос өмнө УИХ-аас Засгийн газарт нөөцийн татварын таван хувийг шаталсан хэлбэрийн шинэ татвараар солих тухай хууль өргөн барих чиглэл өгсөн юм байна. Гэвч одоогоор ямар ч ажил хийгдээгүй гэнэ?
-Энэ талаар УИХ-ын 40-р тогтоол, 57 дугаар тогтоол, бусад нэг ч баримт бичигт байхгүй. Зүгээр хэлэлцүүлгийн явцад “өсөн нэмэх роялтийг та нар оруулж ирээч ээ” л гэсэн. Бид судалгаа хийгээд энэ сарын 19-нд Засгийн газарт оруулж, яамдуудас саналыг нь авахаар өгсөн, ирэх сарын 5-нд УИХ-д оруулах гэж байгаа. Тийм учраас энэ зургаан асуудлыг тавьж байгаа нь угаасаа улс төрийн зорилготой зүйл. Манай З.Энхболд тэнд нь орчихсон яваа учраас би бол тэднийг хуулиа мэдэхгүй байна гэж хэлэх хэцүү. Улс төрийн зорилго байна л гэж харж байгаа. Үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг л болж байгаа юм байлгүй.
-Харин ч дөнгөж эхэлж байгаа юм биш үү?
-Гэрээ хүчин төгөлдөр болоход долоохон хоногийн хугацаа үлдсэн. Түүнээс нь өмнө жаахан оролдоод үзье л гэсэн санаа. Сайн санаж байгаа нь ч бий л байх, бас муу санасан нь ч бий л байх. Муу санаад Рио Тинто, “Айвенхоу майнз”-тай гэрээ хийхээ больё л доо. Тэгвэл дараагийн худалдан авагч нь хэн юм.
-Ирэх сарын 6-ны дотор хөрөнгө оруулагчид болон Монголын тал 10 зүйлийн шаардлагыг биелүүлсэн ёстой, үүний дараа гэрээ хүчин төгөлдөр болох юм гэж байсан. Тэр арван зүйлээс хэд нь биелсэн бэ?
-Бүгд биелсэн.
-Хамгийн сүүлийнх нь ТЭЗҮ үү?
-Сүүлээсээ хоёр дахь нь. Сүүлийнх нь хөрөнгө оруулагчдын хийсэн нийт хөрөнгө оруулалтаас хөрөнгө оруулалтад тооцохгүй зардлуудыг хасч , бодит хөрөнгө оруулалтыг гаргаж ирэх байсан. “Айвенхоу майнз” компани 2001 оноос эхэлж Оюутолгойн орд дээр ажилласан. 2009 онд гэрээ байгуулах хүртэл оруулсан бүх хөрөнгө оруулалтаа нэг тэрбум ам.доллар гэж үзэж байгаа. Хуулийн дагуу энэ хөрөнгө оруулалтаас хэд хэдэн зүйлийг хасах ёстой. “Айвенхоу майнз” зөвхөн Оюутолгойгоос гадна өөр олон газартай. Тэнд оруулсан хайгуулын зардлыг нь хасч байгаа, нэгдүгээрт. Өөрөө хэлбэл Оюутолгйтой холбогдолгүй зардлыг бүгдийг хасна. Хоёрдугаарт, Оюутолгойтой холбоотой боловч хайгуулын зардлыг бас хасна. Яагаад гэвэл хайгуул хийж нөөцөө тогтоох хүртэл хэдэн төгрөг ч хийсэн бай, компани өөрсдөө эрсдлээ үүрэх ёстой. Хуулиараа ийм. “Айвенхоу майнз”-аас гаргасан нийт зардал нь нэг триллион 558 тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс бид 508 тэрбум орчим төгрөгийг нь хасч, үлдсэн нэг триллион 79,9 тэрбумыг нь нь бодит хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа. Гуравны нэгийг нь хассан.
-Засгийн газрын гишүүн учраас та энэ арван зүйлийг биелсэн гэж хэлж байгаа байх. Үүнд хөндлөнгийн хяналт тавих боломжтой юу?
-Энэ бол хоёр талаас байгуулсан гэрээ. “Оюутолгой” ХХК, Монголын Засгийн газар хооронд бие биендээ амласан амлалт гэсэн үг. Үүнийг хөндлөнгөөс хэн хянах юм бэ. Засгийн газрын зүгээс “Оюутолгой” ХХК-ийн өмнө хүлээсэн таван зүйл биелсэн, “Оюутолгой” ХХК бас Засгийн газрын өмнө хүлээсэн таван зүйлээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Өнөөдөр, 29-ий өглөө “Манайх гуравдугаар сарын 28-ны өдрөөр тооцоод өөрийн талаас хүлээсэн бүх үүргээ биелүүлсэн. Танай талаас хүлээсэн үүргийг бас биелсэнд тооцож байна” гэдэг бичгээ “Оюутолгой”-гоос ирүүлсэн. Засгийн газар энэ асуудлыг 31-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэнэ.
-Хоёр хувийн роялтийн тухай бас нэг асуудал яригдаад байдаг?
-Тэр байхгүй. Монголын хуулинд ч ийм зүйл байхгүй, бид хэлэлцээр хийхдээ ч ийм үүрэг аваагүй. Ийм л асуудал байгаа юм л даа. BHB billiton анх Оюутолгойн хайгуулын лицензийг авсан. Өөрөө хайгуул хийхээс залхуураад “Айвенхоу майнз”-ад лицензээ зарсан. Зарахдаа хэрвээ та нар юм олоод ашиглалт явуулахаар бол өөрийнхөө ашгийн хоёр хувийг надад төлнө шүү гэсэн гэрээ хийсэн. Гадныханд “company royalty” гэж ийм ойлголт байдаг. Манайд бол байхгүй. Монголын Засгийн газар “Айвенхоу майнз”, “Рио Тинто”-той хэлэлцээр хийсэн. Энэ хоёр цаашаа хэнтэйгээ ямар үүрэг хүлээсэн нь тэдний асуудал. “Танайх 66 хувийнхаа ноогдол ашгаасаа хоёр хувиа төлнө үү байна уу, бидэнд хамаагүй” л гэж бид хэлж байгаа. Манай хуулинд “company royalty” байсан бол өөр хэрэг, бид төлж болно.
-Кейт Маршалл болохоор хоёр хувийн роялтийг төлнө гэсэн юм байна, түүнээс хойш та хоёр энэ асуудлаар ярьсан юм уу?
-Кейт Маршал компани төлөөлж байгаа болохоос биш шийдвэр гаргах эрхтэй хүн нь биш. Тийм учраас би “Надтай хэлэлцээр хийсэн хоёр хүнээ дуудаад аваад ир” гээд Сэм, Питэр хоёрт хэлсэн. “Би хэлэлцээр хийж байхдаа энэ асуудлын талаар их ойлгомжтой ярьсан. Одоо та нар наадахаа ТЭЗҮ-ээсээ ав аа” гээд татуулсан. Тэгээд л болоо.
-Тэглээ гээд BHB billiton ч юм уу, “Айвенхоу майнз” шүүхэд хандвал яах вэ?
-Хандвал хандана л биз дээ. Тэр чинь BHB billiton, “Айвенхоу майнз” хоёрын л хоорондын асуудал шүү дээ. Хүмүүс яагаад буруу хүнээсээ асуугаад байдгийг би ойлгодоггүй. Хэрвээ хэн нэг нь надаас ирээд “Баярцогт оо, энэ Булгаагийн гэрээн дотор нэг алдаа байгаад байх юм, чи энэ талаар юу гэж бодож байна” гэвэл би нэг бол “мэдэхгүй”, үгүй бол “тийм байж магадгүй” л гэж хэлнэ биз дээ./инээгээд/ Яг тэгж асуугаад байгаа байхгүй юу. Түүний оронд над дээр ирээд “Та энэ хэлэлцээрийг дуусгасан, тэнд хоёр хувийн роялтийг яаж шийдсэн бэ” гэж асуувал би хариулна. Монголын хуульд тийм ойлголт байхгүй, BHB billiton, “Айвенхоу майнз“ хоёрын хооронд бол байгаа. Түүнийгээ өөрсдийнхөө шугамаар төлөх ёстой. Тийм учраас Хөрөнгө оруулалтын гэрээн дээр ч, ТЭЗҮ дээр ч энэ асуудал байхгүй.
-Ерөөсөө хөоөнгө оруулалтын гэрээ байгуулахаасаа өмнө ТЭЗҮ-ээ оруулж батлуулаагүй учраас энэ нөөцийн хэмжээ өөрчлөгдөөд байна гэсэн хардлага бас яваад байгаа. ТЭЗҮ-ийг заавал хөрөнгө оруулалтын гэрээний өмнө батлуулах ёстой юу?
-Чи байшин барихын тулд газраа худалдаж авна, барих зураг төсөл, орох тоосго, хадаас бүгдийг урьдчилж тооцно биз дээ. Энэ бол ТЭЗҮ. Чи ТЭЗҮ-ээ хийчихсэн байтал хямрал болоод бүх юмны үнэ өсчихлөө. “Хямрал ямар хамаатай юм бэ, би тоосгоо нэг төгрөгөөр тооцсон, надад нэг төгрөгөөр өг” гэвэл нийлүүлэгч өөдөөс чинь “Миний тоосго гурван төгрөг өө” л гэнэ. Тэгэхээр чи ТЭЗҮ-ээ өөрчлөх ёстой болно биз дээ. Тэр тусмаа ашигт малтмал дээр нөөцөөсөө болоод байнга өөрчлөгддөг. Технологи муу байхад хүмүүс маш их баялгийг ашиглаж чадахгүй хаядаг. Гэтэл одоо алтны ордууд хэрэггүй гээд хаячихсан байсан овоолсон шороогоо эргүүлээд ашиглаж эхэллээ. Яагаад гэвэл технологи нь сайжирсан учраас. Тийм учраас ТЭЗҮ-ээ байнга өөрчилж байх ёстой. Жишээ нь зэсийн үнэ гэнэт 10 мянган ам.доллар хүрвэл хүмүүс “ашигтай юм чинь яадаг юм” гээд л ордог байхгүй юу. Түүнээс биш гэрээг байгуулсны наана, цаана ТЭЗҮ-ийг оруулж ирэх ёстой гэсэн ойлголт байхгүй.
-Дараагийн урьдчилгаа 50 сая ам.долларыг хэзээ оруулж ирэх ёстой билээ?
-Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор. Гэхдээ энэ мөнгийг чуулган нээх өдөр ч оруулж ирж болно. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчид их мөнгөтэй болсон. Гэрээнд зааснаар “Рио Тинто” “Айвенхоу майнз”-ын 19 хувийг энэ хугацаанд авсан байх ёстой. Одоо бол 22 хувийг авчихсан. Дахиад 18 сарын дотор үүнийгээ 46 хувь болгоно гэж байгаа.
-“Айвенхоу майнз”-ын 66 хувиас уу?
-Тийм. “Айвенхоу майнз”-ын хувь улам жижигрээд “Рио тинто” гэж дэлхийн том компани энэ төслийг хэрэгжүүлэх болоод байна шүү дээ.
-Н.Батбаяр гишүүн намрын чуулганы хаах гэж байхад Ерөнхий сайдаас асуусан. Монголын төр “Айвенхоу майнз” гэж жижиг компани биш, толгой компани болох “Рио Тинто”-д хувь эзэмших ёстой байсан. “Рио Тинто”-гийн хувьцаа өдрөөс өдөрт өсч байна. Монголын Засгийн газар алдагдалтай гэрээ хийснийг та хүлээн зөвшөөрч байна уу гэж. Ерөнхий сайд “зөвшөөрч байна” гээд хариулчихсан…?
-Би тэр хурал дээр нь байгаагүй. Байсан бол хариулах л байсан. Зүгээр нэг тоглоом болоод өнгөрчихсөн байхгүй юу. “Айвенхоу майнз” Торонтогийн бирж дээр бүртгэлтэй компани байна. Монголд байгаа Оюутолгойг эзэмшихдээ BVI-д/British Virjine Island/ бүртгэлтэй компани байгуулаад орчихсон. Энэ компани манай АМХЭГ-т өргөдөл өгөөд лицензээ авсан. Манай хуулиар хөрөнгө оруулалтын гэрээг лиценз эзэмшигчтэй хийх ёстой. Гэтэл олон улсын ихэнх том компани татвараас зугатаахын тулд татваргүй бүсэд жишиг компаниа бүртгүүлээд тэндээсээ үйл ажиллагаа явулдаг. Тийм учраас бид тэр компанитай л гэрээ байгуулах ёстой. Яагаад гэвэл манай хуулиар “Рио Тинто”-той гэрээ хийж болохгүй. Лиценз эзэмшигч нь “Айвенхоу майнз” юм чинь. Гэтэл лиценз эзэмшигчийн орд газрын үнэ өсөхөөр “Рио Тинто”-гийн хувьцааны үнэ Нью-Иоркийн бирж дээр ч, Тортонто дээр ч өсч байгаа нь үнэн. Борлуулсан нийт хувьцааных нь үнэ зургаан тэрбум ам.долларт хүрсэн. Тэгэхээр Н.Батбаяр гишүүн гишүүн “Хэрвээ бид Рио Тинтогийн 34 хувийг авсан бол 34 хувь нь хоёр тэрбум ам.доллар болчих байсан юм” гэж хэлэхээр Ерөнхий сайд “Тийм ээ” л гээд хэлчихсэн юм шиг байна лээ. Түүгээр л тоглоод байгаа байхгүй юу. Түүнээс биш энэ бол гэрээний тухай асуудал биш. Сая хямралын үеэр хувьцаа нь арав дахин унаадюун зургаан тэрбум, 600 сая болтлоо буурсан шүү дээ. Янз бүр л байхгүй юу.
-Дөрөвдүгээр сарын 6 хүртэл тун бага хугацаа үлдлээ?
-Заавал 6-ныг хүргэх албагүй шүү дээ. Зургаан сарын дотор л гэрээгээ биелүүл гэсэн болохоос биш нэг сарын дотор ч болно. 31-нд Засгийн газрын хуралдаанаар ТЭЗҮ-гээ хэлэлцээд баталчихвал гэрээ маргааш нь ч хүчин төгөлдөр болж болно шүү дээ.
-Засгийн газар ч гэрээг хийх сонирхолтой байгаа, “Айвенхоу майнз” ч яарч байгаа. Тэгэхээр энэ хооронд ямар нэг хууль бус зүйл, хуйвалдаан байгаа даа гэдэг хардлага угаасаа нийгэмд байгаад байх юм. Яах вэ?
-Хэрвээ хуйвалдах юм бол хуйвалдсан тал хоёулаа хохирол хүлээнэ шүү дээ. Жишээ нь “Айвенхоу майнз”-аас Засгийн газарт “Уг нь Рио Тинтогийн эзэмшлийн хувийг 19 хувь болгох ёстой л доо. Одоо 10 хувьтай байна, тэдэн сарын дараа 19 хувь болгочихьё, тиймээс та нар одоо 19 хувьтай гээд бүртгэчих” гэх юм уу. Тийм боломж байхгүй. Яагаад гэвэл энэ хоёр компани чинь хоёулаа “public” компани, хөрөнгийн бирж дээр хувьцаа нь ил тод арилжагддаг. Бүх хүн мэдэж байдаг. Үүнийг хөндлөнгийн хэн нэгнээр хянуулах ямар ч шаардлага байхгүй. Ганцхан манайд л тийм ойлголттой.
-М.Энхсайхан дарга “С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт гурав бол гэрээ хийх хэмжээний хүмүүс биш, үүний ард С.Баяр байгаа” гэж хэлсэн байсан?
-Тэгсэн л байна лээ. Би нэг зүйлийг баталгаатай хэлнэ. Энэ гэрээний хамгийн сүүлийн цэгийг тавих хүртэл бүх заалтыг би тохирсон. Би тэгээд нэг заалт тохиронгуутаа ”С.Баяр дарга аа, одоо тэгээд тохирчих уу” гээд гүйгээд байх юм уу. С.Баяр дарга нэг л зүйлийг надад хэлсэн. “Энэ гэрээг чи ямар ч байсан босгож ир” гэсэн. Н.Батбаяр гишүүн намайг “Оюутолгойг хятадуудад өгөх гэлээ, гэрээний эсрэг байгаа” гэж хэлсний дараа намайг дуудаад “Чи Сангийн сайд мөртлөө энэ гэрээний эсрэг байгаа юм уу” гэж асуусан. Би бүр гайхаад “шок”-онд орж байгаа юм чинь. “Яалаа гэж дээ, Би таны Сангийн сайд шүү дээ” гэсэн. Тэгээд намайг “Тийм л бол чи наад гэрээгээ босгож ир” гэсэн. Нэг талаасаа шалгасан, нөгөө талаас босгоод ирэх байх гэж л харсан байх.
-Гэрээ байгуулсан хүмүүс эхнээсээ сая ам.доллараар хаус энэ тэр аваад байгаа сурагтай. Сангийн сайд бол бүр илүү юм авах байх даа?
-/инээгээд/ Муу Л.Гансүхийг арай хэтрүүлсэн байна лээ. Хариу мэдэгдэл гаргаж байгаа гэсэн.
-Гэрээнд гарын үсэг зурсны дараа та өөрөө ам алдлуу, эсвэл хөрөнгө оруулагч нар хэллүү. Энэ хэмжээний гэрээг байгуулахын тулд гадаадад бол маш том зөвлөх компаниудыг авч ажиллуулдаг. Гэтэл Монголын төрийн байгууллагын хэдхэн хүн ямар ч урамшуулалгүйгээр ийм олон цагаар ажиллаж, ийм сайн гэрээ хийж чадсанд бахархаж байна гэж…
-Цаад хүмүүс нь өөрсдөө тэгж хэлсэн шүү дээ. Гадныхан бол ийм төсөл дээр цагаар ажилладаг. Тийм учраас биднийг хараад “Би долоо хоногт 100 цаг ажиладаг сайд хараагүй” гэдэг байсан. Би лав байнга л хонож ажиллаж байсан. Яамныхаа ажилчдыг өглөө ирэхэд өрөөндөө бэлтгэлийн хувцастай л сууж байдаг. Тэглээ гээд одоо яах ёстой юм. Ядраад байна, болилоо гэх үү. Эсвэл одоо “аймаар их ядарсан, үс бууралтчихсан, хар даа” гэх юм уу. Цаана нь гарч л таарна шүү дээ. Энэ гэрээнээс болж хэн нэгэн хүн муулуулна аа, тэр бол угаасаа ойлгомжтой. Гэхдээ энэ гэрээн дээр тулгуурлаж Монгол Улс хөгжинө шүү.
-Гудамжинд байгаа иргэний хөдөлгөөнүүд нь дүүрч, угаасаа мэдээлэлгүй байгаа учраас гэе л дээ. Гэтэл УИХ-д байгаа 12 гишүүн гэрээг эсэргүүцлээ гэхээр хүмүүст хар төрнө биз дээ?
-Үүнийг ч гэсэн та нар өөрсдөө л дүгнэ л дээ. Гэрээг аравдугаар сарын 6-нд байгуулсан. Тэгвэл аравннэгдүгээр сарын 1-нд яагаад энэ асуудлаа тавиагүй юм, яагаад одоо гэж. Улс төрийн л зорилго байхгүй юу.
-Тэгвэл энэ гэрээг хамгаалж үлдэх, хүчин төгөлдөр болгох сонирхол, тийм баталгаа хоёр намын бүлэгт яг одоо байна уу? МАХН дотор ч, Ардчилсан нам дотор ч эсэргүүцэл гараад ирчихлээ?
-УИХ “гэрээг хуульд нийцүүүлээд хий” гэдэг үүргийг Засгийн газарт өгсөн. Засгийн газар хуульд нийцүүлээд гэрээгээ хийсэн. Одоо тэгээд УИХ-ын гэрээг хүчингүй болгох юм уу. Нэг зүйлийг ойлго. Ардчилсан нийгэмд 100 хувийн саналаар дэмжигдддэг зүйл гэж байдаггүй юм. Обамаг хар. Нобелийн шагнал авсан, рок од шиг л нэр хүндтэй гэж байна. Тэглээ гээд Обамагийн рейтинг 40 хувиас дээшээ гарахгүй л байгаа биз дээ. Ардчилсан нийгэмд 100 хувь гэдэг ойлголт хэзээ ч, хаана ч байхгүй. Би бол 76-гаас 12 нь эсэргүүцлээ гэхээр харин ч бага байна гэж бодож байна. Хорин хувь л байхгүй юу. Ямар ч асуудалгүй. Үнэхээр л гэрээ буруу гэж үзэж байгаа бол Засгийн газраа огцруул л даа. Та нар буруу гэрээ хийжээ гээд.
-З.Энхболд гишүүн бол мэдсээр байж мушгиж байна гэсэн. Тэгвэл Сайхансамбуу гишүүн жишээ нь мэдэж байгаа болов уу? Энэ 24 сая тонныг хамгийн түрүүнд босгож ирсэн хүн нь л дээ…
-Үгүй, яах вэ дээ. Хотын захиргаанд ажиллаж байсан, түүгээрээ дамжуулаад Нарантуул захын газрыг авсан, үүгээрээ баяжсан л хүн. Одоо ч гэсэн “Эрүүгийн хууль бичиж бичиж гарч ирлээ” гээд Ц.Нямдорж сайдыг уурлуулаад л явж байгаа байхгүй юу. Хууль бичнэ гэдэг хүссэн бүрийн хийгээд байдаг ажил биш шүү дээ. Гэхдээ тэр хүнийг чинь өчнөөн олон мянган хүн итгээд сонгосон. Түүнтэй хамт бас Оксфорд төгссөн, өчнөөн олон хэлтэй хүнийг сонгосон л байна. Би бол хүнийг байгаагаар нь л хүлээж авдаг. УИХ-д насаараа сонгогдоод суучихсан хүнд ч гэсэн улсын төсвийг бүтнээр нь аваачиж өгөөд “наадахаа уншаадах” гэвэл чадахгүй шүү. Төсөв бодно гэдэг хүн бүрийн хийдэг ажил биш. Үүнийг сонирхдог, оролддог, эрмэлздэг хүний ажил байхгүй юу..
-Оюутолгойн ордыг оролдож байгаа нь улс төрийн сонирхол байжээ. Тэгвэл тэд үүгээрээ юунд хүрэх гэж байгаа юм?
-Мэдэхгүй. Өөрсдөөс нь асуу л даа. Та нар яг яах гэж байгаа юм бэ гээд. Бид нар гэрээг сайжруулах гэж байна аа л гэх байх л даа. /инээгээд/ Ардчилсан хүчний холбооныхон бол шулуухан хэлж байгаа шүү дээ. Ардчилсан намын удирдлагыг өөрчилнө, Ардчилсан намын Засгийн газраас гаргана гэж.
Б.СЭМҮҮН