Уртын дуу устах аюул тулгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Уртын дуу устах аюул тулгарлаа

НҮБ-ын боловсрол соёл шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн Монгол дахь судалгааны салбар болох Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, уртын дуучин, уртын дуу судлаач М.Дорждагватай уулзлаа.

-Анх яаж яваад уртын дуу дуулах болов оо? Тэр бүр хүн дуулаад байдаггүй болохоор уртын дуу дуулахад маш их авьяас хэрэгтэй байх?
-Би багаасаа , хүүхэд байхаасаа л дуулсан. Уртын дууны чиглэлээр арваад жил сурч явна. Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад мөн Монгол улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Ө.Базарбат нар миний багш юм. Би Базарбатын шавь нь. Мөн Н.Норовбанзад гуайн шавь нь Монгол улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Ц.Чулуунцэцэг, Ц.Чулуунцэцэгийн шавь нь бас би. Хэдэн үеийн түүхээ мэдэх хоёр багштай хүн дээ.

-Уртын дуучин хүн яаж яваад судалгааны алба руу орчихов оо?
-Би 2001 онд Соёл урлагийн их сургуульд уртын дууны гоцлол дуулаачийн мэргэжлээр элсээд таван жил сурч төгссөн. Сургуулиа төгсөөд Төмөр замын дуу бүжгийн чуулгад ажиллаж байтал доктор, профессор, урлаг судлаач, хөгжим судлаач Ж.Энэбиш багш маань намайг “Чи судалгааны ажил хийвэл их хэрэгтэй байна. Чи л үүнийг хий” гээд энэ судалгааны ажил руу татан оруулсан. Гэхдээ уртын дууны судалгааны ажил руу орсон. Манай хүрээлэн бол 21 дүгээр зуунд Монгол төдийгүй дундад Азийн ерөнхий нүүдэлчин угсаатан үндэстнүүдийн соёлыг судалдаг байгууллага.

-Хэдэн жил уртын дууны судалгааны ажил хийв?
-Уртын дууны олон улсын судалгааг хийгээд гурван жил болж байна. Энэ ажил маань нилээд амжилттай явж байгаа.

-Дундад Азийн хэмжээнд судалгаа явуулдаг гэлээ. Монголоос өөр улс оронд уртын дуутай адилтгах тийм дуу бий болов уу?
-Дундад Азийн хэмжээнд нүүдлийн соёл иргэншлийг судалдаг. Уртын дууг бол Монгол туургатны хэмжээнд судалж байгаа. Яагаад гэхээр өөр олон суурин соёл иргэншилтэй үндэстнүүд, Арабын нүүдлийн соёл иргэншилтэй үндэстнүүдэд бол уртын дуу гээд хэлчихмээр, Монгол үндэстний энэ дуутай адил төстэй, уртын дууны хэмжээнд авч үзчихмээр төрөл зүйл байхгүй учраас Монгол туургатныхаа хэмжээнд судалж байгаа юм. Уртын дууг  ОХУ, БНХАУ-тай хамтарч судлахар болсон. Яагаад гэхээр энэ хоёр оронд манай монголчуудын нэг хэсэг болох Буриад, Өвөрмонгол угсаатнууд  амьдарч байгаа.

-Уртын дууг дотор нь олон ангилах уу?
-Ерөнхийдөө уртыг дууг газар зүй болон угсаатны талаас нь хэд хэд ангилан авч үзэж байна. Хойноосоо явах юм бол Буриад уртын дуу буюу ОХУ-ын Сибирийн Байгаль нуурын баруун хэсэг Саяны уулс дунд Түнхэн аймгийн бүс нутагт уламжлагдан хадгалагдаж байгаа бэсрэг уртын дууны хэв шинж. Үүнийг бол буриад уртын дуу гэнэ. Тэр бол Ойрд уртын дуутай төстэй. Түнхэнтэй залгаа орших Дархад, Хотгойд уртын дуу гэж байна. Энэ бол бас Ойрд уртын дууны төрөл зүйлд хамруулан үзэхээр дуулах арга зүй, дууны ерөнхий хэв шинж, загвар нь төстэй. Завхан Говь-Алтайн зарим сумд, Ховдын баруун халх суманд баруун халхын уртын дуу хамрагдана. Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган аймагт төв халхын уртын дуу байна. Тэгээд наашлахаар Баянбараат уртын дуу гэж Дундговь аймгийн Баянөнжүүл, Баянбараат, Шархайн хөндий хавиар уламжлагдаж байсан уртын дууны төрөл зүйл байна. Түүнтэй зүүн тийш залгаа хуучин Боржигон Цэцэн Вангийн хошууны Боржигон уртын дуу байна. Одоогийн Дундговь аймгийн Дэрэнгээс баруун хойш. Дэрэн бол Баянбараат Боржигон хоёрын зааг Норовбанзад гуйн нутаг шүү дээ. Боржигон дууны уламжлал нь  бол Дундговь аймгийн зүүн хойд тал, Дорноговь аймаг, Хэнтий аймгийн өмнөд, урд зах хэсгээр байна. Сүхбаатар тийшээ Бараг, Үзэмчин, Дарьганга дуу байна. Хуучин Дорнод тийшээ халхын гол аялгуу гэж байсан. Одоо бол тэр ерөнхийдөө уламжлал тасарсан. Хэнтий аймагт эртний Хардал, Хорх өндрийн дэвсгэр уулын том уртын дууны урсгал, төрөл байсан. Тэр нь Улаанбаатарт ирчихсэн одоо төвлөрч дуулж байгаа энэ айзам дуунууд бол ерөнхийдөө тэр дуу гэж үзэж болохоор юм байна. Харин оронд нь 20-р зуун гарсны дараа Буриадууд тэр нутгаар ирж нутагшсан учраас Буриад дуу байна. Гэхдээ уртын дууны хэв шинжийг агуулаагүй Буриадын тийм хор болон уртаар татаж дуулах гэдэг ойлголттой дуунууд байна. За Өвөрмонгол бол Өвөрмонголын баруун орны, зүүн орны дуу түүн дотроо маш олон төрөл зүйлд байна. Өвөрмонголын баруун халх, торгууд, хошууд, ордос, дархад, гүр дуу харин зуун талдаа шилийн гол, үзэмчин, барга, буриад гээд маш олон төрөл зүйл уртын дуу Өвөрмонголд хадгалагдаж байна. Ерөнхийдөө уртын дууны өнөөгийн тархсан байгаа байдал бол иймэрхүү байна даа.

-Уртын дууг төрөл зүйлээр нь олон ангилдаг. Энэ нь амьдран байгаа газар зүйн байрлал, тухайн ястаны уламжлалтай салшгүй холбоотой юу?
-Юун түрүүнд энэ нь угсаатантай холбоотой. Ястан, ястан өөр. Буриад угсаатан бол  Монголын тасархай ч гэсэн арай өвөрмөц өөрийн гэсэн ахуй амьдрал, өв соёлтой. Тэдний амьдраад ирсэн байгалийн орчин нь өөр. Эхлээд ястан, ястнаараа ангилагдана. Дараа нь түүнтэй хамааралтай аялгуу нь өөр байна.

-Хангайд дэлгэрсэн уртын дуу, говьд дэлгэрсэн уртын дуу хоёр юугаараа ялгаатай вэ?
-Хангай уртын дуунд хангай хүн  өндөр газар гарч байж уудам орон зайг эзэгнэдэг. Яг тэрэнтэйгээ адилхан хамгийн өндөр аялгуут хэсэг нь дууныхаа эхэнд таарна. Харин говийн уртын дуу бол тийм биш намуухан явна. Говийн уудам тал тэр тал дээр байгаа жижигхэн манхан, уул толгод шиг ерөнхийдөө өндөр хадаахгүй гэсэн үг. Тэгвэл уул, хээрийн бүсийн дуунууд бол арай өөр байна. Хангай, Хэнтий нурууны дуунууд бол ихэвчлэн төгс төгөлдөр тогтлолцоо гэдэг ч юм уу гоё, уран нарийхан шинжтэй. Их өндөр цавчим хавцлыг санагдуулахуйц өндөр өнгө нь ч байна, бүр доод өнгө нь ч байна. Тэгэхээр уртын дуу бол газар зүйн байршилтай маш их холбоотой юм. Нэг тийм онол байдаг шүү дээ “Сэтгэлгээ бодит байдлын тусгал” гэж.

-Уртын дууны үүсэл, гарлын талаар хэдий үеэс гэж үздэг бол?
-Ямар ч байсан уртын дуу бол Монгол угсаатнаас үүссэн нь тодорхой. Өнөөгийн байдлаас харахад уртын дуу монголчуудад  л уламжлагдсан байна. Энэ нь ерөөсөө л монголчуудынх юм гэдгийг гэрчлээд байгаа юм. Хэрэв зээ Хятад ч юм уу, Орос ч юм уу өөр газраас үүссэн бол ямар нэг хэмжээгээр уртын дууны уламжлал байх л ёстой. Ядаж түүхийн баримт ч болтугай олдох л ёстой. Гэтэл 2000-аад жилийн өмнө Хүннүгийн Шаньютай холбоотой уртын дуу үүссэн тухай домог байдаг. Энэ нь уртын дууны хамгийн эртний баримт юм. Тухайн үед чоно шүтлэгтэй холбоотойгоор үүссэн гэж үздэг. Уртын дуу бол Монгол угсаатан дунд үүссэн хүн төрөлхтний өв санд монголчуудыг оруулсан хувь нэмэр. Тийм ч учраас Юнеско-гоос үүнд анхаарал тавьж бүртгэсэн шүү дээ.

-Тэгвэл 2000 жилийн түүхтэй уртын дуу маань өнөөдөр Монголд ямар түвшинд яаж хөгжиж байна вэ. Уламжлалаараа ямар хэмжээнд явж байна?
-Ерөнхийдөө Монгол, Өвөрмонгол, Буриадад уртын дууны уламжлал байна аа. Гэхдээ энэ маань өдрөөс өдөрт багасч, тасарч  байна. Энэ нь нүүдлийн соёл иргэншил уртын дууны үндсэн орчин нь суурин соёл иргэншилд шахагдсантай холбоотой. Одоо өөр соёлд бид уусч байна гэсэн үг шүү дээ. Мал маллаж амьдрах тэр ахуй, байгалиасаа зохиомол хиймэл орчинд шилжих тэр шинэ шилжилтийн үе бол уртын дууны хувьд маш аюултай эмзэг байгаа.Одоо үүн дээр нь уламжилж аваад үлдэхгүй бол устаж магадгүй аюултай болсон. Мэдээж хэрэг уламжлалд шинэчлэлт байж таарна. Бид эргээд бүгд малаа маллаад явахгүй. Уртын дууг суурин соёл иргэншилд маш сайн зохицуулна гэсэн үг.

-Өнөөдөр суурин соёлд уртын дуу зохицоод хөгжиж байгаа юу?
-Ерөнхийдөө бол 20 дугаар зуунаас хойш уртын дууг тайзан дээр их үзлээ шүү дээ. Одоо жишээ нь хоёр гурван өдрөөр ч юм уу бүтэн бүтнээр нь уртын дууг дуулдаг байсан бол тайзан дээр ганц түрлэгээр дуулдаг болж хувирсан. Энэ нь нэг талаасаа хугацаанд  хавчигддаг байх л даа.

-Тэгвэл уртын дууны хэмжээ багасаад, бүтнээрээ дуулагдахаа больж байгаа юм уу?
-Тийм ээ. Үүнээс болоод уртын дууны урын сан багасан дуулах арга зүй ядуурна гэсэн үг юм. Нэг цаг тасралтгүй уртын дуу дуулах, ганц түрлэгийг дөрвөөс таван минут дуулах хоёрын хооронд маш том ялгаа бий. Тэр удаан дуулахад чинь дуучнаас ямар их хүч чадал зарцуулах уу. Ганц түрлэгийг “шод” гээд тайзнаас буухад ямар хэмжээний ур чадвар зарцуулах уу гээд тэс өөр л дөө. Гэхдээ уртын дууг бүтэн, бүтнээр нь дуулах, тэр ур чадварыг эзэмших цааш нь уламжлуулах тухай асуудал бол зайлшгүй байх шаардлагатай гэж үзэж байгаа л даа. Тийм ч учраас морин хуурч Б.Баттулга бид хоёр хамтраад уртын дууны сонгодог хэлбэр болох айзам уртын дуунуудыг эхнээс нь бүтэн бүтнээр нь нэг дор дуулж, бичүүлж эхлээд байгаа. Цаашаа цуврал цомог гаргаад явах төлөвлөгөөтэй.

-Ямар дууг вэ?
-Засагт хан аймгийн “Дуртмал сайхан” гээд төрийн их дууг бүтнээр нь дууллаа. 30 гаруй минут дууллаа. Цэцэн хан аймгийн “Хэрлэнгийн баръя” гээд дууг 30 гаруй минут дууллаа. Нийлээд цаг гаруй боллоо. Студид ороод дуулахад хугацаа шаардаж байна аа гэдэг чинь асар их хүч чадал шаардана гэсэн үг шүү дээ.

-Энэ хоёр дуу нэг цомогт орох уу?
-Тус тусдаа нэг дуу нь нэг цомог болоод гарна.

-Хэзээ сонсогчдын гар дээр эдгээр цомгууд хүрэх вэ?
-Дуу бол бичлэгт ороод бэлэн болчихсон. Удахгүй  хэвлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Ер нь  урд өмнө нь уртын айзам дуунуудыг бүтнээр дуулж, бичүүлж үлдээсэн уламжлал байхгүй учраас энэ маань цоо шинэ зүйл болно. Мэдээж хэрэг бүтнээр нь дуулдаг байсан болоод л гуч гаруй түрлэг буюу баримжаагаар гурав, дөрвөн цаг дуулдаг дуунууд байна.

-Уртын дууны дуулах ур чадварын тухай?
-Уртын дууны дуулах арга зүй нэг талаасаа хувьсан өөрчлөгдөөд, ингэхдээ нэлээд уналтын төвшинд өөрчлөгдөх хандлагатай байгаа. Жишээ нь, уртын дууг морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэтэл орчин үеийн ураар хийсэн морин хууртай уртын дууг дуулахад их хэцүү.

-Яагаад?
-Орчин үеийн морин хууртай уртын дуу дуулахаар ари, романс дуулах гээд  байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Тэгэхээр морины сүүлээр хийсэн ширэн цартай хууртай дуулахад амьд хоолойд эвтэйхэн байна. Өрнө дахины сонгодог зохиолуудыг тоглохын тулд морин хуурын  тоглох арга зүй, хийц технологийг нь өөрчилсөн. Уламжлалаараа байх юм бол уртын дуунд илүү ээлтэй. Ширэн цартай морин хууртай уртын дуу дуулахад уламжлалаа ч барина, сонсоход хүртэл Монгол хүнд Монгол сэтгэл төрүүлэн төлөвшүүлэхэд илүү хувь нэмэртэй байх гэж үздэг. Уртын дууг суурин соёл иргэншилд төлөвшүүлээд ари романсын нэг төрөл болгочихгүйн тулд ширэн цартай хууртай хавсарна гэсэн үг. Тэгэж байж уртын дуу үнэн мөн чанараараа илэрхийлэгдэх юм аа. Уртын дуу маш их хумигдаж байгаа. Тиймдээ ч залуу уран бүтээлч, судлаачийн хувьд хуучин барьж байсан уртын дууны хэдэн мянган жил хөгжөөд ирсэн сонгодог дэг жаягийнх нь дагуу дуулахыг хичээж байгаа юм. 

Уртын дууг дуулж хуурдахад хэдэн үндсэн зарчим байна. Үүнийг уртын дуу дуулах арга ухааны түлхүүр ч гэж хэлж болно. Гэхдээ энэ түлхүүрийг хамаагүй ярьж болохгүй юм байна. Яагаад гэхээр уртын дууны аюулгүй байдалтай холбоотой байж магадгүй. Мэдээж өвлүүлэх хүн гарч ирнэ шүү дээ. Гэхдээ Хятадуудад л уртын дуугаа өвлүүлчихгүй юмсан гэж бодож байна. Энэ л хэцүү асуудал юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж