
“Ашиг сонирхлын зөрчилтэй компани” гэдэгт одоо Тавантолгойн ордод ашиглалтын лиценз эзэмшиж буй компаниудыг хэлж байгаагаа мөн тодотгожээ. Харин энэ нь хэний тухай яриа болохыг ойлгоход төвөггүй байх. Учир нь, Тавантолгойн орд газрын 96 хувь нь төрийн мэдэлд, үлдэх дөрвөн хувь нь болох Ухаахудагт “Энержи Ресурс” компани олборлолт явуулж буй бөгөөд уг нөөцдөө тулгуурлан “Мongolian Mining Corporation” нэрээр Хонгконгийн бирж дээр хувьцаа гарган худалдсан саяхны дуулиан нь эздээ олны анхаарлаас холдуулж амжаагүй байгаа билээ. Тэгэхээр уг ордод одоо ашиглалт явуулж байгаа компани гэдэг нь хэний тухай үг болох нь тодорхой. Харин тэдний Хонгконгийн бирж дээр хийсэн арилжаанаас өмнө тодорхой болчихоод байсан олон зүйлс Ерөнхий сайд С.Батболдыг жинхэнэ “ашиг сонирхлын зөрчилтэй” этгээд болгон илчилсэн юм.
Дээрх арилжаанаас өмнө юу тодорхой байсныг тодотгоё. Нэгдүгээрт, “Мongolian Mining Corporation”-ы хувийг “МCS”, “Петровис”, “Шунхлай”, мөн “Тэнгэрийн цаг” зэрэг улс төрд эрх ашгийн төлөөлөл бүхий үндэсний хэмжээний томоохон компаниуд хуваан эзэмшдэг. Үүний ард Ерөнхий сайдын эрх ашиг ч бий гэдэг. Хоёрдугаарт, хувьцааны 25 хувиа худалдан 650 сая ам.доллар босгохоос 280 саяар нь Хятад руу төмөр зам тавина, 230 саяар нь лиценз нэмж авна гэсэн саналыг арилжаанд оролцогчдод тавьсан. Гуравдугаарт, Хятадын боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах асуудлыг Монголын Засгийн газартай тохиролцсон гэж Хятадын Төмөр замын сайд хариуцлагатай албаны хүмүүст ярьсан гэх мэдээлэл байна.
Монгол Улс Тавантолгойн ордоо түшиглэн Сайншандад боловсруулах үйлдвэр байгуулна, төмөр зам нь уг үйлдвэрээ түүхий эдээр хангахад чиглэнэ гэсэн төрийн бодлого уг нь С.Батболдын үед батлагдсан атал хувийн хэвшлийн нэг компани “энэ хамаагүй Хятад руу төмөр зам тавина” гэсэн “offering” хийгээд гадаадын хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгосныг олон хүн гайхаж байгаа. Нэг үгээр бол, “Монгол Улсын хил дотроос авах гэж байгаа нүүрсийг Хятадад аваачиж үйлдвэрт нь зарна гэсэн тохиролцоогоор мөнгө босгосон явдал” нь лав л төрийн бодлогоос өөр бодлого гэдгийг хэлэх хүмүүс байна. Арилжаанаас өмнө тодорхой болоод байсан нөхцөл байдал, “Мongolian Mining Corporation”-ы дээрх offering буюу санал Ерөнхий сайдыг зэмлэл хүртэхэд хүргэсэн. Тэрчлэн 230 сая ам.доллараар “Мongolian Mining Corporation” хаанаас ямар лиценз авах гэж байгаа, Тавантолгойн ирээдүйн хөрөнгө оруулагчдаас Засгийн газар урьдчилгаанд авахаар тооцоолсон мөнгө үүнтэй холбоотой эсэх гэсэн асуултаар хэвлэлүүд Ерөнхий сайдыг ороож амжсан билээ.
Магадгүй Ухаахудагт олборлолт явуулж байгаа “Энержи Ресурс” төрийн мэдлийн Тавантолгойд хөрөнгө оруулагч болох сонирхол өвөрлөж байгаа юм биш биз гэсэн дохиог ч өгсөн. Харин одоо Ерөнхий сайд өнөөдөр Тавантолгойн ордод ашиглалтын лиценз эзэмшиж байгаа компанийг “ашиг сонирхлын зөрчилтэй”-д тооцон хөрөнгө оруулагчдын “цэсэнд” оруулахгүй гэдгээ мэдэгдлээ. “Махаа хулгайд алдчихлаа” гэмэгц “юун гуя” гэсээр хулгайч өөрийгөө илчиллээ гэдэг шиг юм болов уу гэж хөндлөнгөөс харагдаад байгаа нь бас л нэгийг хэлнэ.
Хятадын түүхий эдийг Тавантолгойгоос хангах уу?
Мөн “Мongolian Mining Corporation”-ы хувьцаа амжилт олсонд өмнөд хөршийн Засгийн газрын бодлого байхыг үгүйсгэхгүй гэх хардлагыг зарим эх сурвалж өгүүлж буйг энд дахин сануулах хэрэгтэй байх.
Уг нь Австралийнх боловч Хятадад голлох үйл ажиллагаагаа явуулдаг “Лэйтон Ази” компани төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-н зарласан олборлогчийн тендерт сүүлийн шатанд тунаж үлдээд байгаа гурван компанийн нэг юм. “Лэйтон Ази” нь “Энержи Ресурс”-ийн Ухаахудагийн уурхайд олборлолт болон хөрөнгө оруулалт, дэд бүтцийн зохион байгуулалтыг хийж буй компани юм. “Эрдэнэс Тавантолгой”-н олборлогчийн тендерт тунаад байгаа Австралийн “Макмахон” нь ч “Лэйтон Ази”-ийн толгой компанитай өнгөрсөн оны есдүгээр сард хамтран “Macmahon Leighton Joint Venture” хэмээх компани байгуулснаа Сиднейн хөрөнгийн биржид албан ёсоор зарласан гэх мэдээлэл байна. Харин “Лэйтон Ази”-ийн Ази дахь үйл ажиллагааг нь Хятадууд удирддаг юм байна. Тэгэхээр хятадуудын санаархал дахиад том Тавантолгой руу чиглэж байгаа нь эндээс харагдаж байх талтай.
Өнөөдрийн байдлаар Монголд Ухаахудагаас гадна Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй. Энэ хоёр уурхайд оруулаад байгаа хөрөнгө оруулалт нь тэрбум орчим ам.долларт хүрээд байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” компанийн операторын тендерт шалгарсан тохиолдолд Монгол дахь хөрөнгө оруулалтын хэмжээ нь нэмэгдэж таарна. Гадаадын хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь хэмжээг үндэсний аюулгүй байдлын үүднээс хязгаарлан тогтоодог жишиг уг нь бий. Харин дээрх нөхцөлд төр засаг юу бодож байгаа нь бас л ойлгомжгүй байна. “Эрдэнэс Тавантолгой”-н операторын тендерт “ашиг сонирхлын зөрчилтэй этгээд” гэж хэнийг хэлэх, мөн түүнийг тендерт оролцуулах эсэх талаар одоохондоо ямар ч зохицуулалт хийгээгүй. Тендер ч эцсийн шатны шийдвэрээ хүлээж байгаа…
Уг нь газрын баялагтай улс орнууд дотооддоо боловсруулах үйлдвэр барьж байж ажилгүйдэл, ядуурлаасаа салж байсан.Сайншандад боловсруулах үйлдвэрээ байгуулж, энэ бүтээн байгуулалтын хүрээнд ойролцоогоор 300 мянга орчим ажлын байр гаргана гэж зориод байгаа төрийн бодлогыг монголчууд дэмжиж байгаа. Харин нийгмийг хамарсан ядуурал, ажилгүйдлээс эрх ашиг нь хамаарахгүй тодорхой нэг хэсгийнхэнд л төрийн энэхүү бодлого юу ч биш санагддаг биз ээ?