Иргэдийн нуруун дээр буух татварыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Иргэдийн нуруун дээр буух татварыг дэмжлээ

Төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд Засгийн газраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Онцгой албан татварын тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулахаар ирэх оны нэгдсэн төсвийн тухай хуультай хамтатган өргөн барьсныг УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцлээ. 

Тухайлбал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд шинэчлэл хийснээр 19.5 тэрбум төгрөг, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулснаар 10.5 тэрбум төгрөг нийт дүнгээрээ 30 тэрбум төгрөгийг улсын нэгдсэн төсвийн орлогод төвлөрүүлэхээр тусгаад буй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийн “гэдэс дотрыг” нь задлахаар марзан заалтууд олон. Жишээ нь иргэний үнэмлэхээ гэмтээгээд  дахин авахад 25 мянган төгрөг төлөх бол шинээр мэндэлсэн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад 220 төгрөг, нас барсныг бүртгэхэд 330 төгрөг татахаар тусгажээ. Монголын төр иргэнээ өөд болоход нь хүртэл ясыг нь өндөлзүүлж, өр нэхэх нь. Онцгой албан татварын тухай хуулийн төслийн тухайд бас л авах юмгүй.  Эгэл борчуудын амь амьжиргаагаа залгуулдаг авто машиныг нас шүдээр нь зааглаж,  хоёр дахин өндөр татвар ногдуулахаа агаарын бохирдол, авто машины осол аваарыг бууруулахад их нэмэр болно” гэж хаацайлж байна.

Уг нь Монголын төр 2011 оноос эхлэн иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөг бэлнээр өгөхөөр төлөвлөсөн ч түүнийгээ энэ мэтээр эргүүлээд татах шинжтэй. Хэрвээ долоогоос дээш настай авто машин худалдаж авах юм бол Онцгой албан татварын өөрчлөлтийн дагуу, найман сая төгрөгөөр үнэлэгдэж байсан 15 цилиндрийг багтаамжтай авто машиныг 15 сая төгрөгөөр авах болчихоод буй. Энэ нь цаанаа төр иргэндээ сар тутамд өгсөн 21 мянган төгрөгийг хэд дахин нугалж авахыг харуулсан бэлээхэн жишээ болно.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд эдгээр хуулийн төслүүдийг уг нь нэлээн сайн шүүмжилсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:-Дэд бүтэц хөгжөөгүй, эрчим хүчний үнэ өндөр байгаа энэ үед нэгдсэн төсвийн тухай хуультай хамтатган энэ олон хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн нь, жирийн иргэдэд хүндрэлтэй тусна. Зах зээлийн хуулиараа эдийн засагт өсөлт гарч эхэлсэн нөхцөлд татварыг бууруулдаг. Тэр хэрээр далд татвар ил болж, олон иргэн, аж ахуйн нэгж хамрагдан, төсвийн орлогын төлөвлөгөө сайжирдаг. Гэтэл иргэдийн ахуй амьжиргаа сайжраагүй байхад ард түмний төлдөг татварыг улам нэмэх гээд байгаа нь дарамт бий болгоно гэв. Мөн УИХ-ын гишүүн П.Алтангэрэл:-Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт орох сургаар “Да хүрээ” зах дээр авто машины үнэ өсчихөөд байна. Хуулийг батлахгүй, буцаалаа гэхэд эргээд авто машиныг хуучин үнэ дээр нь буулгаж чадах уу. Татварын тогтвортой орчин манайд чухал байна. Өсчихөөд байгаа авто машины үнэд хэн хариуцлага хүлээх вэ. Монголоос бусад оронд бол тансаг хэрэглээний татвар гэж бий. Шинэ машиныг боломжийн амьдралтай иргэн авч унана, амьдралаа яая даа гэж авч яваа иргэд түүнийг дийлэхгүй. Өөрсдийнхөө бор зүрхээр амьдрах гэж ядаж яваа иргэдээ ингэж татвараар дарамтлаад байдгаа болих хэрэгтэй, энэ Засгийн газар. Тансаг хэрэглээтэнгүүдэд татвар ногдуулах хэрэгтэй” гэсэн юм.

Сангийн сайд С.Баярцогт: Эдгээр хуулийн төслүүдээс болж, бизнесийн татвар нэмэгдэхгүй. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг 17 жилийн өмнө баталсан байдаг. Одоо шинэчлэхгүй бол үүн дотор зарим төрлийн лиценз, журмын зөвшөөрөл маш бага үнэтэй. Эдгээрийг зохицуулах шаардлагатай. Архи худалдах зөвшөөрөл авахад 12500 төгрөг төлдөг байх жишээний.

Татварын орчны тухайд манайх хамгийн бага татвартай орны тоонд ордог. Тансаг хэрэглээний татвар манайд одоо байдаггүй, тодорхойлоход маш хүнд учраас. Авто машины Онцгой албан татварын тухайд байгаль орчин, техникийн аюулгүй байдал талыг бодолцон долоогоос дээш настай авто машинд ногдуулах Онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Шууд хорьсноос эдийн засгийн арга хэрэглэх нь илүү оновчтой гэж үзсэн. Улсын хэмжээнд 306 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байдгийн 252 мянга нь авто машин. Үлдсэн нь жижиг суудлын тэрэг. Нийт авто машины 70 гаруй хувь нь Улаанбаатарт явж байгаа гэлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганбямба:-Татвар нэмбэл татвараас олох орлого багасдаг. Татварын хувь хэмжээг буулгавал тэр хэрээр татварын орлого сайжирдаг. Засгийн газар төсвийнхөө орлогыг бүрдүүлэхдээ чаддагаар нь амарчилж ард иргэдийнхээ халаас руу гар дүрж байна. Гэтэл Монголын нүүрсийг татваргүйгээр шахам Хятад улс руу өдөр, шөнөгүй зөөж байхад хараад сууж байгаа шүү гэв.  УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “УИХ-ын гишүүд Тансаг хэрэглээний татварын төсөл санаачлаад оруулаад ирэх хэрэгтэй. Алийн болгон ард түмний нуруун дээр татвар тохчихоод сууж байх юм, Засгийн газарт хариуг нь гишүүд өдөрт нь барих боломжтой. Эдгээр хуулийн төслийг буцаачихад Засгийн газар төсвийн орлогын өөр эх үүсвэр хайхаас яах юм” гэв.

Гэвч ирэх оны нэгдсэн төсөвтэй хамт өргөн баригдсан эдгээр хуулийн төслүүдийг гишүүдийн 70.4 хувь нь “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэнээр иргэдийнхээ нуруун дээр 30 тэрбум төгрөгийн татварыг ногдуулахыг гар өргөн дэмжиж орхилоо.

Эрдэнэсийн санг унагав

Ард иргэдийн нуруун дээр 30 тэрбум төгрөгийн татвар буулгаж чадаж байж, алтны компаниудад үнэн хайртай, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төслийг унагачих юм. Уг хуулийн төслийн үзэл баримтлалд алтыг зөвхөн Монголбанкинд тушаахаар заагаад байв. Ингэснээр алтыг хил, гаалиар хууль бусаар гаргахаас сэргийлж, монголын эрдэнэс зөвхөн төв банкинд төвлөрнө гэж Засгийн газар тооцоолжээ. Харин Монголбанкны ерөнхийлөгч хэлэхдээ “Одоо үйлчилж байгаа хуулиар алтны компаниуд олборлолтоо явуулахын тулд арилжааны банкуудад алтаа барьцаалж зээл авдаг. Энэ нь алтны компанийн, арилжааны банкны үйл ажиллагааг алиныг нь дэмжсэн аятайхан орчин. Хэрвээ энэ төсөл дэмжлэг авч төв банкинд алт тушаадаг болно гэвэл дээрх газруудын үйл ажиллагаа, тэр дундаа алтны компаниуд хүнд байдалд орно. Нөгөөтэйгүүр, алтыг хил, гаалиар нууж гаргах үйлдэл улам ч газар авна” гэж шинэ төслийг эсэргүүцэж байв. Сангийн сайд шинэ төслөө хамгаалж, одоо үйлчилж байгаа хуулиар арилжааны банкуудад барьцаалагдсан алтанд татвар ногдуулж чаддаггүй учраас маш хүндрэлтэй байдаг. Тиймээс хуулийн төслийг боловсруулахдаа зориудаар бид төв банкныхнаас санал аваагүй” гэлээ.

Энэхүү хуулийн төслийг өмнөх өдөр нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх шатанд гишүүд “Хуулийн төслийг дэмжих бололцоогүй төрхөмд нь буцаах шаардлагатай” гэж үзсэн байна. Энэхүү томъёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдээс санал хураалгахад 59 хувь нь “Хэлэлцэх шаардлагагүй” хэмээв. Гэхдээ энэ саналын томъёоллоор эхлээд санал хураалгахад эзгүй гишүүдийн картыг зарим гишүүн дарж, санал өгснөөс “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэх дүн гараад байлаа. Энэ үед УИХ-ын даргад хуулийн төслийг унагах сонирхол илүүтэй давамгайлав бололтой, дахин санал хураалгаснаар санасандаа хүрч, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төслийг унагасан юм.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төслийг дэмжсэн бол улсын төсвийн орлогод 5.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоолсон байсан билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж