
Гэвч АН бол МАН биш. МАН бол дээрээс тулгасан сценариар, сайтар дэглэсэн жүжиг шиг хуралдчихна. Санал зөрөлдөөн байвч даргынхаа өөдөөс хараад эсэргүү юм ярих гишүүн өдрийн од мэт. АН-ын хувьд ҮЗХ-ны гишүүн мөн эсэхээс үл хамаарч гишүүд нь хуралдаан юу болж байгааг тандан сэтгэлд үл нийцвэл жагсч цуглахаас буцахгүй. Ямар боловч идэвхтэй гишүүд нь АН дотор яг юу болохоо больчихоод лидерүүд нь цугларч ярилцах бус цуварч дуугардаг болсны учрыг олжээ. Ялангуяа бүсгүй гишүүд тун нарийн ажигласан байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэлийн хэлж буйгаар бол АН-д бодлого зангидах институт дутагдсанаас ийнхүү ганц ганцаараа тоглолт хийх хөрс суурь бүрдсэн гэнэ. Үнэхээр ч 2000 оноос өмнө, ардчилагчид засгийн эрх барьж байхдаа, бүр түүнээс ч өмнө бодлогын том байгууллагуудтай байсан. МҮАН–д Ерөнхий зөвлөл, МСДН-д Улс төрийн зөвлөл гэж тухайн үеийн ардчиллын лидерүүдээс бүрдсэн том байгууллага ажиллаж байв. Дэргэдээ эрдэм шинжилгээ, судалгааны төвтэй, тасралтгүй социологийн судалгаа явуулж нийгмийн сэтгэд зүйг танддаг, тийм үе байсан. Тэд хүчтэй байсандаа, бодлогоо нэгтгэн зангидаж нэг үгээр дуугардаг байсандаа УИХ-ын 1996 оны сонгуульд ялж засгийн эрх барьсан. Харин өдгөө ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл гэж орон нутгийн төлөөллөөс бүрдсэн хоёр байгууллагатай болчихжээ. Гэтэл бодлогын байгууллага байхгүй. ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь төлөөлсөн орон нутгийнхаа эрх ашгийг дээр тавьж өөрийгөө дөвийлгөхөөс өөрөөр намын ерөнхий тоймтой бодлого ярихаа больчихож. Тиймдээ ч лидер лойдоргүй популист маягийн ганцаарчилсан тоглолтод шилжсэн нь ҮЗХ-ны хурлын өмнө улам тод болж байна.
УИХ-ын эрхэм гишүүн Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын гурвалжин мэтгэлцээн, Х.Тэмүүжин, Г.Баярсайхан нарын залуу гишүүдийн тунирхал, З.Энхболд гишүүний шазруун үг, Ж.Батзандан зэрэг гаднаас ирэгсдийн шахалт, хуучин партизан гишүүдийн гоморхол гээд зүсэн зүйлийн хэлбэрээр намд нэгдсэн бодлогогүй болсны шинж тэмдэг илрэх болжээ. Хэн дуртай нь хамтарсан Засгийн газраар оролдох тухай ярьж, “Би дарга болбол” хэмээн бэлэн амлах болж. Дээдэхэд нь нэгдсэн бодлого дутагдаад ирэхээр доод гишүүд нь учраа олохгүй бужигнаж унтаа дарга нараа сэрээх гэж аргаа барж байна. Жанжны талбай дээр хоосон сандал өрж үзлээ. “Унтаа байна шүү та нар” хэмээн “Унталт” арга хэмжээ зохиож үзлээ. Ээлжит бус их хурал хуралдуулъя гэж шавдуулж үзлээ. “Хүрээ дугуйлан” байгуулсан залуус намаа шинэчлэхийг хүсэгчдийн гарын үсгийн цуглуулгад мордлоо. Ганцаарчилсан тоглолтод шилжсэн эрхэм дарга нар анзаарч байгаа янз алга. Харин ч “гудамжны гишүүд ийм юм ярьдаггүй” хэмээн 20 жилийн өмнөхөө мартсан янзтай хариулж сууна.
Уг нь гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс ҮЗХ-ны хурлаа идэвхтэй хийж, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгье, намын даргын асуудлыг сөхсөн ч яах вэ гэсэн юм байна. Гэвч дийлэнх нь хүлээж авалгүй энх тайванч хэдэн илтгэл сонсоод л таръя гэж зөрүүдэлжээ.
Хэрэв хэдхэн илтгэл сонсоод өнгөрвөл ҮЗХ-ны хурлын дараа гишүүд “унталт” байтугай юм зарлаж бужигнуулах нь тодорхой. Гэхдээ л энэ бужигнаан, мэтгэлцээний цаана, Н.Алтанхуяг дэндүү муудаа ч бус, Алтангадасаас намын удирдлагыг салгаж, хамтарсан Засгийн газраас гаръя гэхээс илүүтэйгээр “Нэгдсэн улс төрийн бодлогогүй байна шүү” гэсэн дохиог дороос өгөөд эхэлсэн байна.
Бодлогоо нэгтгэж нэг дуугаар ярьдаг болчихвол, жирийн гишүүд нь өмнөх үе шиг намынхаа байраар орж гарч байваас цуварч дуугардаг болсон Ардчилсан намынхан цугларч чадна. Үүний эхлэлийг ҮЗХ-ны энэ хурал тавина гэж жирийн гишүүд нь найдаж байна.