А.Энхтуул охин уртаас урт цол гуншинтай, энгэрээрээ дүүрэн одон медальтай. Спортын мастер. Монголын хүүхдийн ордны хошой алт, мөнгө, хүрэл медальт, Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын хошой алт, мөнгө, хүрэл медальт. Өсвөрийн шатарчдын улсын хошой аварга. “Цагаан бэрс” улсын тэмцээний хошой аварга, насанд хүрэгчдийн улсын аваргын мөнгөн медальт гээд нэрлээд байвал уртаас урт гуншин дуудах хэрэг гарна. Ингээд энэ авьяаслаг охинтой хийсэн ярилцлагаа хүргэе.
-Шатрын спортыг хэзээнээс сонирхох болов?
– 2004 оноос шатрын дугуйланд хичээллэх болсон. “Эрудит” төвийн Бүжээ багш маань намайг урлаг, спортод элэгтэй, хайртай хүн болгож өгсөнд талархаж явдаг юм.
-Миний дүү одоо хаана ямар сургууль, клубт харъяалагдаж байна вэ?
-Би Сэлэнгэ аймгийн уугуул, Б.Ринчений нэрэмжит 11 жилийн сургуулийн есдүгээр ангид суралцдаг. Бас хичээлийнхээ хажуугаар “Цэцэн нүүдэл” клубт явдаг.
-Чи хэдэн настай вэ?
-Би одоо 13 настай.
-Хамгийн сүүлд ямар тэмцээнд оролцов, ойрд гадаадын тэмцээнд явах уу?
-Тавдугаар сард болсон Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод мөнгөн медаль хүртсэн. Ирэх арваннэгдүгээр сард Германы Дрезден хотод зохиогдох шатрын 38-р олимпиадад оролцох эрхээ аваад байна. Долдугаар сард Якутын Сахад болох тэмцээнд явна. Азийн хүүхдийн дөрөвдүгээр их наадамд Монголын шигшээ багт тоглохоор бэлтгэлдээ ороод байна. Мөн найм, аравдугаар сард Азийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
-Томчуудтай ана мана үзэлцэж, мөнгөн медаль хүртэнэ гэдэг том амжилт. Хүмүүс чамайг яаж хүлээж авч байна вэ?
-Хамгийн түрүүнд ээж минь надад баяр хүргэсэн. Бас миний багш нар, Сэлэнгэ аймгийн спорт хороо намайг хүлээн авч, аймгаас маань залуу сайн шатарчин баяртай байна гэсэн. Тэр үг надад их урам өгсөн шүү. Намайг тоглож байхад манай Сэлэнгэ аймгийн шатрын холбооны ерөнхийлөгч, нутгийн шатарчид зөвлөгөө өгч, сэтгэлээрээ дэмжиж байсанд баярлалаа гэж хэлмээр байна. Манай гэрийнхэн надад зориулж бяцхан цайллага хүртэл хийсэн. АНУ-д байгаа миний шатрын анхны багш Ц.Батболд ах баяр хүргэж, амжилт гаргаарай гэж захисан байгаа. Тэр хүмүүсийн итгэлийг би алдахгүйг хичээх болно.
-Олон тэмцээнд оролцсон юм байна шүү дээ. Хамгийн дурсамжтай, бөгөөд харамсалтай санагдсан тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?
-Миний хувьд хамгийн дурсамжтай үе бол 2006 онд Чехэд болсон тэмцээн байлаа. Манай баг аварга болж төрийн дууллаа эгшиглүүлэхэд надад их гоё санагдаж байсан шүү. Харин харамсалтай үе бол 2007 онд Арабын Эмиратын Дубайд болсон Ази тивийн тэмцээнд би медаль авах боломжоо алдсан юм. Би түүндээ л их харамсдаг.
-Чамд шатраас гадна өөр сонирхдог зүйл байдаг уу? Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Би ширээний теннис, сагс их тоглодог. Ер нь надад үеийнхээ охид шиг зугаалах, тоглох чөлөөт цаг бага байдаг юм. Миний ээж их хөдөлмөрч хүн, хүүхэд хүүхдээрээ байх сайхан, зөв хор шартай байж амжилтанд хүрнэ шүү гэж үргэлж захидаг. Би бас дуу хөгжим урлагт их дуртай. “Хүүхдийн мөрөөдөл”, “Дэгдээхэй нас”, “Хүүхэд нас”, “Сэтгэлийн өглөг” зэрэг бие даасан тоглолтуудаа хийж байлаа.
-Чиний хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
-Тоглож байгаа тоглогч бүр маань миний хүчтэй өрсөлдөгч байдаг.
-Миний дүү тэмцээнд оролцох зардал, санхүүгээ яаж зохицуулдаг вэ. Гадаадад тэмцээнд явахад зардал багагүй шаардагддаг байх?
– “Бороо гоулд” компани намайг ивээн тэтгэж, гадаад, дотоодын тэмцээнд оролцох зардлыг маань даадаг. Тэр хүмүүсийн ачаар би өндөр амжилт гаргасан болов уу.
-Танай сургууль, клуб, орон нутгаас чинь хэр дэмжлэг үзүүлдэг вэ?
-Манай сургуулийн хувьд хичээлээс чөлөө өгдөг. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, спорт хороо, шатрын холбоод маань намайг маш сайн дэмждэг. Энэ утгаараа “Бороо гоулд” компани тэмцээнүүдийн зардлыг бүрэн даадаг юм шүү дээ. УИХ–ын гишүүн С.Баярцогт, Р.Нямсүрэн ах ч бас их тусалдаг. Клубын хувьд бэлтгэл сургуулилтад их дэмжлэг үзүүлдэг.
-Зуны амралтаа яаж өнгөрөөх гэж байна ?
-Амралтаараа шатрынхаа бэлтгэлийг л хийдэг. Зуны амралтын үеэр Ази болон Дэлхийн аваргын тэмцээн таардаг болохоор бэлтгэл сургуулилт гэсээр байтал нэг мэдэхнээ хичээл орох болчихсон байдаг юм. Энэ зуныхаа амралтаар Украйны их мастер В.Роговский дээр бэлтгэл хийхээр төлөвлөчихсөн.
-Чиний бодлоор танай шатрын сургалт олон улсын түвшинд энэ зэрэгцэхүйц байж чадах уу?
-Дотооддоо бол болоод л байгаа. Гэхдээ гадаадын тэр өндөр бэлтгэгдэж байгаа тамирчдын чансаанд арай ч хүрэхгүй байх. Гэсэн ч Ази, дэлхийд манай шатарчид ”Топ-20”-д багтаж байгаа нь том амжилт шүү. Монголд цэгцтэй бодлого, хариуцлагатай нэгдсэн сургалт, бэлтгэл, мэргэжилтэн дутагдалтай байдаг юм. Манай сургалтанд сүүлийн үеийн шатрын программ байхгүй, сурах бичиг ховор гээд учир дутагдалтай зүйл олон.
Б.ЭНХ /2008 оны 6 сарын 5/