Тэр нутагтаа л байхын заяатай

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Тэр нутагтаа л байхын заяатай

Тал нутгийн сэлүүхэн салхи, таанын үнэр, аргалын утаанд хөлчүүрхсэн
Дарьганга нутаг жилийн дөрвөн улирлаа угтаж үдсээр.Ийм нутагт төрсөн хүн
бүхэн авъяас билгийн далайг өвлөн мэндэлдэг шиг санагдана. Тал нутгийн сэлүүхэн салхи, таанын үнэр, аргалын утаанд хөлчүүрхсэн
Дарьганга нутаг жилийн дөрвөн улирлаа угтаж үдсээр.Ийм нутагт төрсөн хүн
бүхэн авъяас билгийн далайг өвлөн мэндэлдэг шиг санагдана.

Сүхбаатарчуудыг оюуны их чадалтай, авъяасын булагтай хүмүүс гэдэг. Чухамдаа нутгийнхаа энэхүү ховор шинжийг олноо харуулсан уран бүтээлч МУСТА, Луузангийн Гомбосүрэнг мэдэхгүй хүн ховор оо.

Толгойгүй морин хуураар хуурдаж, урлагийн чин хорхойтон болохоо нээсэн тэрээр нутгийнхаа алдарт Аюурзанын Морин хуурын явдалын аялгууг сонсох гэж цагаан хоолой зүүсэн шонгийн мод тэврэн зогссоор хичээлээс хожимдож явсан хүүхэд.

Хаа газрын уран бүтээлчдэд байдаг урт үсийг гоёо болгосон, тэр бүр хүнд таалагдах гэж зүтгэхийг үзэн яддаг “сонин” зантай түүнийг хүмүүс ясны уран бүтээлч гэх нь элбэг. Харин тэрээр өөрийгөө юу гэж бодож явдаг нь нууцлагдмал.
Гомбосүрэн  Шаргын сайхан тал, Дарьгангын эгшиг, Энх мэндийн баяр, Цуцаа нь үгүй хүлэг, Морин хуурын чавхдас, Билгийн ундраа, Цэнгэлийн эгшиг Дорнын их тал мину, “Дэлхийг би үүрч явна”, “Эрин зуун дуудаж байна” зэрэг 100 орчим концерт найруулж, Жаргалын Барамсайн Хүний мөс, өөрийнхөө зохиосон “Ванлий хүүхэн”, С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”, Мар.Баджиевын Сэтгэлд харвасан туяа зэрэг 40 гаруй жүжгийг тайзнаа амилуулсан гавъяатан, бас авъяастан.
Мөн Хөгжмийн зохиолч Доржцэрэнгийн уран бүтээлийн тайлан тоглолтыг гурван удаа, Ардын жүжигчин Ш.Чимидцэеэгийн уран бүтээлийн тоглолтыг хоёр удаа, бүжиг дэглээч Түмэннаст, хөгжмийн зохиолч СТА Батсайхан, жүжигчин СТА, Далай, бүжиг дэглээч УГЗ Д. Санжаасүрэн нарын уран бүтээлийн тайлан тоглолтууд, яруу найрагч УГЗ Мэнд-Ооёогийн яруу найргийн цэнгүүн, яруу найрагч Төрийн шагналт Дашбалбарын уран бүтээлийн цэнгүүн, яруу найрагч Данзангийн Нямсүрэн, Ишийн Батсүх нарын яруу найргийн цэнгүүн зэрэг 20 гаруй уран бүтээлчийн уран бүтээлийн цомнолыг бичиж найруулан тавьсан юм.
Дээдэс дарга нарт тал засахыг яс махнаасаа үзэн яддаг. Тийм этгээд араншингаасаа болж нутаг заагдаж, Баянхонгор аймагт очиж байсан ч удаатай. Хүний газарт очлоо гээд ир нь мохсонгүй харин ч Баянхонгорчуудын сэтгэлд хоногшсон “Уул усны шүтэлцээн” нэртэй томоохон концерт найруулан тавьжээ. Жаахан шарга театрынхан найруулагчаа буцаан авчирахаар өргөх бичиг үйлдэн Соёлын яаманд хүргүүлснээр унаган нутагтаа авчирсан түүхтэй. Уран бүтээлчиддээ хариуцлагын дээдийн хатуухан шаарддаг түүний туурвисан бүтээл бүхэн олны талархалыг хүлээдэг нь Гомбосүрэн найруулагчын дотоод ертөнцөөс давалгаалах их энерги ажгуу.

Нутгийнхны хэлж заншсан Театрын Гомбоо жааханаар барахгүй омголон. Түүнд суудал гэж үгүй. Хаа л бол хаа байж харагдана. Найруулагчын нэг онцлог нь энэ. Суудалгүйгээс гадна байнга л шинийг эрэлхийлж хуучныг сонжих нь түүний үндсэн ажил. Жаахан шарга театр сүүлийн жилүүдэд дорвитой томоохон уран бүтээл туурвиж байгаа нь гагц найруулагчийн ур ухааных гэхэд маргах хүнгүй.
Хамгийн сүүлд аймгийнхаа соёл урлагийн өдрүүдийг 45 жилийн дараа сэргээн зохиож, “Наран мандах “нутаг нэртэй томоохон тоглолтыг найруулан тавьсан юм.
Түүнийг ажлаа хийж байгааг харахад нэгэн их уур омог дүрэлзэн байна уу гэлтэй халгаж үл болмоор хатуу. Уран бүтээлчид нь түүний үгнээс гарах байтугай зөрөх эрхгүй. Урлагт сэтгэл зүрхээ зориулсан хүн гэдэг ийм л байдаг байх гэмээр, тийм чанга, халгамаар хэрнээ бүтээл нь үзэгчдийн хүртээл болсны дараа гайхмаар  аядуу зөлөн тайвшралыг бий болгох нь сонин. Арслан барс мэт аашилж бүтээлээ туурвидаг ч аядуу намдуу эерэг орчныг гэртээ бүрдүүлж чаддагт нь түүний хань жаргалтай гэргий.

Орчлонд сайхан зүйл олон бий. Харин түүнийг яаж харахаас амьдралын өнгийг зурж болох. Тэгвэл Гомбосүрэнгийн нүдэнд эгэл бүхэн гэрэл гэгээтэй харагддаг амой. Түүний гарын шүүсэнд нухлагдсан олон хүн Жаахан шарга театрын шилдгүүдийн эгнээнд жагсаж байна.

Ер юм бүхнийг сэтгэл зүрхнээсээ хийдэг гэдэг нь найруулан тавьсан бүтээл бүрээс харж болно. Сүхбаатарчууд болоод монголын ард түмний их шүтээн Алтан Дарь овооны 1990, 1994. 1998, 2000 оны тахилгын сценарийг бичиж найруулан дэглэж түмэн олны талархалыг хүлээжээ. Харин 2004 оны их тахилгын нээлтийг  найруулан тавих боломжийг олгоогүй нь тэр жилийн тахилгат тааруухан үнэлгээ тавих шалтаг болжээ.

Түүнийг ус нутагт нь биш улс даяар урлагийн хүрээний акулууд танина.Арга ч үгүй биз дээ хөдөө гараад зэврээгүй хөгжил хөөж хотод суурьшаагүй уран бүтээлч хүнийг хүндэлдэг хүн цөөнгүй байх нь аргагүй ээ.

Театрынхаа даргын албыг ч хашиж байсан тэрээр хувийн театр байгуулж байсан ч удаатай.

Урлагийн тэнгэрийн сүлдэн суудал болсон тайзан дэрээ тэр эгээтэй л хаан мэт хачин их эрх ямба, басхүү хэмжээлшгүй аз жаргалтай харагддаг нь бурхан түүнийг энэ тайзны эзнээр томилж явуулсан мэт. Хэдэн уран бүтээлчийнхээ төлөө цаг наргүй гүйж, ам зөрж, амжилт хүсүүлж явсаар өдий эрэгтэй яваад нь Гомбосүрэн найруулагчид баяр хүргэмээр.

Амьдралын баяр жаргалыг алтан тайзнаасаа л амталж мэдэрдэг, ааг омгоо бүтээлээрээ дамжуулдаг нь найруулагч хүний эрэхм чанар. Бэлтгэлийн үеэр загнуулж, зандруулж бүр алгадуулж байсан уран бүтээлчид найруулагчаа муулж байх нь үгүй. Дарагдашгүй мэт омгоор далайлган зэмлэдэг ч дорхноо л сарниж юу ч болоогүй мэт энгийн болдог найруулагчийнхаа хорхойд хоргүй занг шавь нар нь мэдэх хойно.

Бие сэтгэлээ өгсөн ажил, дундрашгүй бүтээлч сэтгэлгээгээр өөрийгөө ирлэдэг авъяаслаг найруулагч.

Хийж бүтээсэн зүйл нь өрхийнх нь хувьд их зүйл биш. Их урлагийн амьд бурхан болсон Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын ерөнхий найруулагч Луузангийн Гомбосүрэнгийн өмнө үүнээс илүү ихийг хийх өргөн саруул зам, өнө мөнхийн бүтээлүүд ээлжээ хүлээн тосон зурайнам.

Д.Улаанаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж