
Энэ хичээлийн жилд аймгийн МСҮТ-үүдэд 1535 сурагч элсэн суралцаж, нийтийн хоол, нарийн боов, оёдолчин, автомашин,трактор, фермер, нарийн мужаан, эсгий урлал, барилгын өргөн мэргэжил, цахилгаанчин, компьютер засвар зэрэг мэргэжлээр суралцаж байна. Суралцагчдын дадлагын орчин сайжирч, нэг лаборатори, 41 дадлагын ажлын өрөө ажиллаж байгаагаас гадна Мандал сумын МСҮТ-д “Бороо гоулд” ХХК-ын 4.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилгын сантехникийн иж бүрэн засвар, орон нутгийн төсвийн 9.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гаднах тохижилт хийгдсэн байна. Мөн БНСАУ-ын И-сон мужийн 47.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гурван хүлэмж шинээр байгуулж, газар тариалан, фермерийн мэргэжлийн ангийн оюутнууд дадлага ажил хийх боломж бүрджээ.