
Вируст гепапит А өвчин Улаанбаатар хот, Хэнтий, Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай, Дархан-Уул, Хөвсгөл аймагт голомтлон гарч байна. Говь-Алтай аймагт энэ өвчний 384 тохиолдол бүртгэгдсэний 272 нь өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 13-ны хооронд гарсан байна.
Иймээс Эрүүл мэндийн яамны мэргэжлийн эмч нарын баг Говь-Алтай аймагт ажиллан тандалт судалгаа хийж, арга хэмжээ авсны дүнд өдөрт 9-11 бүртгэгдэж байсан өвчлөл 4-5 болж буурчээ. Аймгийн төв, Дарви, Тонхил суманд өвчин голомтлон гарч аймгийн төвийн долоон цэцэрлэг, таван сургуулийн 154 хүүхэд өвчилсөн байна. Усны хүрэлцээ муу, усан хангамжийн системийг ариутгадаг төхөөрөмж 2008 оноос хойш ажиллаагүй, усан хангамжийн 9 эх булгийн 55,5 хувьд нь гэдэсний бүлгийг эмгэгтөрөгч нян илэрч бохирдсон, эх булаг хамгаалалтын бүс байхгүй зэрэг олон шалтгаанаас болж өвчин дэгдсэн гэж эмч нар үзэж байна.
Цаашид Говь-Алтай аймгийн төвийн 13-24 сартай хүүхдийг А вируст гепатитын эсрэг вакцинаар 12 дугаар сард дархлаажуулах, аймгийн төвийн цэвэр, бохир усны хангамжийг цогцоор нь шийдэх, хүүхдийн байгууллагын ариутгал, халдваргүйтгэлийн материалын хангамжийг сайжруулах, шаардагдах хөрөнгийг төсөвт тогтмол тусгаж байх, халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн нэгж, алба байгуулах, орчны ариун цэврийн бохирдлыг арилгаж, их цэвэрлэгээг тогтмолжуулах шаардлагатай гэж мэргэжлийн баг үзжээ.