
Амьдралын бүх зовлон, шаналлыг мартах цорын ганц арга зам нь тэдний хувьд секс. Жүжигт дэлхийн алдарт, арвин их туршлагатай сэтгэл судлаач, сексологич хижээл насны нэгэн эрэгтэй, амьдралаас залхаж, аз жаргал, эрх чөлөөг эрэлхийлэгч зураач эмэгтэй, романтик сэтгэлгээтэй, амьдрал дээр огт секс хийж үзээгүй ч сексийг байнга хүсэмжилдэг, төсөөллөөрөө ургуулан бодож, мэдрэхийг хүсдэг дур булаам залуухан бүсгүй, оюунлаг, үргэлжийн мөнхөд номтой нөхөрлөсөөр секс гэж хэлэхээс ч ичингүйрдэг даруухан залуу нарын амьдрал, мөн тэднийг холбож буй сексийн хүсэл тачаалын тухай өгүүлнэ. Эхэндээ энэхүү сэтгэл зүйн драмын жүжгийг ойлгоход ч бэрх. Тэд сексийг хэт их хүсээд байгаа мэт ч хоорондоо үл ойлголцон нэг нэгнээ үгүйсгэнэ. Тэдний хувьд уйтгар гунигт автсан үргэлжилсэн үгийн зохиол мэт урсан өнгөрөх амьдралын хэв маягаас зугтах цорын ганц гарц нь секс. Тиймдээ ч энэ сэдвийн дор тэд нэгдэнэ. Ямар солиотой хүмүүс гэхээрээ ийм байдаг байна аа ч гэж бодогдохоор.

Тайзны гэрэл ассан цагаас л жүжгийн өрнөл үзэгчдийг солиорлын байдалд оруулсан. Тэд зөвхөн сексийн тухай ярьж, сексийг хайж, секс рүү тэмүүлдэг. Жүжгийн дундуур үзэгчид танхимыг орхин гарч байсан ч жүжгийн бүх зангилаа төгсгөл хэсэгт тайлагдах учиртай байж. Сувилагчийн хувцастай эмэгтэй тайзан дээр гарч ирэхэд л “Тийм байж. Галзуугийн эмнэлэг” гэж өөрийн эрхгүй дуу алдахад хүрсэн. Үнэхээр ч зөвхөн сексийн тухай ярьж, мөрөөдөж, хүсэмжилж, сексээр дамжуулан эрх чөлөө, бие даасан байдлыг олж авахаар эрмэлзэж байсан тэдгээр дөрвөн залуу сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөнүүд байсан юм.