Оюутолгойд дагуул хот босохгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Оюутолгойд дагуул хот босохгүй

Уурхай дагаж хөгжсөн олон хот дэлхийд бий. Манайд ч Эрдэнэт, Бор-Өндөр, Дархан гэхчилэн хотуудыг уул уурхайн ашиглалтыг дагалдуулан үүсгэн байгуулж, хөгжүүлж ирсэн түүхтэй. Харин Монгол Улсын хөгжлийн итгэл найдвар болон хүлээлт үүсгээд байгаа Оюутолгойн орд газрыг дагасан шинэ хотыг байгуулахгүй гэдгийг тус компанийнхан албан ёсоор мэдэгдлээ. Сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач, зурагчингуудаас багаа бүрдүүлсэн “Сэтгүүлчдийн аялал” маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр Оюутолгойн орд газарт өрнөж буй хайгуул, бүтээн байгуулалтын ажилтай танилцаад ирлээ. Дал гаруй хүнтэй аяллын багийн гол зорилго Оюутолгойн өнөөгийн байдал, тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн ахуй амьдралын нөхцөл, цалин хөлс хийгээд ойролцоох сумдад хийсэн хөрөнгө оруулалт, тус дэм ямар байгаатай газар дээр нь танилцах явдал байсан юм. Сэтгүүлчдийн аяллыг “Жи энтертайнмент” зохион байгуулж, “ТВ коктейль”-ийнхон хамтдаа аялсан юм. Аяллын багийн зорьсон газар нийслэлээс 680 км-ийн алсад оршдог бөгөөд “Жуулчин” компанийн жолооч нар талдаа хорь гаруй цаг амралтгүй зүтгэн байж сэтгүүлчдийг зорьсон газарт нь хүргэсэн. 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа боловч төслийн ажил тэртээх 1997 оны дөрөвдүгээр сард эхэлж байжээ. Харин хайгуул уг оныхоо есдүгээр сараас эхэлсэн гэнэ. Түүнээс хойш “Айвенхоу майнз” гэх нэр монголчуудад танил болсон байна. Одоо бол компанийн нэр “Оюутолгой ХХК” болон өөрчлөгдсөн. Тус компани юуны учир нэрээ сольсон хийгээд Техник эдийн засгийн үндэслэлд хоёр хувийн роялти нэмэх болсон шалтгаан зэрэг олон асуулт хариугаа авч чадалгүй Улаанбаатарт буцан ирсэн. Оюутолгойнхон одоо ч хайгуулын ажлаа үргэлжлүүлсээр, дээжийг нь хадгалсаар байна. Анхны дээжээс хойш өдгөөг хүртэл хадгалсан дээжийг нь цувуулж нийлүүлбээс Улаанбаатараас Ховд хот орох хэмжээтэй буюу 850 км хүрэхээр их хэмжээний дээж авч судлан шинжлээд байгаа ажээ. Одоогоор нөөцөөрөө Оюутолгойн өмнө ганцхан орд бүртгэгдсэн нь Грасберг гэнэ. Арвин баян нөөцтэй энэхүү орд өгөөжөө өгч, цөөхөн монгол зоны амьдрал сэргэнэ гэж бид бүгдээрээ хүсэн хүлээж байгаа. Зургаан жилийн турш хүлээсэн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаар хонгилын үзүүрийн гэрэл тодорсон ч гэж болно. Гэтэл иргэний хөдөлгөөнийхөн болоод туршлагатай эдийн засагч нар хөрөнгө оруулалтын гэрээнд эргэж харууштай зүйл олон байгааг сануулсаар байгаа. Эргэлзээ тээнэгэлзэл төрүүлээд байгаа асуудлын нэгд эхэнд өгүүлсэн дагуул хот орохыг ч үгүйсгэхгүй юм. Оюутолгой хэмээх сайхан хот удахгүй сүндэрлэх болов уу гэсэн хүлээлтийн хариуд “Ордыг 150-200-хан жил л ашиглана. Тиймээс дагуул хот босгохгүй. Уурхай дагасан хотуудын хувьд ашиглалтын хугацаа дууссанаас хойш оршин суугчдынх нь ахуй амьдрал хаягддаг тал бий” хэмээн тайлбарлаж байна. Харин уурхайгаас 40 орчим км-ийн алсад байрлах Ханбогд сумыг хөгжүүлэн хот босгохоор төлөвлөөд байгаа гэнэ. Тус сум 3200 орчим хүн амтай, жар орчим хувь нь хүүхэд залуучууд. Гэтэл Оюутолгойд зуу орчим залуусыг л ажилд авчээ. Ажиллагсдын олонх нь үйлчилгээний болон туслахын ажилд томилогддогоос цалин хөлс нь бидний төсөөлж очсоноос хамаагүй бага. Сумын төвийн тухайд ч эл хульхан. Гадаад дотоодын олон арван зочдын хөлд дарагдсаар байгаад барагтай хүмүүсийг ирсэн чинээ тоодоггүй ажээ. “Одоогоор төсөл эхлэл төдий байгаа болохоор та бүхэнд чамлангүй санагдаж болох юм. Таван жилийн дараа ирээд хараарай” гэсэн урилгаар Оюутолгой төслийн дэд ерөнхийлөгч биднийг үдсэн дээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж