УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-Засгийн газар хооронд байгуулсан Монголын Ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих төслийн зээлийн болон санхүүжилтийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр Монгол Улс тус улсаас 4.8 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай зээлнэ. Жилийн хүү нь 0.75 хувь. Уг хөрөнгийг Монголын ипотекийн корпорациар дамжуулж, иргэдэд зээлдүүлнэ. Ингэхдээ бага, дунд орлоготой иргэдийг орон сууцтай болоход нь зориулж олгох юм. Мөн гэр хорооллын иргэдийг амьдрах сууцаа сайжруулахад нь зориулж олгох зорилготой. Энэхүү зээлийн хэлэлцээрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.
Г.Дарь