Сонгуулиар ашигладаг “Хүүхэлдэй”-нүүд амь оров

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Сонгуулиар ашигладаг “Хүүхэлдэй”-нүүд амь оров

АН-ын анхан   шатны   бай­гууллагын гишүүд өөрсдийгөө “Сонгуулий үеэр ашиглаад хаядаг утсан хүүхэлдэй” гэж нэрлэсэн юм. Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргийн АН-ын үүр, хэсгийн хорооны дарга нар өчигдөр цуглаж намынхаа дотоод асуудлыг ярилцлаа. Тэднийг “Ардчилсан намаа сэрээх” клуб, “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөн, “Хүрээ дугуйлан” залуучуудын байгууллагынхан “Шинэчлэлийн индэр” хэлэлцүүлэгт урьжээ. Хэлэлцүүлгийн зочид өөрсдийгөө “Хэзээ ч намаасаа урвахгүй. Мөнгөөр үзэл баримтлалаа худалдахгүй” гэж тодорхойлов. Харин намынхаа удирдлагуудыг хэрхэн дүгнэснийг хүргэе. “Анхан шатны байгууллагын гишүүд УИХ-ын сонгуулиар намаасаа нэр дэвшигчийг ялуулахын тулд хөлөө цуцтал гүйдэг. Үүнийхээ төлөө намаасаа хорооны дарга ч юм уу, цалинтай ажил хүсдэг нь нууц биш. Ер нь бид намынхаа төлөө зүтгэсээр насны эцэст тэтгэвэргүй хоцорч байна. Гэтэл сонгуульд ялалт байгуулж төрд гарсан эрхмүүд том жийп хөлөглөөд, нүдний хар шилний цаанаас өөрсдийнх нь төлөө ажилласан анхан шатны байгууллагын гишүүдээ танихаа больчихдог. Бүр Ардын намын гишүүнийг хорооны Засаг дарга болгох тохироо хийчихсэн байдаг” гэж ахмад гишүүн гомдоллов. Мөн “МАХН нэрээ солиод ирэх сонгуульд ялах “бантан”-гаа хутгаж байна. Гэтэл Н.Алтанхуяг Ардын намын өвөрт орчихоод чацарганы мод яриад явж байгаа нь АН үгүй болсныг харуулж байна. Ер нь АН гэж алга. Харин баячуудын бүлэглэл бий болоод удаж байна. Тиймээс анхан шатны байгууллагын гишүүд дахин хувьсгал хийж АН-аа сэрээмээр байна” гэсэн санал ч гарч байлаа. Тэдний үзэж байгаагаар баасан гарагт болох ҮЗХ-ны хурлаар намын шинэчлэл яригдах найдвар байхгүй аж. Учир нь ҮЗХ-ны гишүүдийн олонхи нь намын лидрүүдийн үгийг дагадаг. Тиймээс ҮЗХ-ны дараа яах вэ гэдгээ тохиролцох хэрэгтэй гэдэгт санал нийлж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид ийн ярьж байгааг зохион байгуулагчид анзаарахгүй байсан нь эгдүүг нь хүргэлээ. “Бид энд зовлонгоо ярьж байна. Гэтэл тэмдэглэж авч байгаа хүн алга. Тиймээс бидний үг хэнд ч хүрэхгүй гэсэн үг. Зохион байгуулалтгүй ийм ажил хийхээ боль” гэж хэсгийн хорооны дарга нар бухимдахад зохион байгуулагч залуус бужигнан цаас, үзэг, камер танхимд авчирч байгаа харагдав. “Хүрээ дугуйлан” залуучуудын байгууллагын нэгэн гишүүн “Ардын нам залуучуудынхаа үгийг сонсдог. Тиймээс ч залуучуудын байгууллага нь хүчирхэг. Харин АН-д залуучуудын дуу хоолой бага байна. Тиймээс бид залуучуудаа сонсооч гэж уриалж байгаа юм” гэсэн нь дахиад ахмадуудын дургүйг хүргэлээ. Байдал эвгүйтэж байгааг анзаарсан “Ардчилсан намаа сэрээх” клубийн зохицуулагч А.Цэрэнбат “Бид ҮЗХ-ны хурлаас өмнө ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Харин дараа нь янз бүрийн аргаар үгээ хүргэж болно. Тэр үед та нарын оролцоо чухал байна” гээд хэлэлцүүлэг хаасныг мэдэгдэв. Хэлэлцүүлэгт оролцсон гишүүд ҮЗХ-ны гишүүдэд “Намаа шинэчилж үзэл баримтлалаа тодорхойлох ёстой. Тиймээс АН-ын их хурлыг зарла. Их хурал зарлахгүй бол 2012 оны УИХ-ын сонгуулиар хэсгийн хорооны гишүүд гөжиж чадна шүү” гэсэн захидлыг хүргүүлэхээр болов. Тэднийг зохион байгуулагчид дэмжиж ”Яг одоо ч өөрсдйинхөө сонгосон ҮЗХ-ны гишүүнд мессеж бичиж болно” гэснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж