Лейтон, Макмахоны нэгдэл хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Лейтон, Макмахоны нэгдэл хэрэгтэй

Б.Цогтгэрэл: Авлига дагуулсан Лейтон, Макмахоны нэгдэл Тавантолгойд хэрэгтэй

Коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд тэргүүлж буй Тавантолгойн орд 6.4 тэрбум тонн нөөцтэй. Үүнийг Монгол Улсын ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоотой гэж олон улсын эдийн засагч, эрдэмтэд үзсэн. Гэтэл сүүлийн үед энэхүү ордод үйл ажиллагаа явуулах оператор компанийн сонгон шалгаруулалт олны хэл ам таталж буй. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч хангалттай мэдээлж байгаа бөгөөд иргэн Б.Цогтгэрэл хэвлэл мэдээллийнхэнд хандаж дараах ярилцлагыг өгсөн юм.

-Тавантолгойн ордод ажиллах компанийг шалгаруулах ажил будилаантай байна гэж үзэж байгаа гэлээ. Ямар учраас ийм дүгнэлтэд хүрэв?

-Шалгаруулалтад Германы “BBM”, “Macmahon”, Австралийн “Leighton Holdings” гэсэн гурван компани үлдсэн.

 Гэтэл гурвуулаа өрсөлдөөд буй мэт харагдаж байгаа ч, үнэн хэрэгтээ шалгаруулалтад хоёр л компани үлдсэн. Үүнийг бодит жишээгээр тайлбар­лая. Одоогоос жил гаруй хугацааны өмнө буюу 2009 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Macmahon” болон “Leighton Holdings” хамтран “Macmahon Leighton Joint Venture” хэмээх компани байгуулснаа Сид­нейн хөрөнгийн биржид албан ёсоор зарласан юм. Эдгээр компани анх Австралид хөрөнгө оруулалт хийхийн тулд хамтарч байж. Үүнээс харахад манай улсын ирээдүйн чиг хандлагын гол тулгуур хэмээн үздэг Тавантолгойн ордод ажиллах хө­рөн­гө оруулагчийг шалгаруулахад гурван компани шалгарч үлдсэн мэт харагдаж байгаа ч, хоёр нь аль хэдийнэ хамтарсан компани байгуулаад, олон улсын зах зээлд хувь­цаагаа гаргаад амжчихжээ. Тэгэхээр аль ч өнцгөөс нь харахад “баг” зүүсэн луйварчдын шударга бус үйл ажиллагаа гэдэг нь илэрхий байна.

-Та үүнийгээ баримттайгаар тайлбарлаж чадах уу?

-“Leighton Holdings” ХК “Macmahon”ХК-ийн 19 хувийг эзэмшдэг. Хэдийгээр энэ нь бага хувь мэт байгаа ч, үүний дараагийн эзэмшигчийн мэдэлд ердөө л дөрвөн хувь нь байдаг. Эдгээрийг нийтэд нь тооцохоор хяналтын багцыг “Leighton Holdings” эзэмшээд байгаа юм. Би бүр тодорхой жишээ дурдъя. Үүнийг www.mljv.com сайтаас харж болно. Энд бичсэнээр, “Macmahon Leighton Joint Venture” компани Австралийн баруун хэсэгт 220 км төмөр зам тавьж байна гэжээ. Энд хамтарсан хөрөнгөөр байгуулж байгаа гэдгийг маш тодорхой бичсэн байна. Мөн гэрээ, баримт бичиг, зураг хөрөг нь бүгд бий.

-Хэрвээ энэ хоёрын аль нэг нь ялбал яах вэ?

-Улс орон хөгжиж дэвшихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь зүйн хэрэг. Гэхдээ үүнийг зөв зүйтэй, үндэснийхээ аюулгүй байдал, тусгаар тогтнолын талаас нь сайтар нарийвчлан  тооцож байж хийх ёстой. Одоогийн байдлаар “Leighton Holdings” ХК-ий үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжид заасан хэр хэмжээнээсээ хэтэрсэн гэхэд болно. Хамгийн энгийн жишээ гэвэл тэд “Энержи Ресурс” компанид хөрөнгө оруулалт хийгээд, дэд бүтцийн зохион байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэхийн зэрэгцээ уурхайн стандарт зэрэг бүхий л ажлыг нь хийж байна. Хөшөөтийн уурхайд ч мөн ялгаагүй “Leighton Holdings” ХК хамаг ажлыг нь амжуулж байгаа. Эдгээр хөрөнгө оруулалтын дүнг нэгтгэхэд Монгол Улсын ДНБ-ий тал хувьтай тэнцэх хэмжээнд байгаа юм. Өнөөгийн байдлаар манай орны ДНБ-ий хэмжээ хоёр тэрбум орчим ам.доллар. Гэтэл тус компани өдгөө манай уул уурхайн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийчихээд байна. Хэрэв Тавантолгойн оператор компанийн сонгон шалгаруулалтад “Macmahon”, “Leighton Holdings”-ын аль нэг нь ялалт байгуулбал хөрөнгө оруулалтын хэмжээ нь манай ДНБ-ий хэмжээтэй тэнцэн, улмаар 30 жил тасралтгүй ажиллах эрхтэй болно гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсын валютын эргэлт, хөрөнгө оруулалтын урсгалыг хянах  боломжгүй болно. Энэ нь эдийн засгийн хувьд төдийгүй Үндэсний аюулгүй байдалд хор хохирол үзүүлэхүйц нөлөөтэй. Учир нь гадны аль нэг компаниас ДНБ-ээс давсан их хөрөнгө оруулалт авбал ашиг сонирхлын асар том зөрчил үүсдэг жамтай. Уул уурхайн томоохон компаниудын хийж заншсан гэж болохоор нэг үйл ажиллагаа бий. Энэ нь одоо Ирак, Афганистан, Дундад Азийн орнууд, Африкийн орнуудад түгээмэл бөгөөд “Хөрөнгө оруулалт, хамгаалалтын гэрээ” юм. Тиймээс энэ хоёрын аль нэг нь ялбал Хятадын хамгаалалтын алба, эсвэл Австралийн зэвсэгт хүчин манайх руу орж ирнэ гэсэн үг. “Leighton Holdings”-ын үйл ажиллагааны цар хүрээ асар өргөн. Тус компаний Азид ажилладаг салбарыг “Leighton Asia” гэдэг. Тэгэхээр ТУЗ-д нь хятадууд томоохон байр суурь эзэлдэг.

-Энэ гэрээ нь ямар учиртай юм бэ?

-Элдвийн халдлага, бослого, үймээн зэргээс хөрөнгө оруулагч өөрийгөө хамгаалахын тулд ийм гэрээ хийдэг. Нэг үгээр хэлбэл эзэмшлийн газарт нь хэн нэгэн нэвтрэх, ойртохыг хориглож, бүр болохгүй бол буудах ч юм уу, товчхондоо тэнд зөвхөн тэдний хууль л үйлчилнэ. Ийм аргаар хамгаалалт тавьдаг. Энэ бол маш аюултай асуудал. Тус компанийн Ази дахь үйл ажиллагааг хятадууд явуулдаг. Гэтэл Хятад улс хөрш орнуудын уул уурхайг гартаа оруулах бодлого баримталж байгаа. Тавантолгойд оператор компани орно гэдэг нь нийт Тавантолгойн лицензтэй талбайн хоёрны нэгийг хяналтандаа байлгана гэсэн үг. Тэгэхээр энэ бүхэн “Leighton Holdings”-ын “хуулиар” хийгдэнэ. Улмаар энэ үйл ажиллагаа 30-40 жил Монголын өмнөд хэсгийн хамгийн том нүүрсний уурхайнуудаар нэг л хэмээр үргэлжилнэ.

-Эдгээр компани зарим нэг ажилд хамтардаг байж болно. Энэ нь яг бүрэн нэгдэж, нэг тамгатай болсон гэсэн үг мөн гэж үү?

-Тэгж хэлж болно. Учир нь “Leighton Holdings” ХК, “Macmahon” ХК-ийн хяналтын багцыг эзэмшдэг гэж би дээр хэлсэн. Тэгэхээр нэг нь нөгөөгөө удирддаг гэсэн үг.

-Таны бодлоор дээрх хоёр компанийг чухам ямар шалгуураар сонгож үлдээсэн гэж бодож байна?

-Энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч шалгаруулалт байлаа гэсэн эцсийн шатанд тунаж үлдсэн гурван компанийн хоёр нь хамтарсан гэдгийг хамаараагүй нь хачирхалтай. Нөгөөтэйгүүр “Leighton Holdings” ХК бол манайд аль хэдийнэ хөрөнгө оруулаад эхэлчихсэн. “Энержи ресурс”, Хөшөөтөд үйл ажиллагаа явуулсаар байтал үлдээсэн. Тиймээс би “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбишийг авлига авсан байж болзошгүй гэж хардаж байна. Энэ хүн шалгаруулалтад тунаж үлдсэн гурвын хоёр нь “нэгдсэн” гэдгийг мэдэх л учиртай. Учир нь хувьцаат компаниудын үйл ажиллагааны бүхий л нарийн ширийн зүйлс, гишүүд, ТУЗ, санхүүгийн асуудал бүрэн нээлттэй байдаг. Тэгэхээр шалгаруулалт хийж буй эрхмүүд компаниудын түүх, ядаж сүүлийн таван жилийн гэрээ, тайлан тооцоотой танилцсан байх ёстой.

Ярилцсан  Г.Амартүвшин

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж