Гурван нүүдлийн цаадхыг харах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Гурван нүүдлийн цаадхыг харах хэрэгтэй

Ардчилсан намын “Ээлжит бус их хурал” хөдөлгөөний зохицуулах зөвлөлийн гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.

-Ардчилсан намын ээлжит бус их хурлыг зайлшгүй хуралдуулах шаардлагатай гэсэн үндэслэл нь тодорхой бус байна гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?

-Ардчилсан нам их хурлаараа зорилгоо тодорхой болгох ёстой байна. Өдөр ирэх тусам бүдгэрч, уусан алга болж буй үзэл баримтлалаа тодотгох хэрэгтэй байна. Өнгөрсөн 20 жилийнхээ үйл хэргийг дүгнэж,  ирээдүйн 20 жилийнхээ зорилтыг тодорхойлох шаардлага тулгарлаа. Монголчууд өөрсдөө хөдөлмөрөөрөө мөнгө олдог, амьдардаг байх хэрэгтэй. Гэвч тийм боломж нь бүрдээгүй учраас хүмүүс ядуу тарчиг амьдарч байгаа шүү дээ. Эрх баригчид үүнийг нь олз болгон ашиглаж, тэдний сэтгэл зүйгээр тоглож, бэлэн мөнгө амлан 21000 төгрөгөөр хуурч өнөө маргаашийг торгоож байна шүү дээ. Гэтэл Ардчилсан намын анхнаасаа ийм үзэл баримтлалтай байгаагүй.  Гэвч одоо МАН-тай уусан нэгдэж, ийм бодлогыг дэмжээд, хэрэгжүүлээд явж байгаа нь харамсалтай байна. Тиймээс их хурлаа хуралдуулж энэ бүхнээс эргэн харах ёстой. Улс орны өмнө хүлээсэн үүргээ хүлээх хэрэгтэй байна.

-Ард түмэнд бэлэн мөнгө өгөхгүй гэсэн шийдвэрийг Ардчилсан нам гаргах ёстой гэх гээд байна уу?

-Тийм.  Төрөөс хувийн хэвшлийнхнийг дэмжих ёстой. Үүнд суурилсан бодлого явуулмаар байна. Ардчилсан нам үүний төлөө ажиллаж, үзэл бодлоо уралдуулъя. Тэгээд их хурлаараа 2012 оны сонгуулиар Ардчилсан нам бэлэн мөнгөний амлалт өгөхгүй гэсэн тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй байна. Харин ард түмэнд ажлын байр бий болгож өгье, өөрсдөөр нь хөдөлмөрлүүлж мөнгө олуулъя тэгээд өндөр цалин өгдөг байя л даа. Энэ системийг бүрдүүлэхийн төлөө Ардчилсан нам ажиллая гэсэн юм. Үүнийгээ их хурлаар ярья гэж манай хөдөлгөөнийхөн үзэж байгаа юм. Иргэдээ төрөөс хамааралгүй амьдарч чаддаг тэр хөгжлийн бодлогыг Ардчилсан нам тодорхойлох ёстой.

-Уг нь Ардчилсан намын үзэл баримтлал ийм л байгаа биз дээ?

-Сүүлийн хоёр жилд намын үзэл баримтлалын асуудал яригдахаа болиод бараг мартагналаа. Уг нь улс төрийн нам бол гишүүд, сонгогчдынхоо оюун санааны орон зайд оршдог.Баримталж байгаа үзэл баримтлалаараа тэдний итгэл үнэмшлийг төрүүлнэ шүү дээ. Гэвч манай нам үнэ цэнэтэй зүйлээ хамгаалж чадахгүй байна. Үзэл баримтлал нь улам бүдгэрээд байна л даа.

-МАН-д уусан алга болоод байна гэж үү?

-Хүмүүсийн оюун санаанаас Ардчилсан нам арчигдах гээд байна. МАХН ардчилсан үзлийн талаар сүүлийн хэдэн сар ярилаа. Өнгөрсөн 20 жилд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө хамгийн их үүрэг гүйцэтгэсэн мэтээр ярьж цээжээ дэлдлээ. Энэ нь Ардчислан намын орон зайг нийгмээс түрээд байна шүү дээ. Тэд Монгол Улсад эзлэх Ардчилсан намын орон зайг нь эзлээд эхэллээ. Тэгэхээр манай нам анхнаасаа баримталж ирсэн үзэл баримтлалынхааүнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй болжээ. МАН шилжилтийн үе дууслаа. Хөгжлийн үе эхэллээ хэмээн мэдэмхийрээд байна. Үүнийг зөвхөн МАН тодорхойлчихдог юм биш. Үнэндээ Монголд эдийн засгийн өөрчлөлтүүдийг Ардчилсан нам хийсэн. Засгийн эрхийг дангаараа барьсан дөрвөн жилийн хугацаанд банкны системийг шинэчлэхээс эхлээд олон реформуудыг хийсэн шүү дээ.  МАХН эрх барьснаасаа хойш л саармагжуулчихсан болохоос. Тиймээс шилжилтийн үе дууслаа гэж хашгирах хэрэггүй. Ардчилсан намд энэ улс орны хөгжилд оруулсан хувь нэмэр, хийсэн бүтээсэн зүйл олон байгаа.

-Тэгэхээр одоо яах ёстой вэ?

-Эрүүл мэнд, боловсролын салбарт өөрчлөлт хэрэгтэй байна. Хувийн хэвшилд суурилагдсан нийгмийн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх ажил ч удаашралтай байна. Үүнийг ардчилсан нам тодорхойлох ёстой. Ардчилсан нам хариуцлагатай улс төр хийх шаардлагатай байна.Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн үг байдаг даа. Тэгэхээр Ардчилсан нам Их хурлаа хийгээд халуун бүлээрээ хуралдаад ярих шаардлага бий.

-Хамтарсан Засгийн газрын гэрээний биелэлтийг ярих хэрэгтэй гэж үзэж байгаа юу?

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсон нь мөн чанарт нь муугаарнөлөөлөөд байна. Яагаад гэхээр намынхаа үзэл баримтлал дээр тууштай зогсч чадахгүй болсон. Яалт ч үгүй өөрсдөө Засгийн газарт орж ажиллаж байгаа учраас   гаргаж байгаа буруу шийдвэрийг нь шүүмжилж чадахгүй байна. Тийм учраас намынхаа үзэл баримтлалтай зөрчилдсөн шийдвэрийг дэмжээд явж байна шүү дээ. Энэ нь намын удирдлага, жирийн гишүүдийн хооронд ан цав үүсгээд байгаа юм. Жирийн гишүүд нь намынхаа үзэл баримтлалыг  гол болгоод байдаг, харин  удирлагууд нь эрх баригчдын амыг харж суугаа учраас яаж ч чаддаггүй. Ингээд зөрчил гараад байна л даа.С.Баяр ичих ч үгүй өрөг дээр цэнхэр ноён тавичихаад хоёр нүүдлийн цаадахыг харж бэрс гаргачих санаатай хүү түлхэж сууна. Бэрс гарчихвал ноёноо улаанаар будчихаа ч мартаагүй биз. Бид ядаж гурван нүүдлийн цаадахыг харж чадахгүй бол гарцаагүй хожигдоно. Бид хожих ёстой. Бүр сонирхогчийн нүдээр өргийг дахин харсан ч бидний шаардлага цаг үеэ олсон л зүйл.

-Тэгэхээр үүнийг цэгцлэх ганц арга нь Ардчилсан нам хамтарсан засгаас гарах гэж үү?

-Ер нь бол тийм. Гэхдээ уян хатан хандах хэрэгтэй л дээ. Ямар ч байсан их хурлаараа хамтарсан засгийн гэрээний биелэлтийг хэлэлцэх ёстой. Тэгээд ардчиллын зарчмаар олонхиороо асуудлаа яриад зөв буруугаа тунгаах хэрэгтэй. Олонхи хамтарсан засгийг сайн ажиллаж байгаа гэж үзвэл тэр л биз. Муу ажилласан гэж үзвэл манай нам хамтарсан засгаас гарах л ёстой. Үүнийг л манай хөдөлгөөнийхөн шаардаад байгаа юм шүү дээ.

-Их хурлаар ингэж шийдэх шаардлагатай өөр ямар асуудал байгаа юм?

-Манай намын боловсон хүчний бодлого алдагдчихаад байна.Үүнийг их хурлаар ярих хэрэгтэй.Ардчилсан намын үйл ажиллагааг сайжруулъя, ташуур өгье гэвэл залуу боловсон хүчнээр цус сэлбэх хэрэгтэй. Харамсалтай нь Ардчилсан нам залуучуудаа танихгүй гэж байна. Асуудлыг нь эрүүлээр хараад гарч ирсэн залуусаа “Энэ  хэн бэ. Хэний хүн бэ. Танихгүй юм байна.Албан тушаал горилж байгаа биз” хэмээн хардаж, сэрдэж, дарамталж байна. Тэгэхээр Их хурлаар боловсон хүчний асуудлыг ярихаас өөр гарц алга. Ардчилсан намд мэдлэг чадвараараа хэнээс ч дутахааргүй, өндөр боловсролтой залуус байна. Гэвч хэн нэгэн дарга, эрх мэдэлтний наагуур цаагуур гүйж, цүнхийг нь барин, машиных нь хаалгыг онгойлгож гүйсэн залуу мэдлэггүй, чадваргүй ч байсан хамаагүй улс төрд ахидаг бол тэд хэзээ ч тэргүүн эгнээнд гарч чадахгүй. Тэдэнд машины хаалга онгойлож өгөхөөс өөр хийх ажил их байдаг юм.

-Ардчилсан намын анхан шатаа сонсох аяныг хэр үр дүнтэй болсон гэж бодож байна?

-Ардчилсан нам анхан шатаа сонсоё аян зохион байгуулсан. Одоо ҮЗХ-ны хурлаар үр дүнг нь хэлэлцэе гэж байх шиг байна. Хаана хэнийг сонсохыг хүссэнийг нь ойлгохгүй байна. Сонсохыг хүссэнээ л сонсдог юм бол фанатуудаа сонсох аян гэж нэрлэхгүй яасан юм. Эсвэл биднийг анхан шатны гишүүн биш гэж үзээд байгаа юм уу. Намын удирдлага бол өөртөө таалагддаг дуу захиалдаг хүндэт зочин биш гэдгийг өнөөгийн намын удирдлага ойлгох цаг нь болсон. Өнөөдөр Ардчилсан намын анхан шатны байгууллага хаана байна, түүгээр дамжуулан гишүүд дэмжигчиддээ чиглэгдсэн юм юу хийж байна. Анхан шатны байгууллага намын шийдвэрт ямар нөлөө үзүүлж байна. Аль анхан шатны байгууллага хамтарсан засгийн газрыг дэмжих байгаа юм. Эдгээр асуултууд бидний өмнө байгаа гол асуултууд. Энэнд их хурал хариулах ёстой. Анхан шатны байгууллага бол сонгуульд ашиглаад хаядаг нэг удаагийн хэрэглээний сальфетка биш.

-МАН шиг залуучуудаа шууд дээш нь гаргаж, өргөх ёстой гэж үү?

-Тэр бол зөв шийдэл биш шүү дээ. Залуу хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлэх арга биш. Залуу хүмүүс өөрсдөө чадлаараа гарч ирэх ёстойхарин замыг нь хааж боох бол өөр асуудал.

-Их хурлаар яригдах ёстой өөр нэг зүйл нь  яалт ч үгүй намын даргын асуудал ч байх аа, мөн үү?

-Мөн л дөө. Гэхдээ энэ нь намын үзэл баримтлалаа сэргээх, үйл ажиллагаагаа сайжруулах, улс орны өмнө хүлээх үүргээ ухамсарлаж, хийх зүйлээ тодорхой болгохын дэргэд бол тийм ч анхаарал татсан ажил биш. Манай нам их хурлаараа ажил ярих ёстой байна. Улс орныг яаж хөгжүүлэх бодлогоо одоо яримаар байна. Өрсөлдөгч нам нь энэ тухай аль хэдийнэ яриад шийдээд, хэсэгтээ шоудчихлаа шүү дээ. Бид яагаад чимээгүй суух ёстой юм. Түүнээс биш намын даргаар хэнийг ч сонгож болно. Тэр чухал биш. Үнэхээр намыг зангидаж, үйл ажиллагааг нь сайжруулж байвал хэн дарга нь байх нь хамаагүй. Одоогийн намын дарга ч ажлаа үргэлжлүүлээд, баталгаажаад явж болно. Өөр хүн ч сонгогдож болно. Намын даргад нэрээ дэвшүүлнэ гэсэн олон хүн бий шүү дээ. Хамгийн гол нь үүний их хурлаараа олонхиороо ярилцаж шийдвэрлэх нь чухал. Манай хөдөлгөөнийхөн намын дарга хэн байх гэдэгт ач холбогдол өгөөгүй. Гол нь Ардчилсан нам улс орны өмнө үүрэх ачаагаа үүрч, ажлаа хийх цаг нь болсон гэдгийг сануулж, их хурлаа хуралдуулъя гээд байгаа юм. Гэвч намын удирдлагууд санал санаачилгыг хүлээж авахгүй байгаа нь асуудлыг хурцатгаж намын дотоод эв нэгдэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байдлыг бий болгож байна.

Д.Цэцэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж